Friday, June 19, 2020

“БОГД ОЧИРВААНИЙН ГОРОО-2020” АЯЛАЛД ТӨРСӨН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАХУЙ...

Оршил болгон өгүүлэх нь:
Монгол оронд ДЭЭДИЙН НОМ гурвантаа дэлгэрч, Монгол хүний амьдрал үйл хэрэг, ахуй соёл, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэн, Монголын гэх өнгө аястайгаар түмний тусад түгсэн байдаг. Ийн явцад Их Хаадаа “Чакравардын хаад” буюу “Хүрдэн эргүүлэгч” хаад хэмээн нэрийдэж, тэднийг аугаа их хүч чадал, сүр хүчний бэлгэдэл болох Очирваань бурхны хувилсан дүр хэмээн номын түүхнээ тэмдэглэж иржээ.
Харин Очирваань бурхны орших орон нь Отгонтэнгэр хайрхан болой. Ийн Отгонтэнгэр хайрхныг “Хамаг Монгол Даяарын шүтээн” хэмээн сүслэн дээдэлдгийн учир энэ буюу...
“Отгонтэнгэр” хэмээх нэрийн утгыг түрэг хэлний “Отхан” буюу “Галын хаан, Голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд байх “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээх үгнээс үүдэлтэй хэмээн тайлбарласан байдаг. Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан нь далайн түвшнээс 4031м өргөгдсөн, Завхан аймгийн Алдархаан болон Отгон сумын нутагт оршдог.
Отгонтэнгэр хайрхныг анх VI зууны үеэс тахиж ирсэн гэх бөгөөд 1779 онд сэргээн тахиж байгаад Олноо өргөгдсөний тэргүүн он /1911/-оос эхлэн Бурхны шашны ёсоор тайж тахиж асан агаад түүнээс хойтод ээдрээт цагийн эсэргэн салхиар энэхүү уламжлал тасарсан байна. Ард олны аман хийгээд амьд уламжлалыг 1995 онд сэргээж, төрийн тахилгатай болгосон болно /Төрийн тахилга таван жил тутамд нэг удаа болдог болсон/   
Тодотгол хийж өгүүлэх нь:
Завхан нутгийн уулчид, ууланд аялагчид бээр нэгэн зорилгын дор нэгдэн Отгонтэнгэр хайрхныг тойрон аялах “Богд Очирваанийн гороо” явган аяллыг одоогоос дөрвөн оны өмнө эхлүүлсэн байдаг. “Гороо” гэдэг нь шүтээн, тахилгат орон газрыг тойрон залбирах үйл болно. Гороонд гурван жил дараалан явбал үйл, мөр тэгширнэ хэмээн сэтгэлдээ наминчлах нь ч бий...
Ийн “Богд Очирваанийн гороо” эхлээд гурвантаад гороолсон гороочид маань өнөө жилээс өнжиж, туршлагатай цөөн хэдэн мастеруудын гурав дахь ээлж нь тохиож байв. Ахмадууд маань гороог тасалдуулахгүйн тулд ууланд дурлагч бидний хэдэн нөхдөд итгэл үзүүлж, сэтгэл хүлээлгэн, санал тавьсан болой.
Хаан Жинст хайрхны оройд эцэслэн хэлсэн саналыг, Бид бээр: “Сэтгэл түмэнтээд баясан, алга хавсран мэхийж, мутраа Тэргүүнээс дээш сүмбэрлүүлэн, Итгэл даах-Сэтгэл үүсгэн” хүлээн авсан бөлгөө...
Нэгэн зүйл:
Мастер М.Пүрэвээр удирдуулсан, Мастер, Их багш Б.Түдэв ахлагчтай алс холоос ихэд сэтгэл өвөрлөн зорин тэмүүлж ирсэн болон унаган нутгийн эрхэм ууланд аялагчид Бидний “Хаан тэнгэрийн зарлигтай, Хамаг Монгол даяарын шүтээн, Хангай хааны сувдан сондор, Төрийн их тахилгат, Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан”-аа ГОРООЛОХ 3 шөнө, 3.5 өдрийн аялал ийнхүү эхэлсэн авай...
Үргэлжлүүлэн өгүүлэх нь:
Бидний аялагчид Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Их Богдын голоо өгсөж, Дунд гялаанд хүргэж машинаа байршуулав. Эндээс Горооны явган зам, аялал эхлэв. 11 км орчим замыг туулж эхний цэгт хүрэв. Эхний цэг Ар Бадархундага.
Энд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тухайтад шашин, номын зан үйл үйлдэв. Манай багт Дээдийн номын далайгаас 17 дахь жилдээ суралцаж буй Б.Загдзүсэм ламтан явсан болно. Ламтны хоёр дахь удаагийн гороо бөгөөд түүнийг “Мэргэн Лама” хэмээх бөлгөө...
Аяллын эхлэл болоод ч тэрүү замын саад, намаг, харгиасыг үл ажран Ар Бадархундагат хүрэв. Байгалийн урлан, Далай түмний шүтээн хайрхны өнгө зүс, сүрийг харахуйд сэтгэл хөдлөм, “Гоё, Сайхан” гэх хэллэг багадам байх ажгуу...
Хоёр цаг орчим саатаад бид Ар Бадархундаганы зүүнтэйд харагдах цавчим өндрийг чиглэв. Эхний огцом зам. Нуранги ихтэй, асга хад ч үлэмж их шүү. За даа, Горооны ихэнх зам л ийм байсан даа...
Хүнд зам байсан. Хэдийгээр ядралт бага өгсөн, хүчтэй үедээ зүтгэсэн ч... Заримдаа шантрах бодол төрөх... Зөв л юманд яваа байгаа... Ингэж биеэ зовоох гэж... Тэгснээ! Чи өөрийгөө ялаад зүтгэх ёстой... Тэгж байж л гайхамшгийг мэдэрнэ... гэхчлэн эргэлзээт, ээдрээт бодлууд хөврөх... Их удаан бодож бол ер амжихгүй ээ. Учир нь алхаад эхэлбэл, хөлд эвтэйхэн, аюулгүй газраа л сонгож харах, онож гишгэх нь чухал учраас тэр л дээ. Би ч Алдархааны говийн хүүхэд л дээ. Говийн морь Хангайд ирэхээрээ илтэд номхорч, чулуун дээр мөлхөх шахам л гэлдэрдэгсэн... Түүнийг биеэрээ мэдэрсээн.

Эхний цэгээс таван цаг шахам цавчим өндрөөд авирсаар, мөлхсөөр эхний өдрийн хоноглох цэг Алтан дэвсэг /3133м/-т сая хүрэв. Сэрүүн, хүйтэн талдаа байв. Тэгш, ургаа чулуу багатайг сонгож, майхнаа барив. Аяллын анхны хээрийн хоол, амттай сайхан байв. Халуун хоол идэж, халуун цай ойчсон ч бие нэг л чичрүүдэстэй шүү. Мишиг мастерынхаа захиасын дагуу АЗГЮ-аасаа 50г татав. Дээрдэж байна шүү. Унтахаар аяны хөнжилдөө тухлав. Төд удалгүй хөлийн шөрмөс татав аа... Ингэж ч явах гэж золиг, зүгээр л гэртээ... гэх бодлууд хөвөрч байтал аярав. Дуг хийгээд удаагүй байтал нэг майхны минь нөхрийн шөрмөс татах нь тэр... За нэг иймэрхүү байдал үргэлжилсээр... Бие аяртал дороос чулуу нухах... Нэг мэдэхнээ, аргалаад унтаж орхижээ. Сайхан ч амарсан байна. Өглөөний 05.00 цаг орчим. Хайрхны мөнгөн тэргүүнд нар тусахтай зэрэгцэн цувран босцгоов...
Горооны “ХАМГИЙН”-ууд:
Тэргүүнд онцлох нь Багийн ахлагч, Их Багш Б.Түдэв, түүний охин Т.Золжаргал нар. Ууланд алхахын гайхамшгийг, өөрийгөө ялахын сайхныг үлгэрлэн үзүүлсэн хүн. Буй биеэрээ даган дуурайхуйн үлгэр. Их Багшийн гурав дахь гороо. Ирэх жил дахиад явна аа Залуучуудтайгаа гэсэн шүү. Баярлалаа Багш аа... Жаран насыг илээсэн хүн шүү дээ Залуучууд минь. Найзууд минь...
Манай багийн хамгийн залуу буюу ганц эмэгтэй аялагч. Шөрмөс, гүргэр, дайчин чанар байна аа. “Аавын охин” аргагүй биз дээ. Эрхэм дүүтэй “Зулай цагаан Алтай”-д нэгэн баг болж авирч байлаа. Бас л зүтгээд өгнө шүү дээ.  
Дараагийн удаад онцлох нь Багийн удирдагч Мастер М.Пүрэв, нутгийн туршлагатай, ахмад уулчин П.Баярсайхан нар. Ууланд явахын гайхамшгийг үзүүлнэ дээ. Нүнжиг-Түшиг, Заавар-Аргазүйг үзүүлэн үйлдэгчид. Аюулгүй байдлыг бүрэн хангасан даа тэд маань, Баярлалаа ах нартаа...
Тэнхээт хөвүүн Н.Мөнхбат: Бид дор бүрнээ багагүй ачааг нуруундаа үүрнэ. Өөрсдийн хэрэглэл, дээрээс нь дундын хэрэглэл гээд л... Уг нь анхлан ачаагаа бэлтгэхдээ адаглаад л дундаа нэг шүдний оо-той байхаар тооцож бэлтгэнэ л дээ. Нэг л мэдэхэд ачаа аль хэдүйнээ 20 кг гарчихсан байсан. Хамгийн бага ачааг би үүрсэн. Нуруун талдаа эрүүл мэндийн шалтгаантай байсан. Гэвч өөрийнхөө ачааг бол үүрнэ л дээ. Хамгийн хүнд ачааг үүрсэн нь Мөнхбат. Түүний цүнх нь л 8 кг, гурван хүний майхан 10 кг гээд л явна даа... Хоёр дахь хоногийн үдэш миний оройны гал тогооны ээлж таарав. Тогоочид аль болох өөрсдийн авч яваа хоолны хэрэглэлээр хоолоо хийнэ. Учир нь маргааш ачаа хөнгөрнө. Би ч өөрийн хэрэглэлээр хоолоо хийв. Өөрийн газаар галлах гэтэл өмнөх газ дуусаагүй байв. Өглөө ачаагаа хураатал манай хүн миний газыг цүнхэндээ хийчихсэн байсан. Ачаа хөнгөрөөд л явчихна ш дээ... Ирэх жил Тү багшийгаа ачаа багатай явуулахад голлох, тэнхээт хөвүүн Мөнхбат манай багийн чимэг мөнөөсөө мөн билээ...
Хурдан алхагч, эрүүлийг хамгаалагч Г.Дашдаваа нэгэн чимэг. Хурдан алхахыг нь яана. Урд хэн явна тэр л явна. Ядарсан үед жаахан хууч хөөрөөд зам хороох ч зүгээр л байдаг. Тэр ер хань болохгүй талдаа шүү. Харин эмнэлгийн тусламж хэрэгтэй гэвэл тэр л тус болно. Хэт хурдан алхсанаас болсон байж магад, сүүлийн өдөр андын хөл холгоод барианд орох мөчид сая нэг ард гарсан даа гэж...
Өөрийгөө ялан дийлж, холоос зорин тэмүүлж ирсэн Ховд нутгийн түшигт ах нар болох Д.Бадамрагчаа, П.Гантөмөр, Д.Чойжоо нар хийгээд “Ба бүрний Багш”-ийн сургаалыг баримтлагч Б.Загдзүсэм, Б.Чинзориг болоод Би бээр багийнхаа бас нэгэн чимэг нь байж чадсаан. Шантарсан ч, цуцсан ч... Бид ХААЛТын ёслол дээр ирэх жил энэ бүрэлдэхүүнээрээ эргэж уулзахын Андгай өргөсөөн... Тиймээ бид, багийнхаа “Чимэг нь”, “Хамгийн нь” байцгаасан...
Алив Чи... Босоогоороо...
Өндөр асга, өргөн нуруу, намаг, харгиасыг туулаад ирэхээр ядарна ядарна. Ямар моторт хүлэг биш дээ. Цайлах гээд нуур, урсгал усны дэргэд амрахаар бол илүү хөдөлгөөн бага хийх хамгийн ойрхон зайд амарна. Эхний өдөр, дараагийн өдрийн хагаст ч гайгүй байсан санагдана... Сүүл үеэс амрахаар босоо хүн харагдвал бүгд л зарах гэнэ. Алив чи... босоогоороо тэгээч, ингээч л гэнэ шүү дээ. Сүүлдээ дор бүрнээ хэвтэж авна. Босоо байвал, босоо байгаа учраас зарагдана. Бүр сүүлдээ хамгийн багыгаа зарах гэнэ. Нэг юм хэлээд л Золоо дүү рүү харна. Дүү явж өгнө өө. Багш сүүлдээ “Хүүхэд зарахгүй шүү!” гэж анхааруулсан л даа... 
 
Багийн ахлагчид айлтгаж, Багийн гишүүд дэмжив...
Хоёр дахь өдрийн аялал их хүнд байсан. Дөтлөх гээд өвөр Бадархундага луу орохдоо хэт дээгүүр орж, асганд тамираа барсан. Хайрхны баруунтайд Тархи нуур хүрч хоноглохоор товлоод, хоноглох газраа сонгох гэж багагүй өгссөн гээд л...
Гурав дахь өдрийн аялал шууд л огцомдоод эхэлсэн дээ. Аяллын хамгийн өндөр цэг Их оргил /3350м/. Хад, асга... чанга шүү. Өгсөхдөө 2 цаг хагас, буухад 4 цаг зарцуулсан...
Их оргил өөд өгсөж явах цаг дор Төрийн соёрхолт Ц.Дамдинсүрэн абугуайн “Зугаацахаар мордсон нь” шүлэгт гардаг “Уул: Мөчит дөрвөн хөлтний Мөр нь гараагүй оргил Мөгөөрс нимгэн хоолойтны Дуу нь хүргээгүй оргил” хэмээх мөртүүд тодхон санаанд буух...
Ийн бодлоо Багийн ахлагч Тү багшид хэлж, Их оргилын оройд Горооны овоо босговол болох тухайд саналаа уламжлав. Багш багийн гишүүдэд танилцуулж, тэд дэмжив. Бид бэлээс чадахын хэмжээнд нэг нэг чулууг оройд хүргэв. Их оргилын оройд төд удалгүй овоо сүндэрлэв. Мэргэн Лама шүнжиг өргөж, ном айлдав... Их оргилын Горооны овоонд зорин тэмүүлсэн уулчин л хүрнэ. Өөр бусад ан, амьтан хүрэх боломжгүй. Жигүүртэн бол хүрнэ ээ хүрнэ.
Их оргилоос буугаад нэгэн жижиг нуурыг тойроод уруудна даа. Хэсэг яваад Цагдуултайн ам руу орж ирнэ. Бас л чилийтэл алхана шүү дээ, машин харагдаад лав гурван цаг явсан байх...
За тэгээд, аяллаа дуусгаад эцсийн цэгт ирэхэд тамирдаад унах биш, гурван мишинаа гурвантаад тойроод гүймээр санагдаж, гүйсээн...
Ачаагаа буулгаад багийн Удирдагч машинаас хүйтэн кола “цэсс” дуугаргаад онгойлгох, аягалан барих, амжилт хүсээд нэгнээ тэврэх, түүний араас нь машиндаа үлдээсэн АЗГЮ-аасаа дээр өгүүлсэн хэмжээгээр хишиг түгээх, түүнийг хүртэх ч ЖАРГАЛ юм шүү дээ...
Иинхүү бидний гурван өдрийн 60 шахам км замыг туулсан аялал барианд Бүгдээр орсноор өндөрлөсөн бөлгөө...
 
Мөн ч баян тансаг, үзэмж төгөлдөр, хишиг буян далай дүүрэн, САЙХАН ХАНГАЙ юм даа...
Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд баян хангай, орон дэлхий, лус савдаг минь аварч өршөө... Далай олны сэтгэл амгалан жаргалтай хийгээд үйл, мөр гэгээн байг...
Нэг зорилго, Нэг тэмүүлэл, Нэг ойлголцол... Багийнхнаараа БАХАРХАЖ байна...

Бичиж үйлдсэн: Багийн гишүүн Анжгай овгийн Ганболдын МЯГМАРСҮРЭН /2020-06-19/

2 comments:

  1. Уулсын оргил баг хамт олон болж тэмүүлсэн мятрашгүй хүчит та бүхэндээ 🥳баяр хүргэж, амжилт хүсье🤗

    ReplyDelete
  2. Баярлалаа, Бүгдэд нь....

    ReplyDelete