Tuesday, June 01, 2021

“БОГД ОЧИРВААНЬ-2021” АЯЛАЛ


Улсын ууган дөрвөн аймгийн нэгэн Завхан аймаг, түүний дотроо эртний түүхт Улиастай хотод уулын алхалт (аялал) нэлээдгүй хөгжсөн, цаашид ч улам бүр дэлгэрэн хөгжих хандлага төлөвшиж буй гэдгийг анханд онцлон тэмдэглэсү. Түүний зам мөрийг гаргагч, заан чиглүүлэгч, үлгэрлэн үзүүлэгч анхдагчид болох эрхэм хүмүүс болбоос Спортын мастер Д.Мишигбат, ОУХМ Ө.Батманлай нарын зүүн барууны манлайн баясгалангууд, түүний удаад дагавар магнайд босох их багш Б.Түдэв, уулын спортын өндөр зэрэглэлийн тамирчин М.Пүрэв, С.Болор-Эрдэнэ гэхчлэн эрхэм буяны садангуудын цувааг үргэлжлүүлж болох...

Аймгийн төвөө тойрон дүнхийх алдартан гавьяатны өлгий АлдарХААН нутгийн сүрлэг уулсын оройд жилийн дөрвөн улиралд хүйтэн сэрүүн, халуун дулаан, цас бороо, салхи шуургыг үл ажран “бороотой ч болзоондоо, хуртай ч хугацаандаа” хэмээн Монголын нууц товчооноо цагийн тухайд хэлэлцсэн лүгээ долоо хоног бүрийн бямба, ням гарагт нөхөрлөн алхах “Эрүүл амьдралын хэв маягийг үлгэрлэгчид”-ийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр л...

Өөрийгөө ялах нь өглөө эртлэн босох, улмаар ууланд алхахаас эхэлнэ... Ууланд алхах нь нэгэн төрлийн “Бясалгахуй” юм. Дорно дахины гүн ухаанд өөрөө өөрийгөө таних, дотогш чимээлэхүйн тухайд олонтаад сургасан байх бөлгөө. Тэрхүү өөрийгөө мэдрэх, танихуйн нэг хэмжүүр нь ууланд алхах гэж би хувьдаа эргэлзээнгүй хэлж чадна...

Мөнхүү ууланд алхагчид бол жинхэнэ байгаль эх дэлхийгээ хайрлан, энэрэн хамгаалагчид, үр хүүхэд, эргэн тойрондоо түүний даган дуурайхуйн үрийг таригчид байдаг... Ууланд алхагчид тэгж байгаль сүйтгэлээ гэж та ер сонсоогүй байх, харин ууланд алхагчид хангай дэлхийдээ сүслэх нэрийдлээр хог буртаг таригчдын элдэв хаягдал, новшийг цэвэрлэн буян үйлдсэнийг сонсож, харж байсан гэвэл үнэнд нийцэх буй за...

Өмнөтгөлийг үргэлжлүүлэн өгүүлэх бус үргүүлжүүлэн ӨГҮҮЛЭХ нь:

Хөгжил гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлахул: “Ахисан шатны өөрчлөлт юм”. Түүн лүгээ адил хөгжлийн зүй тогтлын дагуу өөрийн хэмжээнд илүү өндөрт тэмүүлэх хүсэл манайханд дор бүрнээ төлөвшиж эхэлсэн нь дамжиггүй үнэн...

Түүнийг анзаарч мэдэрсэн аваргууд хоёр давчих аваас амлан авч, гар зөрүүлэн тамир шалгаад сум, аймгийн цолонд зүтгүүлэх лүгээ шат ахиулах дадлага, сургуулийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг бас нэгэн гайхамшигт ёсон Манай уулынханд байдаг ажгуу...

Энэ нь л дарааллын дагууд аваргуудын ивгээл буянаар өнгөрсөн онд “Зулай цагаан Алтай”-н мөнгөн оройд, өнөө жил “Хамаг даяарын шүтээн, Хангай хааны сувдан сондор-Оройн дээд Богд Очирваань хайрхан”-ы тэргүүнээ бие, хэл, сэтгэл, оюунаа бэлтгэн байж зорин тэмүүлвэй...  

Алхаад л хүрчихдэг зүйл бол огтхон ч биш... Зориг, тэсвэр-тэвчээр, багийн ажиллагаа, мөс чанар, жудаг ёс, хүндлэл бишрэл, хүндэтгэл хайр тэргүүтэн олон зүйлс мөнхүү нэгэн дор цогцлон байж үйлс бүтдэг адистай... “Өндөр уулын хөтөл зорь. Өргөн далайн олом зорь. Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдъюү” хэмээсэн Богд дээдсийн аман зарлиг лугаа шүтэн барилдахуй нэгэн дор зохилдон байх учиртай...

Өөрийгөө дийлж, өрөөл бусдынхаа хүч дэмээр өндөрт гарахын гайхамшиг болбоос “үгээр илэрхийлж, үзгээр зурах”-д ч үл дуусах тийм л ер бусын сайхан байдаг... Гагцхүү түүнийг биеэр мэдэрч, мэлмий харж, сэтгэл тольдсон нь төгс ухах буй за...

БАЯН ХАНГАЙ, ОРОН ДЭЛХИЙ, ЛУС САВДАГ МИНЬ ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛИЙН ХАМАГ АМЬТНЫ ТУСЫН ТУЛД АВАРЧ ӨРШӨӨ...


Зохилдон найруулсан: 

            Багийн гишүүн “Улаан нүдэн сахиус” нэрт бээр /2021-06-01/

No comments:

Post a Comment