Хурдан ажнай

 Миний ХЭЭР МОРЬ: (МУ-ын баатар, Армийн генерал Б.Доржийн нэрэмжит Алдархаан сумын дунд сургуулийн 70 жилийн ойн баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаанд уралдахын өмнө. 1996 он. /Унаач нь бага дүү Бороо/) 
2009-08-25 15:29:44
Мориныхоо давхиан дунд уурга шүүрэх нь Монгол эрийн нэгэн бахархал гэлтэй. /Завхан аймгийн Алдархаан суманд болсон Морин хуурын “Мөнхөд уянгалах эгшиглэн” хамтлагийн 5 жилийн ой, DVD, VCD-ний баярт зориулсан “Бэсрэг наадам”-ын уурга шүүрэлтийн тэмцээн (2009.08.01)/


Зэсийн бүрд” хурдан морины гал:
2010.08.01-нд Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт Алдархаан сумын Аргалант, Өгөөмөр, Мандат багийн уяачдын бүрэлдэхүүнтэй /одоогоо эдгээр 3 багийн уяачид багтсан/-гээр Алдархаан сумын “ЗЭСИЙН БҮРД” хурдан морины гал байгуулагдлаа.
Аргалант нутаг нь эрт үеэс хурд арвин бөгөөд, аймаг, сум, хөрш зэргэлдээ газруудад худаг зэсийн бүрдийн хурдан ажнайн адис, цуу их бөлгөө. Ийн олон үеийн өвгийн морь уяж, адуу эдлэж асан өв соёл, түүх уламжлалыг залгамжлан өвлөхийн үүднээс домогт худаг зэсийн бүрднийхээ нэрээр нэрлэсэн, галыг байгуулж буй нь энэ ээ.
Галыг байгуулахад, монголчуудын адуу эдлэх соёл, хурдан морины гал үүсэх өв уламжлалын дагууд бүхий л үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлсэн миний найз, ламтан, аймгийн начин, буяны өглөгтөн Б.Галсайхандаа “Зэсийн бүрд” галынхныхаа өмнөөс баярласнаа илэрхийлж байна. Мөн бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлсэн Аргалантчууддаа болон багийн дарга Б.Төрмөнх, багийн эмч С.Долгорсүрэн, ИНХ-ын дарга З.Аз, мянгат малчин А.Мөнхтөр, Ч.Бат-Амгалан, залуу уяач  З.Эрдэнэбулган, Ч.Сэвжид, З. Болдбаатар нартаа мөн талархсанаа илэрхийлье.
“Зэсийн бүрд” галыг үүсгэн санаачлагч, зөвлөх: Г.Мягмарсүрэн
“Зэсийн бүрд” галын тэргүүн: Г.Сэрээдорж
“Зэсийн бүрд” галын тэргүүн уяач: С.Баасанхүү
“Зэсийн бүрд” галын нээлт, морин уралдааныг ивээн тэтгэгч: Ч.Дашцэрэн болоод галын нээлтэд ирсэн нутгийн олон түмэн... /Хийморийн болоод Дашчийравын сан уншиж, даллага авав.../
“Зэсийн бүрд” галын нээлтийн Их насны морьдын уралдаанд түрүүлж, аман хүзүүдсэн хоёр хул морь /Тод: Галын тэргүүн уяач С.Баасанхүүгийн хул түрүүлж, Галын тэргүүн Г.Сэрээдоржийн хул аман хүзүүдсэн нь ихээхэн бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал байлаа.../
“Зэсийн бүрд” галын Зөвлөх, Ламтан Б.Галсайхан аман хүзүүдсэн моринд шагнал гардуулж байна...
Түрүүлж, айрагдсан морьдын цолыг хурдан морь унаач, бяцхан уяач, Анжгайн Ц.Мягмардорж дуудаж буй нь...
Мөн “Зэсийн бүрд” галын нээлтийн үеэр уяачдын дунд уурга, ташуур шүүрэлтийн тэмцээнийг явуулж, морь унаач хүүхдүүдээ барилдуулж түрүү, үзүүр, их шөвгийн бөхчүүдийг шалгаруулав.
Домогт худаг зэсийн бүрдийн хурдан ажнай хүлгүүдийн буян хишиг тогтож, олон олон наадамд олон олон айраг, түрүүг авч, асар болгоны өмнө “Зэсийн бүрд”-ийн хурдан ажнай хүлгүүд цаг үргэлжид цоллуулж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олны магнайг тэнийлгэж, сэтгэлийг баясгаж байхын ерөөлийг өргөе.