Завхан аймгийн Улиастай сум, Жавхлант толгойд бүтээгдсэн “ГҮДҮН”
цогцолборт зориулж МУСГЗ, Бурхан ч лам Г.Пүрэвбатын бүтээсэн хөрөг
цогцолборт зориулж МУСГЗ, Бурхан ч лам Г.Пүрэвбатын бүтээсэн хөрөг
Нэгдүгээр бүлэг:
Бурханы номыг өнөд мандуулагч түгээмэл сайтай, гүжир хамба жалханз хутагт Дамдинбазар
1.1 Жалханз хутагт Дамдинбазарын товч цадиг оршивой
Жалханз хутагтын намтруудын тухайд:
Өнөө бидэнд жалханз хутагтын гурван намтар мэдэгдээд байна. Нэг дэх намтар нь Халхын их хүрээний “Вангай равжамба” хэмээх Агваан-Иштүвдэнгийн 1863 онд бичсэн ”Хойд зүгийн шашныг гийгүүлэгч их ачтан язгуурын багш Жалханз хутагт гэгээн бүтээлийн баялаг эрхт богд Лувсанбалжирлхүндэв сайн хувьтын намтрыг товч төдий өгүүлсэн сайн хувьтын чихний шимийг авагч” хэмээх түвд судар болно. Энэ судар одоо Монгол улсын төв номын сангийн түвд номын хөмрөгт хадгалагдаж байна.
Хоёр дахь намтар нь Бүгдэгээний Лхасүрэн шанзав хэмээх Агваанлхасүрэнгийн 1928 онд зохиосон “Гэтэлгэгч багш Жалханз гэгээн сайн оюутын шашныг баригч дуаз Дамдинбазар сайн цогтын нууц гурван гайхамшиг болсон намтар зуун навчтын баясгалант цэцэрлигийн хувь төдийг үгэнд үйлдсэн цагаан лянхуан баглаа сайн чуулганы үүдийг нээгч” хэмээх судар болно. Үүнийг 1970-аад оны үеэс “дугуй цагаан” Авирмэд хэмээх Тэсийн хүрээний номч гэвш түвд хэлнээс нь хураангуйлан орчуулсан бөгөөд уг орчуулга одоо Хөвсгөл аймгийн музейд түвд эхийн хамт хадгалагдаж байна.
Гурав дахь намтар нь Лувсанвагмид буюу өмнөх намтрыг түвд хэлнээс товчлон орчуулсан Авирмэдийн 1970-аад онд бичсэн “Шашныг гийгүүлэгч их Жалханз гэгээний Монголын оронд дараалан залагдсан дүрүүдийн намтрыг товчлон хурааж зохиосон оршивой” хэмээх түвд судар байна. Энэ нь одоо академич Ц. Дамдинсүрэн агсны гэр музейд хадгалагдаж байна.
Нэгдэх намтар нь жалханз хутагтын тавдугаар дүр Лувсанбалжирлхүндэвийн хэмээн нэрлэгдсэн боловч дотроо гурван гол хэсэгтэй юм. Нэг дэх хэсэгт нь Энэтхэг, Балба, Хачи, Түвдийн газар хувилсан Жалханз хутагтын урьд дүрүүдийн тухай өгүүлжээ. Хоёр дахь хэсэгт монгол газар хувилсан Жалханз хутагтын дүрүүд, түүнээс эхний дүрүүд болох Лувсанданзанжамц, Лувсанданзанбалсан нарыг нэр цохон тэмдэглээд дөрөвдүгээр жалханз хутагт Галсандамба-Яринпэлийн намтрыг товч бичжээ. Гурав дахь хэсэгт тавдугаар жалханз хутагт Лувсанбалжирлхүндэвийн намтрыг дэлгэрэнгүй оруулжээ хэмээн доктор Л.Хүрэлбаатар дурдсан буй.
Жалханз хутагтын өмнөх дүрүүдийн тухайд:
“Зарлигаар тогтоосон олон аймгийн тамга бүхий, үгүй хутагт хувилгаан нарын шастар”-т:
Засагт ханы Самади багш, номун хан, түгээмэл сайтай, гүчир хамба Жалханз хутагт Дамдинбазарын уг эхийг байцааваас Энэтхэгийн оронд Базарваань, Цогтсарха, Зундуй-Ёндон, Их Түгээмэл Гүндүү, хан Махасуха, Чойгүцагаан, Чимэдманбадар хэмээн долоон үеийн хувилгаан гарчээ. Түүний хойно Түвдийн оронд Дүвчин Намхайжанцан, Батлуав хэмээх Мижиддорж, Жамагарбо, Жамьянмоломпил, Балжиржамц, Чойжиржамц хэмээн зургаан үеийн хувилгаан гаржээ. Түүний хойно анх удаагийн хувилгаан Лувсанданзанжамц, хятадын Зүнжинг хааны дөрөвдүгээр онд Засагт хан аймгийн хувилгаан гаржээ. 23 жил сууж чин улсын эеэр засагчийн 11 дүгээр онд жанч халжээ.
Хоёрдугаар үеийн жалханз хутагт Лувсанданзанбалсан эеэр засагчийн 13 дугаар онд Засагт хан аймагт хувилгаан гаржээ. 85 жил сууж тэнгэрийг тэтгэсний 5 дугаар онд жанч халжээ.
Гувавдугаар үеийн жалханз хутагт Галсандамба-Яримпил тэнгэрийг тэтгэсний 11 дүгээр онд Засагт хан аймагт хувилгаан гарчээ. 31 дүгээр онд Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг захирч арваннэгэн жил сууж халагдаад 55 дугаар онд Нийслэл хотноо одож түнлийн ном уншсан учир хонх, очир, ша хүж олгожээ. Харьяат хутагт жил бүр элч зарж бурхан морь байгуулмуй, мөнхүү элчид хүнс мөнгө аму олгуулсаар явжээ. 59 дүгээр онд жанч халжээ.
Дөрөвдүгээр үеийн жалханз хутагт Лувсанбалжирлхүндэв сайшаалт ерөөлтийн тэргүүн онд Засагт хан аймагт хувилгаан гарчээ. Сайшаалт ерөөлтийн 24 дүгээр онд Ховдын түгээмэл амаржуулагч сүмийг захирч дөрвөн жил суугаад халагдсан. Бас төр гэрэлтийн 4 дүгээр онд Засагт хан аймгийн Жалханз хутагтын хэмээх манж, монгол, түвд гурван зүйлийн үсэг хавсран цутгасан тамгыг харьяат хутагтад олгуулжээ. 6, 10 дугаар онд хоёр удаа Хотон жангирын цэргийн хэрэглэлд хутагтын хувиас тэмээ гаргаж тусалсан учир хоёр удаа торго гурван энтэйг олгуулжээ. 26 дугаар онд жанч халжээ.
Тавдугаар үеийн жалханз хутагт Чоймболжалцан төр гэрэлтийн 28 дугаар онд Засагт хан аймагт хувилгаан гарчээ. Түгээмэл элбэгтийн 2 дугаар онд бумбанд оруулж татан гаргаж тогтоосон хойно мөнхүү 3 дугаар онд өмнөх мужийн тэрсэлсэн хулгайг сөнөөх цэргийн хэрэглэлд морь 14, тэмээ 14, бас дахин морь 20-ийг урьд хожид туслан барьжээ.
Зургадугаар үеийн жалханз хутагт Чойжилжалцан түгээмэл элбэгтийн 6 дугаар онд Засагт хан аймагт хувилгаан гарчээ. Бүринт засагчийн 12 дугаар онд жанч халжээ2. Харин дараа үеийн хувилгаан нь жалханз хутагт Дамдинбазар хэмээн эл шастарт нийт долоон удаанаа тодорсон тухайд тэмдэглэсэн байна. Гэтэл Агваанлхасүрэнгийн туурвисан намтар тэргүүтэнд наймдугаар үеийн хувилгаан жалханз хутагт Дамдинбазар хэмээн тэмдэглэсэн буй. “Зарлигаар тогтоосон хутагт, хувилгаадын шастар”-т, хоёрдугаар үеийн Жалханз тэнгэрийг тэтгэсний 5 дугаар он /1740/-д жанч халж, гуравдугаар Жалханз тэнгэрийг тэтгэсний 11 дүгээр он /1746/-д мэндэлсэн гэсэн мэдээ буй. Энэ он цагийн тоололд даруй 5 жил хутагтын дараа дүр тодроогүй байсан байна. Доктор Л. Хүрэлбаатар эл он цагийн хооронд Жалханзын нэг дүр тодорсон хэмээн тэмдэглээд түүнээ “Шашныг гийгүүлэгч Жалханз хувилгааны төрөл үеийн залбирал бишрэл төгөлдрийн сүжгийг төлжүүлэгч хэмээх нэрт оршивой” буюу ”түнрав солдэв” тэргүүтэнд тулгуурлан эл он цагийн хооронд гэгээн сэнтийд заларсан хутагтын нэрийг тодруулан өгүүлсэн буй. “Түнрав солдэв” хэмээх үе үеийн Жалханзуудын он цагийн дарааллаар нь нэг нэг шолго /дөрвөн шад буюу нэг бадаг/ нэмэн уншсаар найман дүрийн найман шолго буюу 32 шад болгосон түвд залбирлын уншлагад хоёрдугаар жалханз Ишгэлэг хэмээсэн нэр гарсныг тэмдэглэсэн байна. Уг залбиралд “Нэн эртнээс дадуулсан агуу уужим бодь сэтгэл, нирвааны амгаланд зорихдоо хэзээ ч үл сулран, нэгэнт амьтны цог дор сайтар сүндэрлэн боссон, номч Ишгэлэгийн өлмийд соёрхол талбимой” хэмээсэн буй. Дурдсан он цагийн хооронд Жалханзын нэгэн дүр тодорсон бол, тэр Ишгэлэг хувилгаан гэж нотолбоос хоёр дугаар дүрийн жалханз бус гутгаар дүрийн жалханз хутагт болж байна.
Хотгойд таван хошууны өтгөс өвгөдийн аман бөгөөд амьд уламжлалаар “найман дүр” гэж үзэж гүдүн шарилыг нь хүртэл тоолж мэдээлж ирсэн аман уламжлалд Жалханзын таван настай ширээнд залаад, 16 хоноод таалал төгссөн нэг хүүхэд дүр байсан, тэр дүрийн гүдүн шарилыг шадар ван Чингүнжав /Цэгэнжав буюу Гонжав/ хайрцаг савтай үүрч явсан. Хожим нь тэр дүрийн гүдүн алдагдсан тул үлдсэн гэгээний долоон дүрийн гүдэн нь Хүрээ хайлах хүртэл Шарилын сүмд залаатай байсан хэмээн ярилцдаг…түвд судруудад хоёрдугаар үеийн дүр гэж дурдагдсан жинхэндээ бол гуравдугаар дүр болох Ишгэлэгийг гэж үзэх үндэстэй байна. Нөгөө талаар шадар ван Чингүнжав (1710-1758)-ын амьдарч байсан үе цаг ч энэ дүрийн үед холбогдох ба бас түүний Жалханз хутагтын өөр нэг дүртэй холбоотой байсан гэрч тавдугаар жалханз хутагт “Лувсанбалжирлхүндэвийн намтарт” тэмдэглэгдэн үлджээ. 1746 онд мэндэлсэн Галсандамба-Яринпилийг дөрөвдүгээр Жалханз хутагтаар сунтаг шүүлгэхэд шадар ван Чингүнжав өөрийн хамжлагын албат дотроос мөн жил гарсан Бодь хэмээх хөвгүүнийг жалханзын хойдох дүр хэмээн үзэж хоёр хүүхдийн нэрийг явуулж түвдийн VII далай лам Галсанжамцаар сунтаг шүүлгэхэд эхнийх нь батлагдсан байна. Ийм учраас дөрөвдүгээр жалханз хутагт Галсандамба-Яринпилд шадар ван таалалгүй байсан хэмээн “Намтарт” тэмдэглэжээ. Иймээс хэдийвээр Галсандамба-Яримпилийг дараагийн дүрээр нь тодорчихоод байхад ч өмнөх хүүхэд дүрийн нь гүдэн шарилыг нь шүтэж яваад, Чингүнжавын хөдөлгөөний тэр үеэр алдагдсан гэдэг нь ортой болов уу хэмээн доктор Л.Хүрэлбаатар мөнхүү судалгаандаа дурдсаныг өгүүлсүү. Харин доктор Б.Лааган “Халхын тамга бүхий хутагтуудын товчис” хэмээх бүтээлдээ, “…Жалханз хутагтын гурав дахь дүр Ишгэлэг бөгөөд олон жил бололгүй жанч тайлсан ч түүний гүдэн шарилыг тахисаар иржээ” хэмээн тэмдэглэсэн буй.
Энэ бүхнээс тэмдэглэхэд, Монголын орноо тодорсон Жалханз хутагтын анхдугаар дүр нь Лувсанданзанжамц, хоёрдахь дүр нь Лувсанданзанбалсан, гуравдахь дүр нь Ишгэлэг, дөрөвдэх дүр нь Галсандамба-Яринпил, тавдахь дүр нь Лувсанбалжирлхүндэв, зургаадахь дүр нь Чоймболжалцан /Лувсанцүлтэлчоймбэл/, долоодахь дүр нь Чойжилжалцан /Лувсанжалцан/ хэмээсэн долоон дүр тодорч хутагт сэнтийнээ залран асан нь тодорхой харагдаж байна.
Монгол газраа тодорсон Жалханз хутагтын ихэнх дүрүүдийг Ар таван хотгойдын нутаг газрыг тал хуваан урссан их уст Дэлгэр мөрний цэнхэр урсгалаас төөрч түдэлгүй урд хойд биенд нь эргэж төрсөөр ирсэн гэх бөгөөд, үнэндээ ч дөрөвдүгээр дүр Галсандамба-Яримпил нь “Хотгойд” хэмээхийн газраа, их уст Дэлгэр мөрөн хэмээн алдаршсаны ойр шадар, Хунцэн уулын өмнө Хөх цавын Зэндмэнь толгойд эцэг дархан ноён Дорж, эх Хүлзандара хоёрт, тавдугаар дүр Балжирлхүндэв нь их уст Дэлгэр мөрөн хэмээхийн ойр шадар Дэлгэрхаан уулын өмнөтөд Дашлүнгийн голд эцэг хиа дархан ноён Дамдинжав, эх Засагтханы охин эрх ноён Цээпил хоёрт, зургаадугаар дүр Лувсанчүлтэмчоймбол нь Эрчим хэмээх уулын өмнөд бие Тал булаг хэмээх газар эцэг Зоригтхан хэмээхийнд, долдугаар дүр Лувсанжалцан нь Ахай бэйсийн хошууны Наранбумбат хэмээхийн газар эцэг гүн Ниламбара, эх Ахай ижий хоёрт мэндэлжээ /”Жалханз гэгээний монгол оронд дараалан залагдсан дүрүүдийн намтрыг товчлон хурааж зохиосон” хэмээх түвд судар/.
Ийн анх язгуур гарвал нь Энэтхэг, Түвдийн орноос гарвалтай бурханы шашны нэрт мэргэдийн хойд дүр болон монголын орноо тодорсон Жалханз хутагт нь наймантаа, Халхын засагт хан аймагт дараалан тодорсон болох нь харагдаж байна. Эцэст буюу наймдугаар дүрээр тодорсон Жалханз хутагт бол манай судалгаанд өгүүлэгдэх Дамдинбазар хувилгаан юм.
Наймдугаар үеийн жалханз хутагт Дамдинбазар:
“Шагжаан эзэн хийгээд богд ламын
Шашны лянхуаг мөшөөлөгч наран
Хар зүгийн шимнусын аймгийг даран ялагч
Хутагт Дамдинбазарын өлмийд соёрхол талбимой”
“Түнрав солдэв” (‘khrungs rabs gsol ’debs) хэмээх судраас...
- Өнгө л бол улаан байх уу?
- Өнгө л бол улаан байдаг юм бол, номын цагаан дунгийн өнгө чинь улаан болох уу?
- Номын цагаан дунгийн өнгө чинь цагаан юм болохоор өнгө болно.
Номын цагаан дунгийн өнгөтэйгээ нэг юм болохоор цагаан болно. Цагаан юм болохоор, номын цагаан дунгийн өнгө чинь улаан биш болно. Улаан биш юм болохоор, номын цагаан дунгийн цагаан өнгө, бадмааргийн улаан өнгө хоёр сууриараа үл зохилдоно. Иймд өнгийг гагц улаан гэж, улааныг гагц өнгө гэж, эсвэл цагааныг улаан гэж, улааныг цагаан гэж ухаарч болохгүй гэнэ. Ийм маягаар цагаан, улаан, хөх, шар дөрвөн үндсэн өнгө, түүн дээр үүл, манан, утаа, тоос, гэгээн, харанхуй, сүүдэр, нарны гэрлийн найман гишүүн өнгө, бас түүн дээр хөх шар хоёрын дундаас гарсан ногоон, улаан шар хоёрын дундаас гарсан хөх, улаан хөх хоёрын дундаас гарсан хар өнгийг өөр хооронд нь сүлжилдүүлж, эцэст бүр өнгө дүрс хоёрын холбоо хамаарал руу шилжин орно. Ингэж цагаан, улаан өнгийг ялган хэлэлцэж, өнгө, дүрс хоёрыг магадлан шинжлэхээс эхлээд үзэгдэл юмсын бэлгэ чанарыг шалтгаан үрийн холбоонд нь авч үзэж, нээн шинжилдэг бурханы шашны гүн ухаанд мэргэжихээр XV дугаар жарны хар усан луу жилийн /1892/ намар цаг Халхын Их хүрээний Гунгаачойлин хэмээх гүн ухааны дацан сургуулийн номын хуврагийн тоосонд багтаж ирээд байсан арван есөн сүүдэртэй залуу шавь бол эдүгээгийн ардын засгийн газрын гурав дахь ерөнхий сайд асан бөлгөө, самади багш, бэйл, номун хан, цэцэн ширээт, түгээмэл сайд, гүжир хамбо, номч мэргэн егүзэр бандида, Жалханз хутагт Дамдинбазар байлаа. /”Жалханз” хэмээх үг нь угтаа “Rgyal khang rtse” буюу “Ялгуусны харшийн орой” гэсэн утга бүхий түвд үг бөгөөд үргэлжид ялгуусны давхарлаг харшийн үзүүр оройд сууж, номыг болгоон бясалгадаг асан, тэрхүү ном бүтээлийн алжаал чилүүргүй хичээлээр нь Түвдийн Галдан хийдийн 25 дугаар ширээт Балжиржамцыг тийнхүү “Жалханз” хэмээн нэрийджээ. Хутагт (“ ‘phags pa” дүүлэн нисэх, хэтрэх), Шашин номын ёсоор тодорч, шашны болон хамаг амьтны тулд сайн үйл бүтээх эрхэм чанар нь бүрдсэн хувилгаадад Далай лам, Ванчин богд, Халхын Жавзандамбын зарлигаар олгодог цол /Дагвадорж Д. Монголын шашин соёлын тайлбар толь. УБ.,2000, тал,96/. Шашны ёсны сайны хутаг олсон хувилгаадад олгох цол /Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь, тал,736/ /
Тэрвээр Засагт хан аймгийн хотгойд гүн Загдсамбарын хошууны газраа Алтанбулаг хэмээхийн ойр Бугын толгой хэмээхэд эцэг Цэдэнсодном /Соном/, эх Содном хоёрт XV дугаар жарны “хөх” хэмээх модон эр нохой жил /манж бүрэн засагч хааны 13 дугаар он, 1974/-ийн “сага” хэмээх монголын 4 дүгээр сарын /зуны эхэн сарын/ 9-нд бие лагшин мэндэлжээ.
Тэр үед урьд дүрийн жалханз хутагт Лувсанжалцан нас барж орны хутагт үгүй байсан учир Жалханзын шавь нар болоод хүрээний лам нар хойт дүрийн нохой жилтэй олон хүүхдийн нэрсийг Жалханзын шавь хийгээд бусад хошуудаас цуглуулжээ. Жалханзын хүрээнээс шанзов Даваадорж, гэсгүй Гийпэл нар тэдгээр бага насны хүүхдийн нэрсийг авч богд Жавзандамбын их хүрээнд очоод ёнзон хамба Балданчоймбол нартай уулзан нэрсүүдээ хянуулсны дараа сонгосон гурван хүүхдийн нэрийг тусгай тодорхойлоод VIII богд Агваанлувсанчойжиннямд барьжээ. Богд эзэн сунтаг шүүснийхээ хариуд “Цэдэнсодномын хүү Дамдинбазар Жалханз хутагт лав мөн” гэж зарлиг болжээ. Тэр үед жалханз хутагт Дамдинбазарын даншиг (”Brtan bzhugs”, Бат оршил)-д зориулж Диданшинги, Цогнибариабун (Tshogs gnyis ‘bras spungs) гэдэг хоёр төрлийн ном зохиогдон гарчээ. Энэ үед манж эзэн Бадаргуулт төр хаанаас Дамдинбазарыг жалханз хутагтаар суулгах зөвшөөрлийн алтан үсгийн зарлиг бичиг ирэв.
Гал хулгана жил хүүг гурван ойтой байх цаг дор Жалханзын хүрээний шанзов тэргүүтэн хэсэг хүн Цэдэнсодномын гэрт очиж анхны баярын мандал тэргүүтнийг өргөөд буцаж ирэв. Гэгээний хүрээнээс яваа тэр улсуудыг ирэхийн урд хүү ээждээ, -За манайд энэ өдөр айлчин хүмүүс ирнэ. Идээ будаа бэлэн үү? Бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээн айлдаж урдаас тодорхой мэдсэн явдал гайхамшигтай...хэмээн намтарт тэмдэглэсэн буй.
Гэгээнийг таван нас хүрсний хойно их хүрээний аграмба Жигжид хэмээх ламыг залж өөрийн хүрээндээ ирүүлэн шавь орж гэнэн санваар болон бусад төрлийн номуудыг хүртсэн ба аграмба бээр хутагтын анхны багш байсан юм. Дараа он буюу шороон туулай жил Бишрэлт вангийн хошууны эрдэмт лам Агваанжамбажалцанг номын багшаар шүтэж түвд үсэг, шар үсэг, монгол бичиг тэргүүтнээс эхлээд ам уншлага, онол, чойрын анхны мэдэгдэхүүн зэрэгт суралцсан байна. Түүний далимд орчны явдал, хувцсаа өмсөх, идэж уух, явах суух тэргүүтэн бүх зүйлийг ном ёс мэт үйлдэх эрдэм ухаанд сургасан маань цэцэн сайн эх хүүгээ хүмүүжүүлдэг лугаа адил хэмээн Жалханз хутагт тэрхүү ачтай тустай багш нараа цаг ямагт магтан айлдаж байжээ.
Дамдинбазар бол төрөлхийн ухаан хурц, авьяас төгөлдрийн дээр эрдэмтэй сайн багш нараа дагаж багаасаа буддагийн ном сургаалыг шамдан үзэж, ухаан мэдлэг нь улам тэлж хөгжсөн, нөгөө талаар хутагтын увдисаар нас бие эрт жигдрэн юмны уг тулгуурыг олохыг чармайж, яваандаа улс үндэсний асуудлыг ажиж, энэ тухайд санаа тавих болсон хүн юм.
Жалханз гэгээний нэр нөлөө хурдан өсөж, тэрвээр Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамба (Rje btsun dam pa) зэрэг төр, шашны дээдчүүлийн анхааралд орж, улмаар тэдэнтэй ойртон шадарласан түүхтэй.
XV дугаар жарны төмөр барс жилийн /1890 он/ зуны дэлгэр цаг 17 настай Дамдинбазар Да хүрээнд хүрэлцэн ирж, Богд Жавзандамбын наймдугаар дүртэй анх нүүр учран уулзахад Богд түүнд онцгой хүндэтгэл талархлаа үзүүлэн “Хамба номун хан” цол хайрлаж хамбын зэрэг олгосон нь нэгийг өгүүлж байна.
Түүнээс хоёр жилиин дараа 1892 онд Богд Жавзандамба, Жалханз хутагт хоёрын хооронд болсон нэгэн чухал уулзалтын тухай Жалханз хутагтын намтар “Цагаан лянхын баглаа” хэмээх бүтээлд ийн өгүүлсэн нь:
Жалханз хутагтыг намрын налгар нэгэн өдөр Богд Жавзандамба дэргэдээ дуудаж айлдан соёрхохдоо, одоогийн хүнийг үзэхэд хайш яйш итгэмжгүй нь их байх юм. Ер нь хичээн хянах цаг болсон тул Танд би шашин төрийн хүнд үйл хэргийн үүргийг хүлээлгэхийн дээр бас өөрийн шадар хамбаар ажиллуулах гэж бодож байна. Түүгээр ч барахгүй одоо бид ямар зүг явахын хэмжээг нарийвчлан эс мэдэх тул миний санасан бүх хэргийг Та л бүтээх хэрэгтэй… гэх зэргээр маш их учир шалтгааныг дотночилж нарийвчлан айлдсанд, Гэгээнтэн нэгд, багшийн зарлигийг бүтээхээс илүү анхааран авалт гэж байхгүй. Хоёрт, шашин, амьтны тусын тулд буян үйлдэхээс илүү зүйлгүй юм гэж таалаад тэр тушаалыг чамлах, гоёмсгоор чөлөө гуйх зэргээр хариу айлтгасангүй зарлигийг шууд хүндлэн хүлээлээ гэжээ.
Гал бичин жил (1896 он) 23 настай гэгээн цагаан сарын шинийн ёслолыг хүрээнд богдын хамт хийв… энэ үед Богдын дэргэд шадар хамбын жавданд заларч улс орны гадаад, дотоодын шашин төрийн ажлыг эрхэлсэн хэвээр байв. Төмөр хулгана жил (1900 он) …их хүрээнээс дуудуулсан тул замдаа далай гүн Базаррагчаагийн заллагаар дайран мордлоо. Улс орны дотоод, гадаад байдал, хүн зоны сэтгэл санааны хямралдааныг тайвшруулах үүднээс ярилцахаар Богд эзэн түүнийг дуудуулсан юмсанж. Их хүрээ орж Богдтой нүүр тал учран олон төрлийн зарлиг яриаг нийлжээ…гэхчлэнгээр тус намтарт тэмдэглэсэн буй.
Ийнхүү Жалханз хутагт бээр Богд гэгээний итгэлийг олж, шашин-төрийн үйл хэргийн нарийн амьдралд орсон бөгөөд ингэснээр түүний төрийн түшмэлийн ухаан бодлого төгөлдөржихөд ач тус үзүүлсэн, нөгөө талаар өөрийн үзэл санаагаа хэрэгжүүлэх боломжтой болсон ажгуу.
Жалханз хутагт бээр төрийн үйл хэрэгт идэвхийлэн оролцохын сацууд, нөгөөтэйгүүр шашин, номын үйл хэргээч тэр мэтчилэн гүйцэлдүүлж байв. Тухайн үед буюу нэгэн цаг дор амьдарч асан ялгуусан хутагт Чимидцэрэн, дилов хутагт Жамсранжав, бигэр номун хан Ванчинсүрэн тэргүүтэн олон хутагт, хувилгаадын хүрээнээ морилон тэдэнтэй бурхан номыг ярилцан, өөрийн хүрээнд үгүй зарим ёс, жаяг, ном, судруудыг залан авч ирдэг байсан тухайд өгүүлсэн байна. Тухайлбаас, шороон бичин (1908 он) гэгээн 35 сүүдэртэй…Дилов хутагтын хийдэд морилж, хутагттай уулзан олон ном ярилцан таалав. Жалханз хутагт өөрийнхөө хүрээнд Майдарын тахилын чамийг буй болгохыг таалж, Ялгуусан хутагтын хүрээнээс ловон Жанжаа, Бат-Өлзий гэдэг хоёр цамчийг ирүүлж цамын хэрэглэл, дэгийг заалгажээ. Үүнд цамнуудын баг, хувцаснууд нь нарийн хэмжээтэй, маш их урлаг тохирсон үнэ ихтэй зүйл байсан бөгөөд бас хэнгэрэг цан, гандан бүрээ, бишгүүр, лимбэ бусад хөгжмүүд аль зохистой хэрэглэгдэх зүйлүүдийг бүрэн болгож залсан…Дилов хутагт, Гэгээн хоёр харилцан бие биедээ ном хүртэлцэв гэх зэргээр тэмдэглэснээс бэлхнээ харагдах.
Жалханз хутагт бурханы шашны номын ёсыг чанд хатуу сахиж, хийдийнхээ лам хуврагуудыг ч эл дэг ёсонд сургаж байв. Тэрвээр хурлын явцад босч лам нарт хандан цогдам /“tshogs gtam”, анхааруулсан үг, сургаал/ их хийдэг хүн байжээ. Гэгээн ёс дэглэм зөрчсөн хүнийг цээрлүүлэх, ёс журмаар явагчдыг магтан сайшаадаг, ёс журам алдсан лам нарыг гэзэг тавиулах, жанчих, зэмлэн донгодох зэргээр шийтгэж байжээ.
Жалханз хутагт бээр өөрийн хүрээндээ шинээр дуган, дацан, сургууль байгуулах, гаднаас олон мэргэдийн ном зохиолыг залах, бурхан бүтээлгэх, ном барлаж байснаас гадна өөрөө хэд хэдэн зохиол бичсэн гэж Лхасүрэн шанзовын туурвисан намтарт дурдагдсан байна. Зарим нэгнээс нь өгүүлбээс:
Хутагтын бүтээлгэсэн зарим бурхадууд
1. Шармал бурхан багш, хоёр шавийн хамт
2. Богд хоёр шавийн хамт
3. Шар манзушир бурхан
4. Жигжид хоёр зүйл
5. Цагаан дарь эх
6. Найдан жүдэг (16)
7. Чагдар хорчин
8. Жанрайсаг 11 тэргүүнтэй
9. Гомбо тэргүүтэн арван хангалууд
10. Хорин нэгэн дарь эх
11. Өндөр богд
12. Гурван цагийн бурхан
13. Бумтар богд
14. Дэмчиг бурхан тэргүүтэн олон бурхадаас гадна Жигжид зэрэг арван
хангал, арван хоёр зохионгуй, ламын цогшин (багшийн чуулган), Ловон Бадамжунай тэргүүтэй олон зураг бурханууд …маш олон болой.
Залагдаж байсан ном судрууд, Ганжуур бүрэн, Явсрайсүмийн сүмбүм (Богд лам, Жалцавжи, Хайдавжи энэ гурвын бүрэн зохиол) тус бүр гурав, Жанай Лодойжалцангийн сүмбүм, Далай лам Гэндэнжамц, Лувсанжамц, Галсанжамц нарын сүмбүм, Гүнчин лам, Жанжаа хутагт Агваанчойндон, Ролбийдорж тэргүүтэн бүгд 54 эрдэмтэн лам нарын нээсэн бүрэн зохиол, түүвэр зохиолууд 700 гаруй боть ном байсан аж.
Усан бар жил (1902 он) Манж эзний зарлиг ирж Гэгээнтнийг Ховдын шар сүмийн ламаар суулгахаар болов. Ер нь манжийн хааны зарлигаар Шар сүмийг Жалханз хутагт, Ялгуусан хутагт, Нарованчин хутагт нар ээлжлэн захирдаг байсан байна. Анх тэнгэрийг тэтгэсэн хааны зарлигаар 1767 онд дөрөвдүгээр жалханз хутагт Галсандамба-Яриинпилээр тэргүүлэн захируулж, ”Түгээмэл амаржуулагч сүм” хэмээх монгол үсгийн тэмдэг олгосон байна. “Зарлигаар тогтоосон олон аймгийн тамга бүхий, үгүй хутагт хувилгаан нарын шастар”-т, дөрөвдүгээр жалханз хутагт Галсандамба-Яриинпил нь Ховдын “Түгээмэл амаржуулагч” сүмд тэнгэр тэтгэсний 31 дүгээр онд ширээтээр залагдаж 11 жил суусан. Тавдугаар жалханз хутагт Лувсанбалжирлхүндэв мөн сүмд Сайшаалт ерөөлтийн 24 дүгээр онд ширээтээр залагдаж дөрвөн жил суусан, наймдугаар жалханз хутагт Дамдинбазар мөн сүмд Бадаргуулт төрийн 28 дугаар онд ширээтээр залагдаж гурван жил суусан гэж бичсэн буй.
1970-аад оны үед дунгаан нар Ховд хотыг түйвээхэд Шар сүмийг үлэмжхэн эвдэн сүйтгэжээ. Тийм учраас хутагт лам нар нь XIX зууны эцэст хийдээс 30-аад километр зайтай орших Буянт голын баруун эрэгт байгуулсан тусгай ордонд сууж байжээ… Шар сүмийн барилгыг түүхий тоосго, мод, шавраар барьсан тул бэхжилээр базаахгүй байжээ.
Модон луу жил (1904 он)…Ховдын шар сүм хуучирсан тул Гэгээн өөрийн сангаас олон лан мөнгө зарцуулж бусад нөхөдтэй уулзан, урчуудыг цуглуулан орон сууц, хөлс шан зэргээр тэднийг ханган байж Шар сүмийг засуулав…гал морин жил (1906 он)…Гэгээнтнийг ирсэн сургаар Шар сүм олны хөлд хэд хоног өндөлзөж, бүрээ бишгүүр, хурал номын ая дан шөнө дөл болтол тасарсангүй хэмээн намтарт дурдсан байна.
Жалханз хутагтууд нь Ховдын амбан, хятад журган, Ойрадын далайхан чин ван Гомбожав тэргүүтэн хан түшмэл, их бага ноёд, урианхайн их бага ноёд, тарианы хятад ноён, орос, хятадын худалдааны сул иргэн, зүг бүхнээс цугласан хэлний язгуур адилгүй олон амьтанд адис мөргөл тавьж, аль хүссэн ном тэргүүтнээр ханган зохиож, нэг ёсондоо номын багшийн эрх мэдэл дор хамаг олныг дагуулан хөтөлж байв.
Богдоос Манж хаанд айлтгасны дагуу Гэгээнтнийг Ховдын Шар сүмийн ламаас чөлөөлөх болсон мэдээ ирсэнд Жалханз хутагт: “Би энэ газар суувал амьтанд тустай учир эс чөлөө ававч болох юм” гэсэн хийгээд тэндэх хүмүүс ч Гэгээнийг байлгахыг их хүсэж байв хэмээсэн нь эл газар хутагтын нэр хүнд их, амар амгалан байсныг гэрчлэх буюу. Нөгөөтэйгүүр Гал хонин жил буюу 1907 онд Манж эзэн Гэгээнтэнд, Шар сүмд суухдаа амьтанд тустай үйл бүтээсэн, ялангуяа сүмийг засч шинэ болгосон яруу алдрыг үнэлж “Түгээмэл сайд” хэмээсэн цол шагнаж олгосон алтан үсгийн бичгийг олгосон байдаг.
Жалханз хутагт Дамдинбазар нь Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд гар бие оролцон явсан томоохон удирдагчдын нэгэн билээ. Тухайлбаас, 1912 онд тухайн үеийн цэргийн яамны дэд сайд Наваанцэрэнгийн хамт хутагт бээр хавсруулж шийтгэлцүүлэх үүрэг бүхий сайдаар томилогдож, 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж, баруун хязгаарын илбэн тохинуулах сайдын үүргийг тус тус хүлээн, Хатанбаатар Магсаржав зэрэг эх орончдын хамт цагааны эзэрхэгчдийн эсрэг тэмцлийг удирдалцаж явсан бөгөөд 1922-1923 онд шинэ Монголын ардын засгийн газрын ерөнхий сайдын өндөр алба хашиж байсан юм. Хутагтын хувьсгалын үйл хэрэгт оролцон гавьяа байгуулсныг журмын нөхөд нь ихэд үнэлэн буй нэгэн баримтыг өгүүлэхүл:
Баруун хязгаарын үйл хэргийн цэрэг байлдааны талыг эрхэлсэн сайд жанжин Дамдинсүрэн, Магсаржав нараас Дамдинбазар хутагтыг хөхүүлэн шагнуулахаар Богд эзэн хаанд хоёрдугаар он, 7 дугаар сарын 15-нд өргөсөн бичигтээ: “Шавь боолчууд хянаваас, хойд хязгаарын олон хошууг их төлөв нь тулгар төрийн хэргийг төдийлөн итгэж дагаар ороход дуртайяа дурласангүй, харин ч манж хятадыг аргадан элсэж үнэхээрийн санаа буруу байсанд гагцхүү номун хан жалханз хутагт Дамдинбазар биеэр хүрч ирж соён засаж ухуулан сургасанд эл баруун хойд хязгаарын хүн дутам харьяат ламыг хэдүйнээ итгэж шүтсэн нь гүн бөгөөд авралт багш ламыг үзсэн даруй тэдний улсын эргэлзэн татгалзсан сэтгэл шулуудаж буруугаас зайлж, зөв дор хандахыг илэрхийлж, дөрвөд, урианхай, өөлд нийлсэн 20 илүү хошуу, үлгэрлэвээс тэжээсэн шувуу үүрэндээ ирэх мэт дагаар орсон учир, басхүү тэрхүү орсон улсаас хүчин чийрэг, морь сайн зэвсэг бүрэн цэрэг нэг мянга илүүг түргэлэн томилж хүчин туслуулсан ба дагалдаагаар харьяат хутагт лам мөн элдэв хэрэгт хавсран зүтгэхийг хичээж, огт аймшиггүй Ховдын газраа биеэр хүрч ирж олон лам нарыг дагалдуулж дэрсүүд дайсныг номхотгохын тул залбирч ном уншиж суусан нь улс төрд хутагтын гавьяа нэн бусдаас онц үлэмж, хэтэрхий сайшааан хөхүүлбээс сая нийлэлцэнэ” хэмээн Жалханз хутагтын гавьяаг үнэлсэн байна. Эл тодорхойлолтын дагуу Дамдинбазарыг Богд эзнээс “самади багш” цол хүртээсэн байдаг.
Мөнхүү олноо өргөгдсөний 5 дугаар онд…шинэ байгуулах орд сүмийн үйлдвэрт мал туслан барьсан учир айлтгаад зарлигаар улбар шар тор шагнан… 6 дугаар онд тусгайлан зарлиг буулгаж очир жинс, шар пүүз шагнан…8 дугаар онд улсын санд мөнгө хариулан өргөсөн учир айлтгаад улбар шар торыг төрөл тутам улируулан шагнан хүртээжээ. Мөн онд Цогчин дуганы үйлдвэрт мөнгө туслан барьсан учир айлтгаад Номч мэргэн егүзэр бандида цол шагнан хүртээжээ.
Жалханз хутагт бээр их ширүүн дүр төрхтэй хийгээд бас шогч хүн байсан тухай аман яриа олонтаа байдаг. Нэгэн жишээг дурдсу, Хутагтын шадар нэгэн маарамба, түшмэл хоёр маргалдаж гэнэ. Маарамба түшмэлийгээ, “Түшмэлүүд бусдын хэрэг заргыг буруу шүүж нүгэл хийдэг болоод үхэхээрээ хойт насандаа илжиг болж төрдөг юм” гэжээ. Түшмэл ч хариу марган байх дор Гэгээнтэн ойролцоо морилж ирсэнд тэд ч босон хүндэтгэл үйлдэхэд Гэгээн, та хоёр юу яриа вэ хэмээсэнд Түшмэл нь, маарамба намайг түшмэл хүн зарга буруу шүүн нүгэл хийгээд үхэхээрээ илжиг болдог гээд байна гэсэн гэнэ. Гэгээнтэн, маарамба зөв айлдаж байна. Хэрэг буруу шүүсэн түшмэл үхэхээрээ илжиг болдог юм гэжээ. Тэгэхээр нь түшмэл, Гэгээнтэн минь маарамбатан таалал төгсөхөөрөө юу болж төрдөг бол гэж асуусанд Гэгээн, Маарамба хүн таалал болохоор түшмэл болж төрдөг юм гэжээ. Яагаад тэр вэ гэж лавлан асуухад нь, Гэгээн, Өвдсөн хүнд буруу эм өгч нүгэл хийгээд илжгэндээ дөхөж явахгүй юу гэсэн гэдэг...
Хутагтын амьдрал үйл хэргийг товч төдийд хураан өгүүлсэн нь энэ буюу. Шашин хийгээд төрийн үйл хэргийн тухайд дараагийн бүлэг болоод зүйлд тус тусаар ялган тодорхойлсон буй.
Халхын тамга бүхий хутагтын нэгэн, хамба номун хан Жалханз хутагт Дамдинбазар нь шинэ монгол улсын ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад 1923 оны 6-р сард насан хутаг үзүүлжээ.
Г.Мягмарсүрэн: Самади багш, номун хан Жалханз хутагтын судалгаанд холбогдох зарим асуудал УБ.,2005 /Дипломын ажил: Удирдсан багш: Доктор (Ph.D) Г.Очирбат./ 7-18 дахь талаас...