Friday, February 01, 2019

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЗӨВЛӨМЖ: №01

СУМЫН ЗАСАГ ДАРГА,
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН НАРТ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон болно.

Иймд сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Таныг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасны дагуу “хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.

Дурдсан хугацаанд танай сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ямар нэгэн уралдаан, сунгаа, үсэргээ болох учиргүй бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бүрэн хяналт тавьж ажиллах учиртайг анхааруулъя. Учир нь уяачид хувиараа нийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр “Морины ажил хийсэн” гэх нэрийдлээр хяналтгүй уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан тохиолдлууд өмнө цөөнгүй гарч байсан. Үүнд ч Засаг дарга таны хяналт байх учиртай болно.

Хяналтгүй, дур мэдсэн ямар нэгэн уралдаан, сунгаа, үсэргээ болсон тохиолдолд хуулиар үүрэг хүлээсэн сумын Засаг дарга таныг болон оролцогч уяачдыг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын дагуу “Хүүхдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр арга хэмжээ тооцох үндэслэл болохыг анхааруулан сануулж, зөвлөж байна. 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол болон Аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/29 тоот захирамжийг уяачид, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд сурталчилан таниулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд сар бүрийн 25-ны дотор Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдээлж ажиллахыг үүгээр мэдэгдье.

Цахим шуудангийн хаяг: zavhan@fcy.gov.mn
Холбоо барих утасны дугаар: 7046-2202, 7046-2339 /ГБХЗХГазар/
9995-5950 /Б.Мягмаржав: Хүүхдийн хамгааллын үйлчилгээ хариуцсан ажилтан/

“Хүлэг морины баяр бол үе дамжсан Малчин заяат хүмүүний дээд эрдэм болсон морь уях арга ухааны бахдал, уяач хүмүүн, унаач хүүхэд, унаган морь гурвын зохицолдуулсан хөдөлмөр, энх мэндийн жаргалангийн баяр мөн” болно. Гэвч: Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхлоос давсан өв уламжлал, үнэт зүйл, уралдаан наадам, баяр бахдалын илэрхийлэмж гэж байх учиргүй!.

Иймийн учир сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Таныг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, идэвх санаачилга, Хүүхдэд ээлтэй удирдлагын манлайлал гаргаж, Хүүхдийн эрхийн зөрчилгүйгээр хамтран ажиллахыг хүсч уламжлав.

Уяач нь хууль, дүрмээ дээдэлсэн, уралдаанч хүүхэд нь барцадгүй мэнд, уясан хүлэг нь хурдан, уралдааны зам нь будлиан маргаангүй, энх урин цагт дэнж хотойтол-дэлгэр сайхан, дэгтэй журамтай-түвшин амгалан наадахад Монгол наадам, Хурдан хүлэг морины баярын мөн чанар оршино.

Хувийг: “Очирваанийн хүлэг” морин спорт уяачдын холбоонд.
Хавсралт: 6 хуудастай.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ     Г.МЯГМАРСҮРЭН

ХАВСРАЛТУУД:

No comments:

Post a Comment