Аврал гурван эрдэнийг тахиваас сайн буян хурах
Амьтны амийг аварваас насны хишиг хурах
Ачит эцэг, эхээ хүндэлвээс амар жаргал хурах
Адаг доордсыг асарваас аугаа хүчин хурах
“Авах гээхийн дөрвөн мөрт- шүлгээс...
Санскрит хэлээр “шарана” (sarana), түвд хэлээр “жав” хэмээдэг үгийг монгол хэлнээ “аврал, итгэл, ивээл” хэмээн орчуулдаг.
“Аврал одуулах” хэмээсэн холбоо үгийг шууд байгаагаар нь ойлговол, хэн нэгэнд аврал ивээл явуулж туслах гэсэн утгатай мэт санагдана. Гэвч тийм бус. “Чухаг дээд гурав”-ыг шүтээн болгож, өөрийн оюуныг түүний зүгт явуулах буюу одуулахыг өгүүлж буй. Өөрөөр хэлбэл, авралын орон болсон “чухаг дээд гурав”-т оюун ухаанаа одуулж, зүрх сэтгэлээ даатган тушаахыг хэлдэг. Гэхдээ, чухаг дээд гурав хэмээх нь хүссэнийг биелүүлдэг ид шидэт зүйл бидний гадна байдаг гэж ойлговол буруу болно. Тэр бүгд бидний сэтгэл дотор байгаа юм. Чухам бодтой аврагч ном чухаг дээдэд сэтгэл оюунаа төвлөрүүлж, түүнийг авралын орон болгох тухай Монголын уламжлалт гүн ухаанд сургасан байдаг.
Хуурмаггүй авралыг заан үзүүлэгч Бурхан багш (Будда), бодтой авран туслагч ном, авралыг бүтээхийн хань нөхөр бологч хуврагт аврал одуулахдаа, өөрийн болон бусдын зовлонг танин мэдэж, түүнийг амсаж эдлэхээс үнэнхүү айж, тэрхүү зовлонгоос аврах чадал “Чухаг дээд гурав”-т буй хэмээн бат итгэж суралцахуйн үе шатаар сэтгэл оюунаа жолоодох л эрхэм бөлгөө.
Аврал одуулахын тулд эхлээд өөрт байгаа гэм алдлаа хорьж сайныг бүтээх ёстой бөгөөд түүнийг дараах байдлаар илэрхийлнээ.
Үүнд: Хорихын сургаал хийгээд бүтээхийн сургаал гэж ялгах ба хорих нь гурван зүйл байна.
Бүтээгч тэнгэр тэргүүтнийг аврагч гэж үл үзэх, аливаа амьтанд хорлол хүргэхгүй байх, буруу үзэлд үл автах хийгээд хилэнц ихтэнтэй үл нөхөрлөх зэрэг болно.
No comments:
Post a Comment