Sunday, April 17, 2011

“Чухаг дээд гурав”...

“Гончогсүм” гэдэг нь “Чухаг дээд гурав” хэмээсэн утгатай түвд үг юм. Санскрит хэлээр бол “Трирадна” буюу “Гурван эрдэнэ” гэдэг.

Тэрхүү “Гурван эрдэнэ” буюу “Чухаг дээд гурав” нь бурхан, ном, хувраг эдгээр болно. Санскрит хэлээр “буддха, дхарма, сангха”; түвд хэлээр “санжай, чой, гэндүн” хэмээдэг.

Бурхан чухаг дээд хэмээх нь замбуутивд бодтой морилж байсан Бурхан багш (Буддха) тэргүүтнийг хэлнэ. Тэгэхдээ ертөнцийг язгуураар нь танин ухаарч, гэгээрснийг Буддха /Бурхан/ хэмээдэг. Өөрөөр хэлэхүл, төгс гэгээрч, бурханлаг чанартаа хүрсэн бодгалийн уг язгуурт буй бурхан чанарыг нь бурхан гэж байгаа юм. Бурханы зүрхэн буюу тийм бурханлаг чанар бол хүн бүрт байдаг бөгөөд хүн бидний дотоод боломж юм гэж Монголын бурханы шашинд үздэг. Бурханы шашин хүнийг тэрхүү бурхан чанарт нь хүргэн хөгжүүлж, гэгээрүүлэхийг зорьдог.

Ном чухаг дээд хэмээх нь бурхан багшийн номлосон сургаалыг хэлнэ.

“Ном чухаг дээд” буюу Бурхад, хутагтын сэтгэлд байх нисваанисыг хорин хааж, тэвчин үйлдэх эрдмийг эзэмшиж, төгс гэрээрэх боломж, чадамж хүн бүрт бий. Гагцхүү сэтгэлийн их тэнхээ, оюуны төвлөрөл, биеийн тэвчээр тэргүүтэн эрхэм бөгөөд бага багаар, тасралтгүй сэтгэлдээ дадуулж, цаг үргэлжид нисваанисыг сэрэмжилж хорьсоор Ном чухаг дээдийг эрдмийг эзэмшиж болно. Зүйрлэн өгүүлэхүл: Мод тарихад, эхлээд үрийг суулгаад, цаг ямагт арчилсаар байтал, урган ургасаар нэг мэдэхэд салаа мөчир нь тоймгүй олон, нүсэр том мод болсон байдагтай адил юм.

Бурхад, хутагт нар өөрийн сэтгэлд байх тэрхүү ариун гэгээрлээ амьтныг зовлонгоос аврахын тулд суралцах мөрийн сургаал болгон айлдсан нь бурханы ном сургаал юм. Тодотгон өгүүлбээс, “Чухаг дээд ном” нь өөрт дамжин уламжилсан нисваанисыг тэвчин хаах хийгээд тэр нисваанисыг хорин үйлдэхийн зам мөн.

Бурханы сайн зарлиг, хөлгөн судар бол сонсож, санаж, үйлдэхийн шүтээн суурь мөн тул “Эшийн ном” хэмээдэг. “Эшийн ном” хэмээх нь уламжилсан, гол, үндсэн сургаал номлол гэсэн утга бүхий болно.

Замбуутивийн зургаан чимэг хэмээн алдаршсаны нэгэн болох багш Игнэн бээр “ном нь мэдэгдэхүүн, мөр, гаслангаас гэтлэхүй, сэтгэлийн орон, буян, цаг үе, сайн зарлиг, гаран урвахуй, магадлал, номын ёсон” хэмээх арван зүйлийн утгатай болохыг айлджээ. Тэдгээрээс “мөр, гаслангаас гэтлэхүй, буян” гурав нь зовлонгоос аврагч номын утгад нийцсэн.

“Ном чухаг дээд” нь чухам бодтой аврал юм. Ном түүнийг өөрөө үйлдэх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс аврал болж үл чадна. “Ном чухаг дээд”-ийг сэтгэлдээ олоход, Бурхан багшаас уламжилсан эшийн судар номоор дамжуулан ухаарч мэддэг тул “хөлгөн судар” тэргүүтнийг дээдэлдэг.

“Хувраг чухаг дээд” хэмээх нь зам мөрийн үнэнийг сэтгэлдээ эзэмшсэн бодгалиуд юм.

Бурхан болбоос авралыг буюу зовлонгоос ангижрах арга замыг үзүүлэгч бөгөөд хувраг болбоос авралыг бүтээхийн нөхөр хань юм.

Магад гарахуйн сэтгэлд хуурмаггүйгээр эзлэгдсэн мэдлийг мөрийн бэлгэ (шинж) чанар гэдэг. Магад гарахуй гэдэг нь энэ насны хотол чуулганд эс шунаж, хорвоог гэтлэх санаа юм. Хорвоо гэдэг нь төрөх, үхэхийн хооронд тасралтгүй хөврөх үйл юм. Хорвоо нь орчих, эргэх хэмээсэн утгатай түвд үг бөгөөд монголоор орчлон, санскритаар сансар хэмээдэг.

Хувраг чухаг дээдийг ухаарахад, мөрийн үнэнийг тодотгон ойлгоход таван мөрийг мэдэх хэрэгтэй. Тэдгээр нь:

  1. Чуулганы мөр
  2. Барилдлагын мөр
  3. Үзэхүйн мөр
  4. Бясалгалын мөр
  5. Үл суралцахын мөр гэсэн тав болно.

Магад гарахуйн сэтгэл эхэлж төрөх үеийг чуулганы мөр, энэнхүү чуулганы мөрийг батад дадуулсныг барилдлагын мөр гэх бөгөөд хоосон чанарыг илэрхий үзэхийн үеийг үзэхүйн мөр хэмээдэг.

Үзэхүй мөр, бясалгалын мөр, үл суралцахын мөрийг олсон бодгалийг хувраг чухаг дээд гэдэг.

Товчоор өгүүлэн хэлэхүл: чухаг дээд гурав буюу гурван эрдэнэ нь ертөнцийг уг язгуураар нь ухаарч, гэгээрсэн бурхан багш, гэгээрэхүйн замыг заагч түүний сургаал, гэгээрэхэд хөтлөгч хувраг гурав юм.

1 comment:

  1. батцэнгэл4/17/2011

    сайн байна уу? бурханы шашинтай холбоотой зүйл илүү ихийг бичээрэй. амжилт

    ReplyDelete