Sunday, February 27, 2011

Бүтээн цогцлуулсан бүхэн манай намтай хүйн холбоотой

МАХН-ын дарга асан Н.БАГАБАНДИ

Монгол Улсын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам 90 жилийн ойтойгоо итгэл найдварын гэрэлт бамбарыг өндөрт өргөн золгож байна. Энэ ой бол ард олныхоо итгэлийг хүлээж, эрх барин засаглаж байгаа намын түүхт ой. Улс орныхоо хөгжил дэвшлийг удирдаж, хүн ардынхаа аж амьдралыг дэвжүүлэн дээшлүүлж чадна гэсэн өөдрөг гэгээн найдвар өвөрлүүлэн буй намын яруу алдарт ой.

Өнгөрснөө магтах гэсэн хүнд гэрэл нь, муулах гэсэн хүнд сүүдэр нь харагддаг. Сайн, муу нийлж сав дүүрдэг хойно хоёр зуун дамнан оршин тогтнож байгаа улстөрийн хүчинд гэрэл сүүдрийн аль аль нь байсан нь тодорхой. Гэрэл, сүүдэр хоёрыг ялгаж салган олж харах билгийн мэлмийтэй, зөв бодолтой хүмүүст Ардын намын туулсан замнал наран ургах мэт гэрэл сацруулан тодоос тод туяарч байна. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тэмцэн баталгаажуулж, сахин хамгаалж ирсэн бахдам бөгөөд баатарлаг гавьяа Монгол Ардын Намд зүй ёсоор ногдоно. Өнгөрсөн 90 жилд Монголын хамгийн үнэт дээд баялаг-эрдэнэт хүн тав дахин өссөн. Үүнийг Монгол Ардын Намын хүн амын зөв бодлогоос тусад нь авч үзэх үндэс байхгүй. Зөвхөн тооны хувьд өсөөд зогсоогүй монгол хүний эрдэм боловсрол, эрүүл мэнд, чадвар чадавхи үлэмж өссөн. Өнгөрсөн зууны хориод оноос хойш Монгол газар шороон дээр бүтээн цогцлоосон бүхэн Монгол Ардын Намын нэртэй хүйн холбоотой. Монгол Улс ертөнц дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн хамтын нийгэмлэгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, олон улсын нэр хүнд өссөн нь Монгол Ардын Намын гадаад бодлогын жанжин шугам зөв байсны бодит нотолгоо. Ардын Намын түүхийг Монгол Улсын түүхээс салангид тусад нь авч үзэх аргагүй. Монгол Ардын Намын 90 жилийн түүх бол Монгол Улсын түүх. Монгол Ардын Намын 90 жилийн түүх гэдэг бол маш чухал зүйл бөгөөд бид өөрсдийн өвөг дээдсийн амжилт хийгээд алдаанаас бүхнийг суралцах аугаа их сан хөмрөг билээ. Аливаа улстөрийн хүчний оршин тогтнох хүч чадлын эх сурвалж нь олон түмний итгэл. Ард түмний итгэл хэмээх аугаа хүчийг өөртөө хэдийчинээ ихийг хураан хуримтлуулж чадна, улстөрийн нам төдийчинээ хүчирхэгжинэ. Ардын нам ард олныхоо итгэлийг дааж чадах, итгэлийг зүтгэлээр хариулах өндөр ёс суртахуунтай нам байсаар байх болно гэдэгт бүрнээ найдаж байна. Цаг үеэ мэдрэх мэдрэмж, ирээдүй цагийг угтан харж, тосон авах ухаан, орчин нөхцөлд зохицон шинэчлэгдэж амьдрах чадвар зэрэг нь намын хүч чадлыг нэмэгдүүлэх шавхагдашгүй эх ундарга мөн. Орчин цагийн улстөрийн дорвитой хүчний бодлого, үйл ажиллагааны хамгийн чухал зүйлийн нэг нь хэлэлцэн тохирох чадвар, зөвшилцөх урлаг юм. Энэхүү чадвар, урлагт үргэлж суралцах ёстой. Зөв хүмүүсээр удирдуулсан, зөв бодлоготой нам цаг үеэ түүчээлэн, улс орноо хөгжил дэвшилд жолоодох хосгүй тавилантай. Манай Ардын нам үеийн үед ийм заяа тавилантай нам байсаар байгаасай.

http://nam.mn/newsRead/266

Иргэн хүний хувьд өгүүлэх нь:

НЭГЭН ЗҮЙЛ:

Түүхийн үүднээс сэтгэнэ гэдэг нь тухайн цаг үе нь тэр үедээ боловсронгуй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх буюу түүхэнд түүхэн зүхлийн үүднээс бус, түүхэн ухаарлын үүднээс хандахын чухлыг хэлэх болой. Ингэж байж гэмээнэ бид, түүхийн бодит үнэнийг ухааран ойлгох, хойч үедээ үнэнийг үл гажуудуулж ойлгуулахын сацууд, түүхийн бодит үнэнээс суралцан амьдрах, алдааг үл давтан урагшлахын гайхамшгийг олохын учир ийн бөлгөө...

Учир иймийн тул, Монгол эх орон, та бидний жаргалант амьдралын төлөө тугийн зэв шиг босож, тулганы гал шиг ассан, аугаа эх орончид, алдарт өвөг дээдсийн маань сүлд хийморь өнө мөнхөд ивгээж, Монгол эх орон маань мандан бадарч, цэцэглэн хөгжихын ерөөл талбия.

Миний блогт зочлогч, Монгол бөхийг шимтэгч Та бүхэнд, Монголын эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

1 comment:

  1. Anonymous3/01/2011

    Uneniig l helsen bn. Tuuhend hundetgeltei handah heregtei shuu.

    ReplyDelete