Monday, December 06, 2010

“ИХ БӨХ” Цэргийн Шагж

Улсын арслан “Цэргийн” хэмээх Шагж 1903 оны туулай жил одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Өвөр туужуутын өвөлжөөнд “Хөх” хэмээх Санжмятавын 5 дахь хүү болон мэндэлсэн.

Ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан АРСЛАН цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхүл манлайд нь бичигдэх тэрвээр ахархан хугацаанд аугаа их амжилтыг бүтээсэн ажгуу.

Шагж арсланг биеэр том биш, одоогийн у.ар П.Дагвасүрэнгээс арай биерхүү, цээж их бахим, дээрээс нь харвал тэг дөрвөлжин гэмээр харагддаг байсан гэлцдэг. Баруун, зүүнгүй тонгорох, гүйх, давхар хамах мэхийг ихэвчлэн хийдэг байсан гэх бөгөөд давхар хамахдаа учраа бөхөө гар дээрээ өргөж цацах хэлбэрээр газардуулдаг хэмээн бөхийн түүхнээ тэмдэглэгджээ. Мөн бариа зөрөөн дээр учраа бөхийнхөө 2 мөр руу нь хүчтэй алгадах /түлхэх/ мэхийг хийдэг, энэ мэхэнд нь Архангайн Өлзийтийн Босоо хэмээх Банзар арслан ч ойчиж асан тухай бөхийн ам дамжсан яриа бий...

1927 онд анх 24 настайдаа улсын наадамд зодоглон хүчит 960 бөхөөс 8 даван дөрөвт үлдэн заан цолонд шууд хүрсэн байна. 9-ийн даваанд у.ар Мээтэн Аюурт өвдөг шороодов. /Энэ жил Буур Жамъян \Ар.х/Цахир\ түрүүлж, Мээтэн Аюур \Өв.х/Сант\ үзүүрлэн, Цэргийн Шагж, Босоо Банзар \Ар.х/Өлзийт\ нар дөрөвт үлджээ.../

1928 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход 9 даван Мээтэн Аюур арслантай тэргүүн байрын төлөө барилдан үзүүрлэж арслан цолны болзлыг анх хангажээ...

1929 оны улсын наадамд 1000 бөх зодоглоход Хан Тайширын Шагж хэмээн дуудуулсаар Луу гүний алдарт Вандан аваргаар 9 даван Босоо Банзар арсланд өвдөг шороодон дахин үзүүрлэж, арслан цолны болзлыг хоёр дахь удаагаа биелүүлжээ...

1930 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход түрүү жилийн наадмын үзүүр, түрүүний хоёр бөх учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсаар тэргүүн байрын төлөө барилдахаар зүүн, баруун талын засуулуудаа ханаруулсаар гарч ирэв... Босоо Банзарыг суйлахад зөруулж халз хутгаад, мэх дутуудахад нь тонгороод давжээ... Ийнхүү ардын төрийнхөө их баяр наадамд 10 даван түрүүлж аварга цолны болзлыг биелүүлэв...

Гэсэн хэдүй тийм боловч 2 удаа 9 даван үзүүрлэхэд нь арслан цолыг олгосонгүй, харин сая 10 даван түрүүлэхэд нь арслан цолыг олгосон гэх мэдээ бий...

Ийнхүү улсынхаа наадамд дөрөвхөн удаа барилдахдаа 1 удаа 10 даван түрүүлсэн, 2 удаа 9 даван үзүүрлэсэн, 1 удаа 8 даван их шөвөгт шалгарсан гайхамшигт амжилтыг тогтоосон тэрвээр ахин улсын наадамд зодоглоогүй байна...

Шагж арслан 1925 оны Завхан аймгийн баяр наадамд шөвгөрч, 1927 онд түрүүлсэн байдаг. Мөн 1929 оны Хэнтий аймгийн баяр наадмад түрүүлсэн билээ...

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Үндэсний их баяр наадмын тухай” хуулиар бол Монгол улсын Аварга, бүр Далай аварга ч байж болох бөх юм аа....

Монгол бөхийн түүхнээ гэнэт л од мэт гялалзан гарч ирсэн тэрвээр цагийн ороо бусгаа байдлаас улбаалаад мөн гэнэт л харваад явчихсан аж... Бие, бяр, ухаан ид тэгширсэн 29 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. /1932.05.13-нд Тариатын хүрээнд тулалдаж байгаад амь эрсэдсэн гэх мэдээ бий.../

Завхан аймгаас АХ-ын жилүүдэд аварга цолтон төрөөгүй гэж хэлж болох... Албан ёсоор төрсөн ганц аварга нь засаг захиргааны хуваариар Говь-Алтай аймгийн Жаргалан суманд шилжсэн....

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын хүчит арслан “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж агсанд УЛСЫН АВАРГА цолыг нэхэн олгох нь Монгол төр, Монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээг жинхэнэ утгаар нь хүндэтгэж, ивгээлдээ авч буйн илэрхийлэл мөн мэт санагдах...

/Тод: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан \7.1.5\, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга \7.1.6\, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно. \7.2\ “Үндэсний их баяр наадмын тухай” хуулиас.../

Өнөөдөр МҮБХ-ны VI “Их Эе” хуралдаж байна. Мөн ирэх жил түүхэн дөрвөн ч тэгш ой давхацсан содон жил болно. Хүчит 1024 бөх барилдуулж баярлана. Тиймээс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, ҮЭЧХ ялсны 100, АХ-ын 90 жилийн ойгоор Шагж тэргүүтэй аваргуудад албан ёсоор АВАРГА цолыг нь нэхэн олгох буй за. Шагж тэргүүтэй хэмээсний учир нь, Завханы “Урт гарт”, “Хамбын бор” хэмээх Маамын Лхагва, Төвийн орон даяар сумынхаа нэрээр мөнхөрсөн “Мөнгөнморьтын” хэмээх Лувсанмөрийн Чимэд нарын АРСЛАН-гуудыг ч хэлж буй хэрэг билээ... Энэ нь цолыг, гавъяа шагналыг өнөө цагт, үнэ цэнэгүйгээр тараадаг шиг бөөндөж буй хэрэг огтоос бус, авсан цолыг нь л авсан эзэнд нь, үгүй яахав дээ хожуу боловч өгч буй хэрэг юм даа... Аварга АВАРГАараа л төрдөг. Аваргаараа төрж, Аваргаараа амьдарч, Аварга цолоо авч чадсан АВАРГУУДАА арслан хэмээхүй нь хэр зохистойв дээ? Бид эцэг өвгөдөөс өвлөсөн Монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээг цэвэр ариунаар нь, үнэн зөвөөр, шударгаар авч явах УЧИРТАЙ...

/Жич: Энэхүү өгүүлэл нь jalkhanz.bblog.mn (2008-12-23 18:48:07)-д нийтлэгдсэн. hiimori.mn/buh-д ч нийтлэгдэж байсан болно. Энд нэмж засварлан бичвэй. Харин Даваажанцан гэсэн зохиогчтойгоор бас бус энэ тэнд нийтлэгдсэн. Яг энэ сэдвээр, яг надтай адил сэтгэж, бас үг, үсэг, цэг, таслал гээлгүй яг нэгэн адилаар бичиж буй нь ихээхэн сонирхолтой л байгаа юм даа.../

5 comments:

  1. Anonymous12/06/2010

    Uneheer l iim yum bol Elbegdorjid heleech hu. Tsaad teneg chini minii naiz bish geed... xa xa xa. Bolohgui bi helii hu. Yun Baljinnym ene ter. ene chini augaa buh bn shuu dee. Nymdorj ene ter odoo yugaa hiij bsiin be.............

    ReplyDelete
  2. Anonymous12/06/2010

    ter davaajantsan odoo yu ch medehguim baij hunii bichsen yum hulgai hiij bdag hogiin gar bna daa. aygui bol buh sudlaach geed ih eyed baij magadgui shuu. avarga avargaaraa l tordogdoo

    ReplyDelete
  3. Шагж, Лхагва, Чимэд арслан нарын хувьд бол улсын наадамд тус бүр 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн бөхчүүд юм. Лхагва арслан бээр 1931 оны 1000 бөхийн үзүүр, 1933 оны 880 бөхийн түрүү, 1939 оны 512 бөхийн үзүүр бөх юм. Лхагва арслангийн 2 үзүүр хоёулаа асуудалтай. Бүр хүмүүсийн тодорхой ярьдаг нь 1939 оны наадам. Наадмаас хэдэн хоногийн дараа, наадмын түрүү бөхийг зарласан энэ тэр гээд л... Угаасаа л АВАРГА хүн. Чимэд арслан бээр 1934 оны 1024 бөхийн үзүүр, 1935 оны 720 бөхийн түрүү, 1936 оны 1024 бөхийн үзүүр бөх билээ. Банзар арслангийн хувьд улсын наадамд 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн бөх. Онцлог нь 1929 оны 1000 бөхийн түрүү, 1930 оны 1000 бөхийн үзүүр. Банзар арслантай адил амжилттай бөх бол Өвөрхангайн Сантын Мээтэн хэмээх Ономжавын Аюур арслан. 1928 оны 1000 бөхийн түрүү, 1927 оны 960 бөхийн үзүүр бөх. Ийнхүү Монголын бөхийн түүхэнд содон амжилтыг үзүүлсэн хүчтэнүүд олон бий. Амжилтыг зөв, шударга үнэлэх учиртай. Үнэн л гэж байдаг бол шүү дээ.....

    ReplyDelete
  4. saihan ch bu bj, gaihamshigtai ch amjilt bn. AVARGA yum bn

    ReplyDelete
  5. Арслан Шагж, Лхагва, Чимэд нарын хувьд бол улсын наадамд тус бүр 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн бөхчүүд юм. Лхагва (Завхан/Идэр) арслан бээр 1931 оны 1000 бөхийн үзүүр, 1933 оны 880 бөхийн түрүү, 1939 оны 512 бөхийн үзүүр бөх юм. Лхагва арслангийн 2 үзүүр хоёулаа асуудалтай. Бүр хүмүүсийн тодорхой ярьдаг нь 1939 оны наадам. Наадмаас хойш хэдэн хоногийн дараа, наадмын түрүү бөхийг зарласан энэ тэр гээд л... Угаасаа л АВАРГА хүн. Чимэд (Төв/Мөнгөнморьт) арслан бээр 1934 оны 1024 бөхийн үзүүр, 1935 оны 720 бөхийн түрүү, 1936 оны 1024 бөхийн үзүүр бөх билээ. Харин “Босоо” хэмээх Баясахын Банзар (Архангай/Өлзийт) арслангийн хувьд улсын наадамд 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн бөх. Онцлог нь, 1929 оны 1000 бөхийн түрүү, 1930 оны 1000 бөхийн үзүүр. Банзар арслантай адил амжилттай бөх бол “Мээтэн” хэмээх Ономжавын Аюур (Өвөрхангай/Сант) арслан. 1928 оны 1000 бөхийн түрүү, 1927 оны 960 бөхийн үзүүр бөх. Ийнхүү Монголын бөхийн түүхэнд содон амжилтыг үзүүлсэн хүчтэнүүд олон бий. Амжилтыг зөв, шударга үнэлэх учиртай. Үнэн л гэж байдаг бол шүү дээ...

    ReplyDelete