ХХ зууны эхэнд тохиосон хоёр их хувьсгалын дараачаар орох, түүний үргэлжлэл гэж хэлж болохуйц үйл бол Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах улсыг дэлхий дахинаа тунхаглан зарласан явдал билээ.
Тэртээ 1924.11.26-нд Нийслэл хотын төв талбайд нийт олны цуглаан болж, МУ-ын Үндсэн хуулийг боловсруулах комиссын дарга, Ерөнхий сайд Б.Цэрэндорж /хичээнгүй сайд/ тусгайлан зассан модон индэрт гарч 6 бүлэг 50 зүйл бүхий Үндсэн хуулийг үг, үсэг, таслал гээлгүй уншиж, нийт олноо сонордуулсан түүхтэй.
1911 онд ҮЭЧХ ялж, Монгол улсын төрийн түүхэн уламжлалыг өртөөлөн, нөгөөтэйгүүр тухайн үеийн нийт ардын сэтгэл санаа, нийгмийн байдлыг харгалзан Хэмжээгүй эрхт хаант засгийн хэлбэрийг сонгосон байдаг. Харин 1921 онд ҮАХ ялж, Шашин-Төрийг хослон баригч хэмжээгүй эрхт Богд хааны эрхийг хязгаарлаж Хэмжээт цаазат хаант ёсыг тунхагласан байна. Энэ үйл явц нь Монгол улс дэлхийн хөгжлийн чиг хандлага, орчин үеийн төрийн тогтолцооны хувилбарыг сонгох эхлэлийн үүд байсан гэлтэй.
Цөөн хэдэн зүйлийг түүхийн баримтад тулгуурлан дурдахул:
1922.05.19-нд анх Үндсэн хуулийг боловсруулах комиссыг байгуулж, даргаар нь тухайн үеийн Шүүх яамны тэргүүн сайд Н.Магсар хурцыг томилсон байна. Харин 1924 оны намар Монголд коминтерний төлөөлөгч Т.Рыскулов хүрэлцэн ирж Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг шинэчилж, Б.Цэрэндоржоор удирдуулав. Нэн сонирхолтой нь хуулийн төслийг зөвлөлтийн хууль цаазны мэргэжилтэй П.Всевятский гэгч бээр бараг ганцаараа найруулан бичсэн байдаг... Үүнийг лавшруулах бус, өгүүлэх нь:
1924.11.08-нд улсын анхдугаар хурал эхэлж, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа өрнөсөн байна. Хуралд 90 гаруй төлөөлөгчийг сонгосны 77 нь хүрэлцэн ирсний 71 нь угсаа, сурвалжгүй ард байсан гэх баримт бий.
17 хоног хуралдсан Анхдугаар их хурал хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцэж 1924.11.25-ны өдрийн 16 цагийн орчим /16 цаг 17 минут гэдэг/ санал нэгтэйгээр Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарласан. Тухайн үед Засгийн газрын байрлаж байсан байр одоогийн Улаанбаатар зочид буудлын суурин дээр байсан хийгээд, хоёр давхар модон байшинд Үндсэн хуулиа өлгийдөн авсан түүхтэй.
Үндсэн хууль батлагдсан үйл явцыг Их зохиолч Д.Нацагдорж: “...үзэгдээгүй сонин гахаймшигт явдал болж, олон хүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” хэмээн дурдан тэмдэглэсэн байдаг.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд: “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой” хэмээчихүй.
Дээрхээс улбаалан өгүүлэхүл:
“Хүний эрх, төрт ёсны үйл хэргийг хуульчлан баталгаажуулж, төрийн засаглалын сонгодог хувилбар БН засаглалын хэлбэрийг сонгож, Монгол түмэн бүгдээр дэлхий нийтийн орчин үеийн чиг хандлагыг өөрийн орны онцлогт тохируулан нийцүүлэх замаар урагшлах нэг томоохон алхмыг хийж чадсан түүхэн чухал үйл явц мөн” гэж дүгнэн хэлж болох.
Өнөөдөр түүхийн асуудалд хэдүй түүхийн олон ургальч үзлийн үүднээс хандаж буй нь сайшаалтай мэт боловч нөгөө талаас түүхийг өөрийн үзэмжээр тайлбарлагчид олширсон нь түүхийн үнэнийг гажуудуулахад хүргэж буй мэт. Өөрөөр хэлэхүл, “Түүхийн үүднээс сэтгэнэ гэдэг нь тухайн цаг үе нь тэр үедээ боловсронгуй байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэсэн түүхчийн байр сууринаас бус, өнөөдрийн ухамсар сэтгэлгээ, цаг үеэр хандаж хэт өрөөсгөл, нэг талыг шүтсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Түүх бол өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээ холбоо хийгээд, ирээдүй өнөөдрөөс бус өчигдрөөс эхлэхийн цаг хугацааны шүтэлцээг ухаарч, түүхэнд “түүхэн зүхлийн үүднээс бус, түүхэн ухаарлын үүднээс хандах хэрэгтэй”-н агуулгыг онон барьж дээр дурдсан Түүхэн үнэний утгыг ойлгон ухаарахын чухлыг өгүүлвэй.
“Түүх бол санамсаргүй, ойчин, цойчин, хэлхээ холбоогүй баримт сэлт, үзэгдэл, үйл явцын жирийн цуглуулга биш, түүхэнд товойж нэрээ үлдээсэн хүмүүсийн амьдрал, тэмцлийн намтар төдий ч биш. Түүх бол хүн төрөлхтөний, эсвэл аливаа улс орны амьдралын залгамж чанарт үндэслэсэн, ертөнцийн хувьсал дахь уламжлах шинжийг агуулсан нэрийн хэлхээ, зүй тогтол бүхий үйл явцын тасалдалгүй үргэлжилсэн гинжин холбоо мөн” хэмээн МУ-ын ерөнхийлөгч асан ШУ-ны доктор, профессор Н.Багабандийн “Дэвшилд шинэчлэл Уламжлалын холбогдол” хэмээх нийтлэлдээ тодорхойлсныг ишлэн дурдсу.
*** *** ***
Та бүхэнд Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 86 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол түмэн та бидний мөр бүтэн, сэтгэл тэнүүн байж, Хайрт эх орон маань цэцэглэн хөгжих болтугай.
Анхдугаар үндсэн хууль
ReplyDeletehttp://tuuh_niigem.blog.gogo.mn/read/entry361153