Saturday, October 20, 2018

ӨНӨӨДӨР ӨЧИГДРИЙН ҮРГЭЛЖЛЭЛ, МАРГААШИЙН УГТАЛ...

Өнөөдөр: Монголын тусгаар тогтнолыг баталсан Бүх ард түмний санал хураалтыг явуулсан түүхэн өдөр. Тэр цагаас хойш эдүгээ нэгэн бүтэн жаран хийгээд арван гурван оныг элээсэн байна...

1945 оны 09 дүгээр сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76 дугаар хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх нутаг дэвсгэр дээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг батлан, 85 дугаар хурлаас санал хураалтыг явуулах зааврыг гаргасан байдаг.


Санал хураах Төв болон салбар комисс /санал асуулгыг 4251 хэсэгт явуулсан/-ууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд бүрэн хангаж чадсанаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах Бүх ард түмний санал хураалт товлосон өдрийнхөө өглөөний 06.00 цаг /06.00-23.00/-т улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн гэдэг.


Санал асуулгад оролцох нэрсийн жагсаалтад 494.074 хүн бүртгэгдэж, 487.285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа илэрхийлж, улсынхаа Тусгаар тогтнолыг санал нэгтэй /100 хувь/-ээр дэмжин баталгаажуулсан түүхтэй. Харин үлдсэн 6791 хүн нь хүндэтгэх шалтгаан /замд явсан, өвчтэй...г.м/-ы улмаас санал хураалтад оролцож чадаагүй байна.


Жич: Санал хураалтанд “будлиан” орно гэж ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа жаныг дагалдсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотын 3, 5, 8 дугаар хороо, Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт санал хураалтын явцыг ажигласан гэдэг. Харин 1946 оны 01 дүгээр сарын 05-нд ДИУ-ын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргаж, 1946 оны 02 дугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцсон аж...


Өнөөдрийн амьдрал, энх цаг Та биднийг унтаж байхад ирсэнгүй. Түүхийн үнэнийг танин мэдэх, хойчийг залгамжлагчдад ухуулан таниулах учиртай...


ТҮҮХЭНД ЦУГААР ТҮҮХЭН УХААРЛЫН ҮҮДНЭЭС ХАНДЪЮУ...

No comments:

Post a Comment