Saturday, October 27, 2018

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЗӨВЛӨМЖ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ БОЛОН
ИРГЭД ОЛОН НИЙТ, ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДЭД

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт “Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх” эрхтэй хэмээн заасан. Энэ нь хүүхэд хүмүүжил, төлөвшлийн хийгээд танин мэдэхүйн явцдаа өөрийн үнэт зүйлээрээ аливаа шашны үйл хэрэг, номлол, сургаалыг даган баримтлах, эс дагахуйн тухай ойлголт буюу итгэл үнэмшлийн хэлбэр юм.   

Гэвч хүүхдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийн асуудал нь насанд хүрсэн хүнийхээс ялгаатай байдаг. Учир нь “хүүхэд эргэцүүлэл, харьцуулалт, шүүн тунгаалт, судлан мэдэх сэдэл тэмүүлэлгүйгээр шууд үзсэн, сонссондоо итгэж, түүгээрээ ертөнцийг харах, улмаар аливааг танин мэдэхүйн суурь нь болдог тул насанд хүрэгчдийн зүгээс бодит мэдээллийг өгч байх нь зохилтой” гэж зарим судлаачид дүгнэлт, зөвлөмж өгсөн байдгийг анхаарууштай.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус “Halloween” нэрт баярыг өргөнөөр тэмдэглэдэг жишиг тогтох хандлагатай болоод байна. Уг баяр нь одоогоос хоёр мянга гаруй жилийн өмнө үүссэн “элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүдийг хөөн зайлуулах” утгатай шашны зан үйл юм. Эдүгээ энэхүү зан үйлийг баяр хэмээн олон улс оронд тэмдэглэдэг ч, ихэнх тохиолдолд агуулга, хэлбэр нь шашны зан үйлийн шинжтэй хэвээр байгаа болно.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтанд үл хамаарна.”; мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.

Иймд төрийн байгууллагын дарга, эрхлэгч болон иргэд олон нийт, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд хандаж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

1. Байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа “Гэр бүлийн боловсрол”-д чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг эрэлт, хэрэгцээнд нь таацуулан зохион байгуулж хэвших, Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухааныг түгээх дэлгэрүүлэх;

2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хуулиар хүлээсэн үүрэг /Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл/-ээ биелүүлж, хүүхдийг сөрөг соёлын нөлөөллөөс ангид байлгаж, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, дэмжин туслах, харилцааны соёл төлөвшүүлэхэд анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

3. Боловсролын байгууллагууд багш, ажилтнуудаа хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга /Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйл/-д суралцуулж, хүүхдийг сөрөг соёлын нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой төлөвлөлттэйгөөр зохион байгуулах;

4. Албан тушаалтан, иргэн бүр Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой аливаа асуудлыг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээллэж хэвших /хамгийн анхад Хүүхдийн тусламжийн утас 108-д хандах/;

Жич: Албан байгууллага, олон нийт “Гэр бүлийн боловсрол олгоход чиглэсэн болон Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай” сургалтыг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг авч ажиллах бүрэн боломжтой болно.

Эерэг хандлага, зөв дадал бүхий эрдэм боловсролтой, эрүүл чийрэг ирээдүй хойчийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх нь Бүх нийтийн үйл хэрэг байх учиртай...

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ             Г.МЯГМАРСҮРЭН

No comments:

Post a Comment