Monday, August 01, 2016

Багшийг шүтэхийн барилдлага-Учрахуйн ерөөл...

Гал бичин жилийн зуны адаг хөхөгчин хонин сарын хүч ихт хөх барс өдрийн алтан туурт, халуун хошуут морин цаг дор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын III буюу Тосон багийн нутаг Хөшөөтийн гол өгсөн орж ирэв. Олон гэрүүд цайран, мал сүүрэг налайн бэлчсэн нь хүн, малын жаргалын орон гэлтэй...

Жалханзын Гэгээнтний “Цагаан хүрээ” байрлан асан ариун номын равнай, шүншиг оршоосон газар орныг зорин яваа нь энэ. Зам тодруулахаар айлуудыг чиглэн явахуйд урд захын нэгэн хот айл хаалгаа дээлгэн урин дуудах мэт. Бид ч ерөөл билэгдэл болгон өнөөх айлд ирэв.

Гэрт орвол гэрийн эзэгтэй эгчмэд бүсгүй шалавлан хөдөлж, биднийг дайлж, цайлав. Хэрэг зоригоо хэлэлцэн, зам тодруулан заалгав. Гэрт 17-18 насны нэгэн цовоо хүү, 10 орчим насны бас нэгэн хүү байв. Гэрийн эзэн ажлаар сумын төв явсан гэх...

Том хүүтэй яриа өдвөл өнөө жил 12 дугаар ангиа төгссөн аж. Хүүгийн нэр Бямбацогт. Аварга БТДС-д суралцахаар болсон, намар Б.Адъяахүү багш дээр очино хэмээн ярив. Ийн бидний яриа багагүй сунжран хуучлав... Эргэн уулзахын ерөөл өргөн, бид зорьсон газраа хүрэхээр жолоо залав.

1873 онд байгуулагдсан Гэгээний хүрээ, Цагаан хүрээ, Жалханзын хүрээ, Буяныг түгээх сүм хэмээх олон нэрээр нэрлэгддэг “Равданчойнхорлин” (rab brtan chos ’khor gling) хийд оршин асан ариун номын газар орноо ирвэй. Нутгийн олон “Гурван модны туурь” хэмээн ярих нь элбэг аж. Үүнийг лавшруулах бус өгүүлэх нь:

Бид зорьсон үйлсээ бүтээгээд буцав. Хийдийн ар, Хавтгай модны дөрөлжинд түр саатан дөрөө мултлав. Тэр даруйд нэгэн хурдан хүлэгт унаатай дунд эргэм насны хүн мэндлэн золгов. Мэнд мэдэлцэв, байгаа идээгээрэй дайлав. Хэрэг, зоригоо ярилцав, хууч хөөрөв. Би ч уншсан, судалсан бага зүйлсээ ярьж, ах нутгийн түмний хууч, домгийн тухай яриа дэлгэв. “Жаа-ханз” /Хөвсгөл нутгийнхан ийн дууддаг/-ын гэгээнтний шавь ажээ. Ах их л бэлэгшээж, урам хайрлав...

Дараа нутгаар явбал заавал зочлоорой хэмээн зуслангаа сайтар заан ярибал, өмнө зам тодруулан лавласан гэрийн эзэн болж таарав. Ахын алдар Жадамбын Амартүвшин. Бидний яриа илүү гүнзгийрэв. Түүний аав Жадамба сайхан морь уядаг, нутаг орондоо нэр хүндтэй буянтай буурал байжээ. Харин дээд удамд нь Жаа-ханзын гэгээнтний шавь Манзушир заан хэмээх нэртэй бөх байсан гэнэ. Тийм учраас бөхийн удмаа таслахгүй хэмээн сэтгэн том хүүгээ бөх болгохоор шийдсэн юмсанж. “Уг нь манай хүү улсын сургууль авах оноо хүрсэн л дээ, гэхдээ би хүүгийнхээ 4 жилийн амьдралыг мэдчихье” гээд бөхийн сургуульд оруулсан тухайгаа бидэнд сэтгэл нээн ярих нь сайхан. Мөдхөн А.Бямбацогт хэмээх залуу хүчтэн тодрох гарч, түмнээ баясган, ахын хүслийг гүйцээхийн тэгш дүүрэн ерөөл, дэлгэр амжилтыг хүсье.

Миний бөх, моринд дуртайг хэлэх үү, Гэгээнтний талаарх намтар, хууч яриаг сонсох тэмүүлэл их байсныг хэлэх үү, Бидний богино боловч үнэ цэнэтэй яриа, уулзалт сайхан байлаа.

Нэг л сэтгэл дотно, амгалан жаргалтай сайхан байсан ахул ийн дурсан бичив...

Багшийг шүтэхийн барилдлага-Учрахуйн ерөөл энэ буй за...

Гал бичин жилийн зуны адаг хишиг буянт хөхөгчин хонин сарын
Балжинням тохиосон хөхөгчин туулай өдөр 

1 comment:

  1. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Завханчуудын Далай Ээжийг зорих аяллын зураглалд "Гурван модны туурь"-иар орон нүд үзэж, сэтгэл баясахын ерөөл тогтог...

    ReplyDelete