Saturday, February 06, 2016

Алдаpхаан сумаас 24 жилийн дараа Улсын Сайн Малчин дахин ихэрлэж төрлөө

Улиран одож буй модон хонин жил өлзий дэмбэрэлтэй, тэгш дүүрэн, дэлгэр сайхан жил болон өнгөрч байна. Тухайлахул: Улсын хэмжээнд Буянт мал сүргийн тоо толгой төрөл тутам /7,7 хувиар буюу 3997,2 мянгаар/-д өсөн арвижиж 56 сая /55979,8 мянга/-д хүрэв... Монголын тамирчид дэлхийн дэвжээнд ид хаваа гайхуулан алтан соёмбот төрийн далбаагаа олонтаад мандуулсан, Монгол тамирчдын шударга өрсөлдөөний талбарт гаргасан бахдам амжилт анхлан дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдсэн, Монгол хүний оюун сэтгэлгээний царыг дэлхий даяар бахдан сайшаасан тэргүүтэн тоочвол уртаас урт цуваа үргэлжлэх...

Зол жаргалын Завхан нутагтаа заяагдан оршсон Очирваанийн орны ард олны тухайд ч тэр ололт амжилт дэлгэр байв. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй голлодог тус аймаг хонин жилд эрдэнэт 5 хошуу мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж, 3 сая /3133.0/ давсан малтай боллоо.

Тэгэхүл, алдар гавьяатан, домог түүхийн өлгий Алдархаан нутгийн зон олны тухайд мөн нэгэн адил үйлс бүтээл өрнүүн дэлгэр, ололт амжилтаар дүүрэн жил байв. Хонин жилд мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж 221,9 мянган /221924/ мал данслуулан аймагтаа мал сүргийн тоогоор тэргүүлэв. Таван хошуу малын нэр төрлөөр нь авч үзвэл ямаан сүргийн тоо толгой /119461/-гоор мөн манлайлав. Алдархаанчуудын хонин жилд гаргасан амжилт ололтын арвин хурыг үнэлж Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 тоот захирамжаар 11 Сайн малчин, 10 Алдарт уяач буюу нийт 21 эрхмийн амжилтыг үнэлэн алдаршуулав...

Үүнийг лавшруулан өгүүлэх бус өгүүлэх нь:
Тэртээ 1992 оны усан бичин жилд Алдархаан сумаас Улсын Аварга Малчин ихэрлэн төрснөөс хойш эдүгээ 24 жил өнгөрчээ.
Тодруулахул: 1987-1991 онд жил бүр дунджаар 561-638 эм хонь хариуцан төлийг 105,3-108,1 хувиар бойжуулж, үйлдвэрлэл, ашиг шимийн төлөвлөгөөг биелүүлсэн амжилтаар ХААЯ-ны 100 давсан хувьтан дипломын эзэн, Аймгийн хошой аварга, сумын 6 удаагийн аварга, “Алтан гадас” одонт Өгөөмөр багийн малчин Гаанжууржавын БЯМБАА; 1987-1991 онд 409-713 төлөг, борлонг 95-98,8 хувиар онд оруулан ашиг шим, үйлдвэрлэлийн даалгавраа давуулсан амжилт /Улсын энх сүрэгтэн/-аар VII, VIII таван жилийн гавшгайч, “Алтан гадас” одонт Богдын гол багийн малчин Долгорын ДАМЖИН хэмээх эрхмүүд “БНМАУ-ын Аварга Малчин”-ы алдарт хүрсэн түүхтэй.   

Харин өдгөө гал бичин жилийн босгон дээр буюу 24 жилийн хойтод Алдархаан сумаас Улсын Сайн Малчин дахин ихэрлэж төрлөө. Түүх давтагдав.

Мал маллах арга ухаан, ажилсаг хөдөлмөрч-төрөлх чанар, хувь хүний зан ааль, нөхөрсөг, хүнлэг чанараараа олонд хүндлэгдсэн, дунд үеийн малчдын төлөөлөл Алдар багийн малчин Галяхүүгийн БАТЖАРГАЛ Монгол Улсын Сайн Малчны алдарт хүрэв. Олон жилийн уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлэв. Олноор хүрээлбэл зохилтой, нуруу түшсэн нутгийн эрхэм хүмүүн, залуу малчдын даган дуурайхын үлгэр болж чадсан нэгэн бол Г.Батжаргал юм.

Эцэг өвгөдийн малч удмыг өвлөж, мал маллах арга ухаанаараа бусдаас ялгарч, мал сүргээ төрөл тутамд өсгөн үржүүлж, цугаарыг манлайлан ажиллаж буй мөн дунд үеийн малчдын төлөөлөл Дамбын ЦЭРЭННАДМИД Монгол Улсын Сайн Малчны алдрыг хүртэв. Түүний аав Дэмчигийн Дамба нь Аймгийн Аварга малчин, буянтай буурал байв. Харин төрсөн ах Д.Сэтэвжав нь 1976 оноос 597-634 эм хонь хариуцан авч ашиг шимийн даалгаврыг 100-101,4 хувиар хангаж, ноосны 94-96 хувийг хэвийн үргэлжид тушааж амжилт гаргасны учир 1991 онд БНМАУ-ын Аварга Малчны барианд орсон байдаг. Ийнхүү удам дамжсан малчин Д.Цэрэннадмид 25 жилийн дараа ахынхаа амжилтад хүрч нутгийн өргөн олон түмнийхээ магнайг тэнийлгэв...

Малчин хүний нийгмийн ухамсар, хариуцлагыг өндрөөр ухамсарлаж цугаар олны түүчээ болон зүтгэсэн, хөдөлмөр бүтээлийнхээ бодит үр, үйлсээрээ УЛСЫН САЙН МАЛЧИН хэмээх цолонд хүрсэн нутгийн хоёр ахдаа болоод тэдний гэр бүл, ахан дүүст баяр хүргэж, сайн сайхны дээдийг хүсье.

Алдархаанчуудын ололт амжилт, алдар хүндийн цуваа үргэлжилсээр...

Алдархаан-Аргалант-Анжгайн Г.Мягмарсүрэн
“БНМАУ-ын Аварга Малчин”, нутгийн нуруу түшсэн буянтай буурал Д.Дамжин гуайд хоёронтаа шагнал гардуулах аз тохиожээ...
/2011 он АХ-ын 90 жилийн ойн медаль, 2015 он Аймгийн Алдарь уяач/
Алдархаан сумын Алдар багийн харьяат Улсын Сайн Малчин Г.Батжаргал:
/2013 оны жилийн эцсийн мал тооллого, Хонины бэлчээрт... Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар шагнаж, ажлын амжилт хүсч байв. Тэр жил Улсын Сайн Малчинд нэр дэвшиж байсан болно/

2 comments:

  1. Тоон мэдээллийг: Аймгийн СХ-ийн цахим хуудас болон Д.Балжинням, "Яруу замналт Алдархаан" (Нэгэн зууны түүх оршвой) УБ,2002 номноос авсан болно.

    ReplyDelete
  2. Үндэсний статистикийн хороо

    ReplyDelete