Цэвэг-Очирын Эрдэнэбаатар /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг
Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад
Хулчгар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов
Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов...
Ашгүй минь...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдлэхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах
Таана ханхалсан талдаа тааваараа амьдрахаар
Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-аас алдуурч
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно.
Хөөдэйн ЭРДЭНЭБААТАР:
ReplyDeleteУУЛЫН ХОТЫН ӨГЛӨӨ
Цөгцийн тулга мэт зүмбэр ууланд
Зүүн суганаас наран цухуйж байнам
Голын эрэг дамнуулан гүүр мэт нисэх хараацайнаас
Холын шуудангийн сураг-тэрэг мэт хөлсөлнө
Дэлгэцэнд өрсөн ааруул мэт харагдах
Гэр, байшин, гэрлийн шон шоволзоно
Дарга, даамал, их сургуулийн профессорууд нь ч
Дулаан хөнжилдөө гүн шигдэн зүүдэлнэм.
Сэрсэн цэцэгсийн дээгүүр
Дүйнгэдүү шумуул нисэлдэж
Дэрсэн хошуугаараа
Зөрсөн амьтныг хатгана
Нарны үнэрт хагас мансуурсан морьд
Ширэгний захын хулс мэт дохилзоно
Гэрлийн халуурал уулын хотыг бүрхэж
Гэрүүд, хөлөрсөн малгай мэт зураасална
Хаяавчийн сэлгээнд өвгөд тамхилж
Хажуу айл руу утаа нь нүүнэм ...
Албаны цүнх сугавчилсан хархүү
Алдаж харайгаад шуудуунд ойчлоо
Гэргий нь бололтой ялдам бүсгүй
Гэмшсэн янзтай банзлаа шуунам
Өчигдрийн наранд цохиулсан толгой бөхийсөн
Өвсний тууринд амьсгаа битүүрэх цэцэгс
Мөд сэрэхээргүй голын эрэгт налсана
Жин үдийн тэнгэр бин битүү хүлэмж
Жигнэгдсэн хот, хөлөрсөн толь мэт
Ирж яваа хүмүүс шилбээ даган урсаж
Инээмсэглэлдээ шингэж шингэрмүй.
Өдрийн сарны хагалбар хөх усанд хөвж
Өглөөний будан айлуудын үүдэнд сэмэрнэ
Эвэр бүрээний гуншаадуу аялгуу
Их голын хуучин гүүрийг тэгнэж
Эртний хотын “Сийлэн бөөр”-ийг урлана
Хагалж шидчихсэн тарвасны үнэр
Хажуугаар зөрөх үнээдээс сэнхийнэ
Шидэрхэн танилцсан бэсүд охины
Шинээлтсэн үгс сэтгэлд урсана
Хомоол хараад адуу хэмээн санах
Хоосон чанарын дэгтэй ертөнцөд
Гэрийн тооноор тэнгэр ширтвэл
Гэгээн зууны зүүн сүвэгчээр
Гэтсэн түүхийн алдаа сүвлэгдэнэ ...
Мулцангийн УЯНСҮХ
ReplyDeleteОРЧЛОНГИЙН ЯВДАЛ
Өнгөрсөн шөнө хажуу айлын сайхан эмээ нас барчихаж!
Яагаад гэдгийг бүү мэд! Би түүнд гашуудахгүй байна
Өглөө сэрэхэд цонхон доор ноорхой жаалхүү дуулаад байсан
Яагаад гэдгийг бүү мэд! Тэр дуу надад сонин биш байна
Дээвэр нэвт дусаал гоожоод, нимгэн таазанд нөсөө үүсчихэж ...
Яагаад гэдгийг бүү мэд! Миний сэтгэл халтартсан байна
Дэлхийг заавал мөргөх ёстой сүүлт одод айсуй явна
Яагаад гэдгийг бүү мэд! Энэ мэдээ надад таалагдаж байна
Нэг хүүхэнтэй болзсон юм сан! Өөр хүнтэй нөхцсөн юмсанж
Яагаад гэдгийг бүү мэд! Харамсах юмгүй бодогдож байна
Нэг л зүг рүү сэвэлзсэн салхи эмсийн явдал шиг хөнгөн ажээ
Яагаад гэдгийг бүү мэд! Зугаатай бодлоос салмааргүй байна
Тархины гүнд цочрол явагдаж, өчигдрийн явдлыг таг мартжээ
Яагаад гэдгийг бүү мэд! Өглөөний агаар будантайхан байна
Тамхины утаанд мансуурч суухад тэнгэр намайг тэвэрч явлаа
Яагаад гэдгийг бүү мэд! Тэнгэрийг би ер ойлгохгүй юм байна
Үлэг гүрвэлүүд зүүдэнд ирж адуу шиг тургихыг тод сонслоо
Яагаад гэдгийг бүү мэд! Далайн давалгаа мэдрэгдэж байна
Үнэртэж байгаа цэцгийн дэлбээ цусны өнгөтэйг сая ажлаа
Яагаад гэдгийг бүү мэд! Мэдэгдсэн бүх юм төгс биш байна
Алтан намар, мөнгөн өвөлд хачин дуртайгаа гэнэт бодлоо
Яагаад гэдгийг бүү мэд! Амьдрал минь тэнд л байх шиг байна
Баруун гарынхаа эрхий хурууг чам руу гозойлгож нэг үзлээ
Яагаад гэдгийг бүү мэд! Охидын инээд тохуутай байна
Балархай эгшигт үгсийн сангаас бүтэн үсэг гээгдэхэд цочлоо
Яагаад гэдгийг бүү мэд! Огторгуйн томъёо ээдэрсэн байна
Гудамжны хүүхэн намжир хаяхад дээд зовхинд совин татлаа
Яагаад гэдгийг бүү мэд! Нэг юм намайг шаналгаад байна
Гуйлгачны оромжинд гүн шөнөөр навтас дэвсээд нүдээ анилаа
Яагаад гэдгийг бүү мэд! Орчлонгийн явдалд би талархаж байна.
Оюунцэцэгийн ЦЭНД-АЮУШ
ReplyDeleteУЙТГАРТАЙ ЭХ НУТГИЙН ДУУ
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Гадаа бөгтийн зогсох үхэр тэрэгнүүд
Газар дээгүүр өнхөрсөөр жижигхэн болсон байдаг
Сар жаргахад тэд цэнхэртэж үзэгдээд
Сайхан өвгөдөө зөөсөөр хуучирсан байдаг
Саруулхан талаа хэмжиж ханаад
Сансрын уудмыг мөрөөдөж байдаг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Хөв хөх тэрэгнүүд бөхгийн зогсох нь
Хөсөг нүүдэл дууссан юм шиг гунигтай байдаг
Урагшаа л өнхрөх мөнхийн тавилантай үхэр тэрэгнүүдийг
Уулын буга чирэхэд бэлэн байдаг
Гэнэн согоо хүртэл тайга дотор
Гэрэлтэн зогсохдоо бэл рүү хардаг
Уйтгартай даа, манай нутгийн уйтгартай
Уртын урт үдэштэй
Шугуй дотроос халиун буга ширтэж
Шувууд тэнгэрээс буусан байдаг
Маргааш өглөө нүүх айлуудын хөсөг тэргийг
Марал буганууд манаж хонодог
Нүүдэлчний хөх тэрэгнүүдийг өмгөөлсөн буганууд
Нүгэлтэй мөргөлдөхөд бэлэн байдаг
Уйтгартайдаа , манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Хөвч дундаас ширтсэн буганууд
Хөлөө цэцгэн дээгүүр агаар шиг зөөж
Бөгтийн зогсох үхэр тэрэгнүүдийг
Бөглүү алс руу хөтөлж явдаг
Агаар дээр гишгэх бугануудын араас
Аяархан үхэр тэрэгнүүд хөөрч эхэлдэг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Буцах эрхгүй үхэр тэрэгнүүд гэвч заримдаа
Бууралтаж гүйцээд нугачаанд үлдсэн байдаг
Буга гэтэл уулнаас уруудаж буугаад
Бутарсан тэрэг рүү зөөлөн, зөөлөн очдог
Өвс ногоонд хучигдсөн хөх тэрэгний дэргэд
Өвдөж шаналсан буга чичирч зогсдог
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Эртний тийм модон тэрэг рүү мэхийсэн буга
Эврээрээ хугархай арлыг өргөхөд
Зовлонт тэрэг зорголын тэргүүн дээр
Зорсон юм шиг харагддаг
Шаналант буга хөөрхий тэргийг тээсээр уул өгсөхдөө
Шархадсан юм шиг доголсоор явдаг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг
Лхамсүрэнжавын ГАНЗУЛ
ReplyDeleteГОО МАРАЛЫН ДУУЛАЛ
Тэнгэрийн цэнхэр уулс дэлхийд шүргэхэд
Тасарч үлдсэн үзэсгэлэнт амь юм тэр
Тийм агуудам орны үргэлжлэл Монголыг
Хэвлийдээ тээж ирсэн тулгар эх юм тэр
Бөртэ чонын гүйдэлт хөглөгөр үүрийн цаанаас
Бүхий биеэрээ цацарсан цагаан туяа
Бүлбэгэр орчлонг гийгүүлсэн эртний нарны сүнс
Төгөлдөрийн туйл Гоомаралын хойч юм бид...
Түүний хормой дээр асгарсан улаан голоос
Түмэн горхи эх авч хүн төрөлхтөн бүрэлдсэн юм
Төгс уужим сэтгэлийн улаанаас нь тасарч мандаад
Өнөөдрийн наран гараг дүрэлзэх болсон юм...
Уургаа чиргүүлэн алдам миний уртын дууны
Яруу тунгалаг айзам амсхийх агшнаас гийсэн
Урт шөнийн явдалт сарны асгарсан цагаан чөлөөнд
Янз төгөлдөр амрагч гөрөөс эх орон минь...
Гоомаралын дууны хөхийн хөх тасархай
Голт зүрхний эгшиглэн хөөмийн ундаргаас
Холын мянганы хүн төрөлхтөн умдаалан цэнгэж
Хорвоо дээр ийм ард түмэн буйд итгэж ядахын цагт
Бийгээ бийлэн цэлмэх Монголын хязгаараас
Онгодоо дуудан догшрох сүнсний холоос
Шуранхай хадаан уянгалах талын уудмаас
Гоомаралын үрс сэрж хөл дээрээ тэнцмү
Гэрэлтэй болоод харанхуйн эгэл жамаар
Мөнх бусын алган дээр өнхөрөн тоглогч
Гэнэн цэнхэр дэлхийн гэгээ дундарч
Мөрөөдлөө зүүдлэн зүүрмэглэх цагт
Сүүлээ чирэн шогших Бөртэчоноо бараадан
Сүнс холхисон хүний ертөнцийг сахиж
Сүүдрээ нөмөрч унтдаг өнчин дэлхий дээр
Сүүлчийн амь болж Гоомарал үлдэнэ,... бид үлдэнэ!