Thursday, September 10, 2015

Эмэгтэй чөлөөт барилдааны анхны Дэлхийн хошой Аварга Соронзонболдын БАТЦЭЦЭГ

Одоогоос 40 жилийн тэртээ Минскын ДАШТ-ний дэвжээнд Монголын 3 бөх финалдаж байв. “Бөмбөрцгийн хүчтэн” Зэвэгийн ОЙДОВ Дэлхийн хошой Аварга болж, “Дэлхийн бөхийн Од” Хорлоогийн БАЯНМӨНХ 3 дахь удаагаа финалдан Дэлхийн Аварга болсон бол, “Нэрт бөх” Цэдэндамбын НАЦАГДОРЖ Стамбулын /өмнөх жил, 1974 он/ хүрэл медалийн өнгөө хувирган мөнгөн медаль хүртсэн гайхам амжилтыг үзүүлж байсан нь эдүгээ “Чөлөөт бөхийн Алтан үеийн түүх” болон үлдсэн байна. Тэгвэл 40 оны хойтод Талын Монголын хүчтэн Соронзонболдын БАТЦЭЦЭГ Дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа финалдаж, Дэлхийн хошой Аварга боллоо. Ийнхүү бөхийн чөлөөт барилдааны түүхэн дэх Монголын 2 дахь Дэлхийн хошой Аварга цолтон болов. Мөн Дэлхийн дэвжээнээс Монголын хүчтэнүүдийн хүртсэн 50 дахь медалийг Аваргын алдраар давхар мялаалаа.

Харин Эмэгтэй чөлөөт барилдааны анхны хошой Аварга цолтон юм. С.Батцэцэгийн тухайд “Эмэгтэй чөлөөт барилдаан” гэж ялган онцлох аваас “Анхны” гэх олон тодотголын эзэн болно. Тэрээр 2010 оны Москвагийн ДАШТ-нээс Алтан медаль хүртэж, анхны эмэгтэй Дэлхийн Аварга болж байсан бол, “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмаас хүрэл медаль хүртэж, эмэгтэйчүүдээс анхны олимпийн медальтан болсон билээ. 2013 оны Будапештын ДАШТ-нд 2 дахиа финалдсан нь мөн л Дэлхийн дэвжээнд үзүүлсэн анхны том амжилт байсан. Түүний анхалсан зам мөр дардан байж өнгөрсөн жилийн Ташкентын ДАШТ-нээс Сүхээгийн ЦЭРЭНЧИМЭД Аваргын алтан медалийн эзэн болж байв...

Ийнхүү Олимпийн наадмын хүрэл, Дэлхийн хошой Аварга, ДАШТ-ний мөнгөн медальт, “Бөмбөрцгийн хүчтэн” Соронзонболдын БАТЦЭЦЭГ-ийн ялалт, амжилтын буухиа үргэлжлэн хөвөрч байна. Одоо түүнд Олимпийн наадмын Аварга болох л...

Нэгэн зүйл: Соронзонболдын БАТЦЭЦЭГ-т МУ-ын Гавьяат тамирчин хэмээх Монгол төрийн шагнал багадаж байна. Одоо түүнд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол олгох учиртай гэж бат итгэнэм...

Ялалт, амжилтын торгон агшин...
Нийтэлсэн: U.N.S

1 comment:

  1. 1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж тус сумын дунд сургуулийг 2008 онд төгсөж МУБИС-ийн япон хэлний ангид элсэн орсон.

    Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуулийн биеийн тамирийн багш Дэмбэрэлийн Дондовын удирдлага дор 2005 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлж 2008 оноос “Замчин” спорт клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна, “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.

    2008 оноос эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

    2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол авч 2010 онд Гавьяат тамирчин цолоор шагнуулсан.

    Самбо, чөлөөт бөхөөр аймгийн аварга цолыг 8 удаа хүртэж 2005 онд өсвөр үеийн УАШТ-нээс мөнгө, 2007 онд Хүүхдийн спортын наадмаас алт, 2008 онд залуучуудын УАШТ-нээс алт, Бүх ард түмний наадмаас алт, хүрэл, УАШТ-нээс мөнгө, хүрэл, 3 алтан медаль аваад байна.

    2007 онд Тайваны Тайчинг хотод болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2008 онд Катар улсын Доха хотод мөнгө, 2009 онд Филиппин улсын Манила хотод алт, 2010 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Ази тивийн элсний аварга шалгаруулах тэмцээнээс Тайланд улсын Паттая хотод 2009 онд хүрэл, 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Оюутны зуны универсиад наадамд алтан медаль хүртжээ.

    ДАШТ-нд 2009, 2010, 2013-2015 онуудад 5 удаа оролцсон. 2014 онд Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд есдүгээр байр эзлэсэн.

    2012 онд Англи улсын Лондон хотод болсон Зуны олимпийн наадамд 63 кг-ын жинд зодоглож нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту-Нгонга Тараагоуг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт латвийн бөх, европийн аварга Анастасия Григорьеваг 5:0, 5:4 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх, олимпийн хошой аварга Каори Ичод 0:1, 0:4 оноогоор өвдөг шороодож дараа нь канадын бөх, дэлхийн гурван удаагийн аварга Мартина Дюгреньетэй барилдаж 2:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртсэн.

    2010 онд ОХУ-ын нийслэл Москва хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт канадын бөх, олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ний хошой хүрэл медальт Тоня Лунн Вервеекийг 1:2, 8:4 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт бразилийн бөх Суиза да Сильваг 4:0, 1:0 онооны харьцаагаар дийлж хэсгийн аваргын төлөө барилдаанд японы бөх, дэлхийн дөрвөн удаагийн аврага Аяко Шодаг 0:2, 3:3, 3:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд хятадын бөх, дэлхийн залуучуудын аврага Чжан Ланыг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж дэлхийн аварга цолыг хүртсэн.

    ReplyDelete