Monday, July 22, 2013

Завхан-90 жил: МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт эцэг эх, хүүхэд багачууд, хүүхдийн төлөөх үйлсийг дэмжин тусалдаг албан байгууллага, хувь хүмүүс болоод нийт Завханчууд Та бүхэндээ Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, Улиастай хот үүсгэн байгуулагдсаны 280 жилийн түүхт ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэм баян эрүүл мэнд, аз жаргал-хөөр баяр дүүрэн, хийж бүтээхийн эрч тэмүүлэл өндөр, элбэг хангалуун байхыг хүсэн ерөөе.

Манай хэлтэс нь 1927 онд анх Пионерийн байгууллага нэртэйгээр үйл ажиллагаа эхлүүлж байсан Завхан аймгийн ууган байгууллагуудын нэг юм. Эдүгээ хүртэл 86 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа Хүүхэд, залуучуудад нийгэм-соёлын үйлчилгээг түгээх, тэдний эрхийг хамгаалах, ерөөс Хүүхэд бүрийн сайн сайхны төлөөх гэгээн хийгээд буянтай, хариуцлагатай албыг цаг бүрт чадварлагаар хийн гүйцэтгэж, хэрэгжүүлэн манлайлж ирсэн нь манай ахмад буурлуудын ач гавьяа, тэдний зөвийг заан сургасны үр, сэтгэл нэгт хамт олны минь итгэл, эрч тэмүүллийн ундрага зөв байсныг илтгэх буюу...

Бид энэ цагт Гэр бүлийн тулгуур үнэт зүйлд суурилсан хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгааллыг бэхжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий тасралтгүй хөгжигч, манлайлагч байгууллага байхын төлөө ажиллаж байгаа болно. Аймаг орон нутгийн дэмжлэгт удирдлагын арга барил, итгэл сэтгэлийн үрээр Хүүхдийн төлөөх ажил үйлс маань ч ургац их, үйлсээр арвин байна.

Энэ ялдамд нийт наадамчиддаа хандан Хүүхдэд ээлтэй, хүүхдээ дэмжсэн, хамгаалсан, барцадгүй мэнд наадахын тухайд хурдан морь унаач хүүхдээ хамгаалалтын иж бүрэн хувцастайгаар уралдааны замд гаргах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, даатгалд хамруулах зэрэг Хүүхдийн байгууллагаас гаргаж буй заавар зөвлөмжийг дагаж нийгмийн хариуцлагаа хүлээн наадахыг уриалж байна. 

Дэлхийд ганцхан дэлгэр зуны Монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.
Морь хурдан-уяа хөнгөн, бөх нь хүчтэй-мэх нь даацтай, эрхий мэргэн-оноо хурц байх болтугай.
 
ЗАВХАН АЙМГИЙН “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН 

ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС”-ийн ДАРГА Г.МЯГМАРСҮРЭН

1 comment: