Sunday, December 04, 2011

Монгол улсын гарьд Махгалын БАЯРЖАВХЛАН

ТЕГ-ын "Эрч" СХ-ны бөх, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх, үнэн зоригт, саруул сайжрах гарьд Баяржавхлан нь 1978.06.18-нд Завхан аймгийн Нөмрөг суманд малчин ард Махгалын отгон хүү нь болон мэндэлсэн.

Тэрээр 10 ангиа сумандаа суралцаж төгсөөд, 1997 оноос “Аварга” клубт үндэсний болоод самбо, жудо бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй. Түүний ах М.Баярсайхан нь аймгийн арслан цолтой (2010 онд харцага, заан /Завхан, Дорнод/, 2011 онд арслан /Завхан/ цолонд тус тус хүртсэн).

Гарьд Баяржавлан нь 1997 оноос эхлэн улсын баяр наадамд барилдаж эхэлсэн бөгөөд тэр жилийнхээ наадмаар 1 даваад, у.н Г.Жалаа (Архангай/Хашаат)-д өвдөг шороодсон байдаг. Харин 1999 онд 2 давж у.н О.Одгэрэл (одоо МУГТ у.з, Увс/Хяргас)-д, 2000 онд МУСГЗ у.н А.Ганбаатар (Өмнөговь/Баян-Овоо) агснаар 2 давж у.н Д.Пүрэвсүрэн (Өвөрхангай/Хархорин)-д өвдөг шороодсон. Гарьд нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа 2000 оны улсын наадмын гурвын даваанд у.н Д.Пүрэвсүрэнтэй хийсэн барилдааныхаа тухай харамсан ярьсан байдаг. Мэдээж энэ барилдаан нь түүнд басхүү багагүй сургамж болсон нь зүйн хэрэг биз ээ...

2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойд зодоглосон хүчит 1024 бөхийн цуваа дансанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат залуу бөх Махгалын Баяржавхлан хэмээн дуудуулсаар... Бөхийн барилдааны гурвын даваанд а.а Ц.Бямбааг (Увс аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн харьяат), дөрвийн даваанд у.н И.Мөнхбаатарыг (Ховд/Чандмань), тавын даваанд МУГТ у Ц.Баярсайханыг (Төв/Баян-Өнжүүл) дараалуулан орхиж Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тавантаа тойров. Зургаагийн даваанд шинээр начны болзол хангасан а.а Ц.Магалжавтай (одоо у.х, Сүхбаатар/Мөнххаан) тунан барилдаж, 6 даван "Өсөх идэр" чимэгтэй НАЧИН цолонд хүрэв. 2002 онд а.з Ч.Бямбадорж (Төв/Сэргэлэн), Б.Батгэрэл (Баянхонгор/Галуут), у.н Ч.Чулуунбаатар (одоо у.х, Увс/Тэс) нарыг 2-4-ийн даваанд өвдөглүүлж у.з И.Доржсамбуу (одоо у.г, Булган/Гурванбулаг)-д унав.

2003 оны АХ-ын 82 жилийн ойгоор а.н Т.Энхтуяа (одоо у, Өмнөговь/Баян-Овоо), у.н Ц.Мягмарсүрэн (одоо у.з, Ховд/Мөст) нараар 5, 6 давж, Увс аймгийн Тэс сумын харьяат а.а Эрдэнийн Батбаатарын хамт Монгол улсын анхны ХАРЦАГА цолтонгууд болж байсан түүхтэй. Харин 2004 онд 4 давж начны даваанд Р.Ганхуягт (одоо у.н, Өвөрхангай/Бүрд), 2005 онд 3 давж, дөрвийн даваанд а.а Д.Баасандоржид (одоо у.з, Булган/Бүрэгхангай) тус тус өвдөг шороодсон.

2006 оны АХ-ын 85, Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойд зодоглосон хүчит 1024 бөхөөс а.а Л.Нямсүрэн (одоо у.н, Завхан/Баянтэс), у.н Д.Пүрэвсүрэн (Өвөрхангай/Хархорин), шинээр начны болзол хангасан а.а М.Өсөхбаяр (одоо у.з, Булган/Бүрэгхангай), у.з Х.Мөнхбаатар (одоо у.ар, Хөвсгөл/Шинэ-Идэр) нараар 7 давж улсын ЗААН цолонд хүрсэн. Энэ нь 1994 онд у.г Ц.Цэрэнпунцаг (Цагаанчулуут) заан цолонд хүрснээс хойш тоолбол 12 жилийн дараа Завхан нутгаас ЗААН цолтон төрж, нутгийн зон олон, бөх сонирхогчдыг баярлуулсан сайхан үйл явдал байсан юм аа.....

Энэхүү түүхт их ойн жил Завхан аймгаас улсын цолгүй 3 бөх 4 давж, а.а Ш.Жаргалсайхан (Идэр) у.н Г.Эрхэмбаяр (одоо у.ар, Сэлэнгэ/Мандал)-т, а.а Б.Бадамдорж (Их-Уул) у.г Д.Сумъяабазар (одоо у.ав, Өвөрхангай/Хужирт)-т, а.а Ж.Оргил (Их-Уул) у.х Г.Элбэг (одоо үнэн зоригт, цогт гарамгай харцага, Хөвсгөл/Улаан-Уул) нарт тус тус унаж билээ. Харин а.а Б.Бадамдорж 2007 онд МУГТ далай аварга Г.Өсөхбаяр (одоо даян.а, Архангай/Батцэнгэл)-аар, а.а Ж.Оргил 2009 онд у.з Ч.Батзориг (Ховд/Чандмань)-оор, а.а Ш.Жаргалсайхан 2011 онд у.х Ө.Даваабаатар (Төв/Баянцогт)-аар тус бүр 5 давж начин цолны босго алхсан...

Энэ цагт Завхан аймгаас сайн барилдаж буй залуус олон байна. Дээр нэр дурдагдсанаас бусад, тухайлахул: өсөх идэр начин Ц.Сумъяабээс, Ш.Уламбаяр, улсын шинэ залуу начин Б.Гончигдамба (Их-Уул), аймгийн арслан Д.Батжаргал (Идэр), М.Баярсайхан (Нөмрөг), Э.Зоригтбаатар (Түдэвтэй), Ж.Сүхбат (Шилүүстэй), Л.Лха-Очир (Алдархаан), П.Батмөнх (Дөрвөлжин), Т.Энх-Амгалан (Эрдэнэхайрхан), аймгийн заан И.Батсайхан (Яруу), Б.Бадамсүрэн (Алдархаан), аймгийн харцага Э.Баасандорж (Баянтэс), Г.Баасандорж (Баянтэс), Б.Ганбаатар (Сонгино), аймгийн начин Р.Батсүх (Их-Уул), Ж.Болдбаатар (Тэс), Б.Галсайхан (Алдархаан), П.Батсүх (Алдархаан), Б.Уртбаяр (Завханмандал), Р.Эрдэнэбаяр (Тэлмэн), Дав.Анхбаяр (Тосонцэнгэл) О.Батжаргал (Идэр), Б.Шаравнямбуу (Түдэвтэй), Д.Самдансүрэн (Тосонцэнгэл), Б.Даваадорж (Цагаанхайрхан) нарын зэрэг болно. Үргэлжлүүлэн дурдвал цуваа уртаар хөврөх... Үүнийг үргэлжлүүлэх бус, үргэлжлүүлэхүл:

2007 оны АХ-ын 86 жилийн ойгоор а.а Ж.Чулуунбат (одоо у.н, Баянхонгор/Бууцагаан), у.н Т.Өсөх-ирээдүй (одоо у.х, Сэлэнгэ/Орхонтуул), шинээр начны болзол хангасан а.а Б.Чинзориг (одоо өсөх идэр начин, Дундговь/Эрдэнэдалай), у.х Г.Элбэг (Хөвсгөл/Улаан-Уул) нараар тус бүр 7 давж заан цолоо батлан "Саруул сайжрах" чимэг хүртсэн. /Тод: Яг 10 жилийн өмнө буюу 1997 оны АХ-ын 76 жилийн ойгоор у.з Ц.Цэрэнпунцаг шинээр өсөх идэр чимэгтэй начин цол хүртээд байсан Г.Элбэгтэй тунан барилдаж заан цолоо баталж, а.а Б.Адъяахүү (Нөмрөг) у.г Д.Баяраа (Хөвсгөл/Цагаан-Үүр) агснаар, ц.з У.Балжинням (Түдэвтэй) у.з Д.Хишигдоржоор 5 давж начин цолонд хүрч байсан билээ. Тэгвэл 10 жилийн дараа у.з М.Баяржавхлан у.х Г.Элбэгээр 7 давж заан цолоо баталсан бол а.а Б.Бадамдорж даян аварга Г.Өсөхбаяраар, а.а Л.Нямсүрэн у.х Ц.Магалжаваар 5 давж начин цолонд хүрсэн сонин гэмээр түүхийн давхцал харагдах.../

2008 онд а.а Л.Цэрэгтогтох (Говь-Алтай/Цогт), Д.Энхбат (Баянхонгор/Баянбулаг), Ж.Амартүвшин (Говь-Алтай/Бигэр) нарыг 3-5-ын даваанд өвдөг шороодуулж, у.н Т.Амартүвшин (одоо у.х, Ховд/Эрдэнэбүрэн)-д өвдөг шороодон "өсөх идэр" чимэг, 2010 онд а.а Б.Баянмөнх (Баянхонгор), Д.Болдбаатар (Өвөрхангай/Баруунбаян-Улаан), Алтанхуяг (одоо а.х.а, Дундговь/Эрдэнэдалай) нараар 5 давж, у.н С.Мөнхбат (одоо у.ав, Увс/Баруунтуруун)-д өвдөг шороодон "улам нэмэх" чимэг тус тус хүртсэн. Харин 2009 оны АХ-ын 88 жилийн ойгоор у.н Ж.Оргилоор 3 давж а.а Ө.Бат-Орших (одоо у.х, Увс/Улаангом)-д өвдөг шороодсон.

2011 оны түүхэн тэгш ой олноор давхацсан наадмаар а.з П.Мөнхбат (Дорнод/Цагаан-Овоо), а.а Ё.Эрдэнэжаргал (Дорноговь/Мандах), а.а Ц.Одбаяр (одоо у.н, Өмнөговь/Ханхонгор), у.ар Б.Ганбат (Увс/Баруунтуруун), у.х Д.Баасандорж (одоо у.з, Булган/Бүрэгхангай) нараар 4-8 давж улсын ГАРЬД цолонд хүрсэн билээ.

Баяржавхлан Завхан аймгаас төрөн гарч буй 2 дахь гарьд цолтон болов. Түүний барилдааны амжилтын түүхийг эргэн харахул, тэгш ойн наадмуудад өндөр амжилт гарган барилдсан байна. Нөгөөтэйгүүр түүхэн ойн наадмуудад 1024 бөх барилдсан учир тэрхүү боломжийг ч алдалгүй амжилттай барилдаж чадсан байна гэж хэлж болох...

Улсын гарьд, ОУХМ М.Баяржавхлан 2008 оны Бээжингийн зуны 29-р олимпийн тоглолтод жудо бөхийн +100 кг-ын жинд зодоглохын сацуу, Монголын баг тамирчдын тугчаар явсан билээ.

Алсдаа арслан, бүр аварга цолонд ч хүрч барилдах бололцоотой бөх хэмээн бөх сонирхогчид түүнд ихээхэн итгэл хүлээлгэдэг билээ... Мэдээж түүний дотроос Завханчуудын итгэл найдвар их БАЙГАА...

Ийнхүү энэ цаг үед ид барилдаж буй гарьд цолтонгуудаа, төрийнхөө их баяр наадамд нэг удаа 8, хоёр удаа 7, хоёр удаа 6, хоёр удаа 5 нийтдээ 7 удаа шөвгөрсөн амжилтаараа манлайлан барилдаж буй бөлгөө, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" СХ-ны бөх, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх, үнэн зоригт, саруул сайжрах гарьд Махгалын Баяржавхлангийн Монгол бөхийн амжилтын тухайд товчхонд сийрүүлэн бичвэй.

/Жич: Энэхүү товч танилцуулга нь анх 2008-04-11 15:55:58 jalkhanz.bblog.mn /Ялгуусны харшийн орой/-д, сүүлд 2010-10-29-д http://jalkhanz.blogspot.com/2010/10/blog-post_6344.html нийтлэгдсэн болно. Энд нэмж засварлан бичив./

3 comments:

  1. АРСЛАН цолны барилдаан их будлиантай болсон л доо...

    Одоо тэгээд яах ч билэ дээ...
    Гэхдээ л....
    АРСЛАН л даа...

    ReplyDelete
  2. ҮНЭН12/04/2011

    Энэ жил АРСЛАН болчихсон л доо. Эрхэмбаярыг гарцаагүй давсан. Одоо ч тийм боломж мань хүнд ирэхгүй биз дээ. Гэхдээ АМЖИЛТ

    ReplyDelete
  3. zavkhan12/04/2011

    Tanii blogoog bainga uzdeg shuu. Manai garid ch ene jil jaahan dolgoon baidlaasaa bolood ih yum aldsan l daa. Gehdee bolomj baigaa shuu dee. amjilt

    ReplyDelete