Sunday, July 10, 2011

Төрийн наадмын дэвжээнд тав давнаа гэдэг...

Төрийн наадмын дэвжээнд тав давнаа гэдэг бөх хүн бүрийн л мөрөөдөл, аз, баяр баясал, од хийморь, хувь заяа байдаг. Нөгөө талаасаа төрийн наадмын дэвжээнд зодоглоно гэдэг монгол эр хүн бүрт заяадаггүй хувь тохиол...

Тэгэхээр эр бяр, ухаан бодол, уран мэхийг уралдуулан байж 5 давна гэдэг “тийм ч амархан олддог боорцог биш” ээ...

Өнөөдөр Монгол төрийн наадам эхэлнэ. Олон олон түүхэн тэгш ой давхацсан 2011 оны түүхэн наадам эхэлнэ.

Хүчит 1024 бөхийн цуваа дансанд нэрээ бичүүлэн 10 даван түрүүлнэ гэдэг ч ай даа мөн л гайхамшиг аа... Гэхдээ төрийн наадамд түрүүлэх хувь заяа бол бүр цаанаасаа адистадтай учрал, ерөөл байдаг гэлтэй... Аварга аваргаараа л төрдөг...

Харин төрийн наадамд 5 давж, төрийнхөө их цагаан тугийг тавантаа тойрч улсын цолны босго алхана гэдэг бол бөх хүний хамгийн их баяр жаргал, дээш дэвшихийн үүд хаалгыг нээн өгдөг цэлгэр уудам, саруул сайхан өргөө байдаг буюу...

Тийн тэрхүү аугаа үүд хаалгыг тогшин буй хүчтэн олон ч, босго даваад саруул сайхан өргөөнөө саатан морилохуй нь хэд билээ. Боломжийг хүлээгээд үлдэх нь хэд билээ... Олон олон сайхан залуучууд олон жилийнхээ хүч хөдөлмөрийг нэгэн хоромд гээчихээд буцна гэдэг харамсалтай. Гэвч энэ бол тэмцэл, монгол наадмын жам, спорт хэмээхүйн дүрэм юм даа...

Өнөө жил улсын цолны босго давж Улсын цолтны эгнээнд оруулчихмаар залуучууд 32-оос хол даваад байна. Харин шөвгөрөх бөхийн тоо 32 байдаг. Үүний цаана аварга, арслан, гарьд, заан, харцага, начин гээд олон хүчтэнүүд бас байж байгаа. Ёстой яамаар ч юм билээ дээ гэж...

Ийн халаглан байж, өнөө жил ямартаа эхэнд НАЧИН цолны босгыг алхах хамгийн өндөр бололцоо бүхий 9 залууг өөрийнхөө нэрлэе.

1. ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

2. а.х.а Рэнцэнбямбаагийн Пүрэвдагва

3. а.х.а Шарын МӨНГӨНБААТАР

4. а.а Ширбазарын ШАРГАЛСАЙХАН

5. а.а Жаргалсайханы ЧУЛУУНБАТ

6. а.а Батзоригийн БАТМӨНХ

7. а.а Батмөнхийн САНГИСҮРЭН

8. а.а Алтангэрэлийн АЛТАНХУЯГ

9. а.а Алтангэрэлийн ОТГОНБААТАР

Харин энэ есийг 10 болговол бүрэлдэхүүнд зүй ёсоор орох ёстой нь а.н Н.Батсуурь. Тэрээр аймгийн цолоо ахиулах гэж өнөө жил гурван ч аймгийн наадамд хүчийг үзэв. Анхных нь Завханы наадам. Гурвын даваанд а.а Жаргалсайханд тахим буулгасан. Дараагийнх нь Сүхбаатарын наадам. Энд нэгийн даваанд өвдөг шороодсон. Сүүлийнх нь Эрдэнэтийн наадам. Гурав даваад ц.х.а Санжаадамбыг барсангүй. Гэхдээ Эрдэнэтийн наадмын дөрвийн давааны оноолтыг одоо болтол ойлгохгүй байгаа л даа... За ямартаа начин маань начнаараа барилдана, начнаас НАЧИН болоосой, түүнээс дээш өгсөж барилдаасай гэж дотроо л ихэд дэмжиж байна даа...

Хувьдаа нэг иймэрхүү бодол тээн сууж байна. Маргааш хоёрын даваа дуусахад их биш ч, бас багагүй зүйлийн л хариу гарна даа...

Ийнхүү дэлхийд ганцхан Монгол наадмын чимэг дэлэн дүүлэх мэт хүчтэнүүдийнхээ уран хурц барилдааныг үзэх л үлдэж буй нь энэ дээ...

1 comment:

  1. Мийгаа7/10/2011

    Халагламаар хайран залуучууд хоорондоо үзээд утгагүй нөхдүүд цол бүү аваасаай. Эрдэнэтэд арай л хэтэрхий улаан луйвар хийсэн дээ...
    За наадам сайхан болно биз дээ. Энэ залуучууд бүгд цолонд хүрээсэй. Бас дээр нь Бүрэнтөгс байна.

    ReplyDelete