Tuesday, June 21, 2011

“Наадмын сорилго барилдаан” наадмын бөхийн өнгийг шинждэг болох нь...

Наадмын сорилго барилдааныг анхлан 2006 оноос зохион байгуулж эхэлсэн гэж хэлж болно.

Нэрнээсээ эхлээд нэлээдгүй утга, ерөөлийг агуулсан энэхүү барилдаанд бөхчүүд ихээхэн ач холбогдлыг өгдөг болсон байна. Учир нь энэхүү барилдаанд сайн барилдсан бөх наадмаар дээд даваанд хүрч барилддаг хэмээх ойлголттой холбоотой. Үнэндээ ч тийм гэмээр зүй тогтол давтагдаад байгааг та бид харж байгаа.

Чухамхуу ийм учраас бөхчүүд маань сар шинийн баяраар тухайн жилийнхээ өнгийг тодорхойлж, наадмын сорилго барилдаанаар баяр наадмынхаа өнгийг шинждэг болжээ гэхэд хэлсдэхгүй буй за...

2006 оны анхны наадмын сорилго барилдаанд, далай аварга А.Сүхбат түрүүлэн, у.з Б.Ганбат үзүүрлэж байв.

Тодруулах нь: Далай аварга маань шинээр начны болзол хангаад байсан өөрийн шавь а.а Б.Сэр-Одоор 6 давж, мөн өөрийн шавь у.н Д.Амгаланбаатарт тахим буулгаж, бөхийн дэвжээгээ орхин зодог тайлсан билээ. Далай аваргын өмнө гаргасан амжилтыг зөв, шударгаар үнэлж дараа жилийнх нь баяр наадмын босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Даян аварга цолыг нэхэн олгосон билээ. Харин заан Ганбатын хувьд тэр жилээ у.з Ц.Мягмарсүрэнгээр 7 давж анх удаагаа заан цолоо баталсан юм.

2007 оны наадмын сорилго барилдаанд, у.з Б.Ганбат түрүүлэн, а.а Н.Ганбаатар үзүүрлэж байв.

Тодруулах нь: Зааны хувьд тэр жилээ тавын даваанд а.а А.Цацабширт тахим буулгаж, анхны түрүүлэх боломжоо алдаж байсан бол, а.а Ганбаатар начин цолыг алгасаж, а.а Л.Нямсүрэнтэй тунан барилдаад Харцага цолонд хүрч байв.

2008 оны наадмын сорилго барилдаан /06.28/-д, а.а Ө.Даваабаатар түрүүлэн, у.н До.Ганхуяг үзүүрлэж, у.х Л.Пүрэвжав, у.н Г.Эрхэмбаяр нар их шөвөгт шалгарч байв.

Тодруулах нь: Түрүү, үзүүрийн хоёр бөх тэр жилийнхээ наадмаар 2-уулаа цолоо ахиулж, шинэ цолонд хүрэв. Харин 2 бөх наадмын долоогийн даваанд тунахад начин давж, улмаар түрүүлсэн юм. Ингэснээр Даваабаатар начин цолыг алгасаж Харцага, Ганхуяг харцага, заан, гарьд цолыг алгасаж Арслан цолонд хүрсэн билээ.

2009 оны наадмын сорилго барилдаан /06.28/-д, у.з Д.Рагчаа түрүүлэн, у.н М.Өсөхбаяр үзүүрлэж, у.г И.Доржсамбуу, у.з Б.Соронзонболд нар их шөвөгт шалгарч байв.

Тодруулах нь: Түрүү бөх заан Рагчаа дөрвийн даваанд а.а Н.Батзаяад тахим буулгасан бол, үзүүр бөх начин Өсөхбаяр харцага цолыг алгасаж, у.г Н.Ганбаатартай тунан барилдаад Заан цолонд хүрч байв.

2010 оны наадмын сорилго барилдаан /06.25/-д, у.н Ду.Батбаяр түрүүлэн, у.ар Д.Ганхуяг үзүүрлэж, у.з Б.Соронзонболд, у.н Д.Лхагвадорж нар их шөвөгт шалгарч байв.

Тодруулах нь: Түрүү бөх начин Батбаяр гурвын даваанд а.н Э.Элбэгбаярт тахим буулгасан бол, үзүүр бөх арслан Ганхуяг зургаагийн даваанд ц.х.а А.Бямбажавт мөн тахим буулгав. Харин их шөвөгт шалгарсан начин Лхагвадорж түрүүлэх бөхийн тааварт орж байсан ц.х.а Ч.Санжаадамбыг дөрвийн даваанд өвдөг шороодуулж, дараагийн даваанд наадмын түрүү бөхөд өвдөг шороодов.

НЭГЭН ЗҮЙЛ: Ийнхүү наадмын сорилго барилдаанд амжилттай барилдаж байсан бөхчүүд тухайн жилдээ, эс бөгөөс дараа жилүүдэд нь цолоо ахиулж, цолоо батлан барилдсан амжилтуудыг үзүүлж ирсэн болох нь бэлхнээ харагдаж байна.


Их Монгол улс байгуулсны 805, АХ-ын 90, ҮЭЧХ ялсны 100, Хүннү гүрний 2220 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Сорилго барилдаан энэ долоо хоногийн ням гараг /06.26/-т болно.

1 comment:

  1. saihan medeelel bn, ene jil du,.batbayar sain barildah bhaa, demjij bn

    ReplyDelete