Thursday, April 07, 2011

Дээрхийн Гэгээнтэн Далай Багш

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламтан (Тэнзин Гяцо) болбоос Түвдийн ард түмний төдийгүй дэлхийн олон сая хүмүүний оюун санааны их удирдагч билээ.

Далай багштан бээр билгийн тооллын XVI жарны модон гахай жил буюу 1935 он (7 сарын 6)-д Түвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх жижигхэн тосгонд тариачны гэр бүлд мэндэлсэн бөлгөө...

Түүнийг хоёр настайд нь Түвдийн бурханы шашны уламжлалын дагууд XIII Далай лам /Түвдэнжамц/-ын хойт дүрээр тодруулсан бөгөөд Далай лам нь Энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешвара (Жанрайсаг)-гийн хувилсан дүр мөн хэмээгддэг билээ.

Эцэг эхээс хайрласан нэр нь Лхамдондов болой. “Далай лам” хэмээх нэрийг анх Түмдийн Алтан хан 1578 онд Түвдийн шарын шашны тэргүүн Сонан Гяцо /III Далай лам, Содномжамц/ Далай мэт өргөн оюун ухаан-ыг бэлгэдэн соёрхсон түүхтэй.

Далай Багштан бээр Хятадууд Түвдийг эзэлсний дараа буюу 1959 онд эх нутгаасаа дүрвэн гарсан.

Хүн төрөлхийтний энх амгалан, оюун санаа, сайн сайхны төлөөд хийж буй ажлыг нь үнэлэн 1989 онд Нобелийн “Энх Тайвны шагнал”-аар шагнасан билээ. Дэлгэрэнгүйг: Энд дарж үзнэ үү.


Шинэ мянганд зориулсан Далай багшийн сургаал,

Амьдралын мөрдлөг

1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Жижиг маргаанаас болж нөхөрлөлөө бүү сүйтгэ.

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж, эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь мөн.

12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.

13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.

14. Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харьц.

15. Жилд нэг удаа очиж байгаагүй газарт оч.

16. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.

17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.

1 comment:

  1. harahad l neg amar amgalan gerltsen, saihan hun bn lee. mongold irehed ni tov tsengeldehed neg nom aildahad ochij bilee. saihan augaa hun shuu

    ReplyDelete