Monday, March 06, 2023

ИХ БӨХ “ЦЭРГИЙН” ХЭМЭЭХ ШАГЖ АВАРГА

Сайн ноён аймгийн Баатар ван /Бирваарагчаа бэйс/-ийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяаны бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг ахар богино хугацаанд эзэгнэн барилдаж явсан эгэлгүй их хүчтэн...

Тэрээр 1903 /1897 онд төрсөн гэх нь ч бий/ оны туулай жил Өвөр туужуутын өвөлжөөнд Хөх хэмээх Санжмятавын 5 дахь хүү болон мэндэлсэн байна.

Шагж нь 1927 онд найм даван их шөвөгт, 1928, 1929 онд ес даван үзүүрлэж, 1930 онд арав даван түрүүлсэн гэх мэдээ нэлээдгүй түгээмэл байв. Хоёр жил дараалан үзүүрлэхэд нь арслан цол олгоогүй, түрүүлэхэд нь сая арслан цол олгосон гэх нь ч бий. Чухам дээрх ном зохиолуудад түүнийг арслан гэж тодотгон бичсэн ч “Шагж Аварга” хэмээн нутгийн олон нь дууддаг байсан, эртний ном зохиолуудад мөн тэгж бичсэн, Аварга цолны болзлыг бүрнээ биелүүлсэн гэж нэмж тайлбарласан байх...

Бөх судлаач Б.Цогтбаатар “Буур Н.Жамъян аварга завсаргүй 3 жил түрүүлээгүй хэмээх өгүүлэлдээ: С.Шагж 1927, 1929 онд үзүүрлэж, 1928 онд их шөвөгт үлдсэн /энэ бөх 1930 онд арслан цолтой барилдаж түрүүлсэн болохоор арслан уу, аварга уу гэдэг эргэлзээтэй/ хэмээжээ. Үүнийг тодруулахул: 

1927 он: Энэ наадамд улсын заан Мээтэн Аюур 10 давж түрүүлэн арслан, мөн Цэргийн Шагж 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн байна. Үүнийг нотлох баримт нь 1928 оны улсын наадмын 3,4,5-ын давааны дүйзээс үзэхэд харагдана. Тухайлбал: “Бага хурлын дарга таны Шагж арслан, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Аюур арслан” гэж наадмын бөхийн оноо дансанд бичигдэн ам авч барилдсан байна. /Ардын цэрэг сонин. 1928 оны 8-р сарын 24. №20/ ИНГЭХЭЭР 1927 ОНД УЛСЫН АРСЛАН ЦОЛОНД ХҮРСЭН БАЙНА. 

1928 он: Энэ жилийн Улсын ба Цэргийн их наадмыг 7-р сарын 30-аас эхлэн 6 өдөр үйлдэж тараасан... Есийг давж түрүүлсэн бөх Цэцэрлэгмандал аймгийн Чандмань-Өлзийтийн хошууны бөх буур Жамьян. Жич: Наймыг давсан бөх Аюур, долоог давсан бөх ШАГЖ, Банзар нар болой. /Үнэн сонин. 1928 оны 8-р сарын 13. №32/

1929 он: Бөх зургаан зуугаас түрүүлсэн бөх Цэргийн 2-р хорооны Банзар заан /Үнэн сонин. 1929 оны 8-р сар. №41/.

Банзар арслан: 1929 оны улсын наадамд Архангай аймгийн Ихтамир сумын Лундаажанцан арсланг есийн даваанд, ЗАВХАНЫ ШАГЖИЙГ арвын даваанд хаяад түрүүлж байхад Вандан аварга дөрөвт үлдээд нутгаас сайн бөх төрлөө гээд улаан торгон шуудгаа баярласандаа надад өгсөн юм. /Спортын мэдээ. 1977 он. №51/

1930 он: Сүүлийн 4 бөх нь: Цэргийн Банзар арслан, мөн Шагж арслан, мөн Дэндэв, Богд ханы Чимэд нар үлдсэн бөгөөд Шагж Чимэдийг, Банзар Дэндэвийг унагаад хоёулаа үлдсэнд ШАГЖ ТҮРҮҮЛЖ, Банзар үзүүрт оржээ. /Залуучуудын үнэн. 1930 оны 9-р сарын 6. №15/ Ингэхээр 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж АВАРГА цолонд хүрсэн байна.

Ер нь арслан цолтой бөх түрүүлэх аваас Аварга цолонд хүрдэг Монгол бөхийн ёсон /дүрэм/ буй. Жишээлэн өгүүлэхүл:

Ардын засгийн анхны наадамд буюу 1925 онд Босоо Самдан арслан цолтой барилдан 10 давж улсад анх удаа түрүүлэн аварга болсон бол энэ наадмаар 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн Буур Жамьян хойтон жил нь буюу 1926 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга болж байжээ. Түүнчлэн Б.Түвдэндорж арслан цолтойгоор 1941 онд 9 давж түрүүлэн аварга, Ц.Чимэд-Очир арслан цолтойгоор 1946 онд 9 давж үзүүрлэн аварга, Ж.Цэвээнравдан арслан цолтойгоор 1951 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга, Д.Сумъяабазар гарьд цолгойгоор 2006 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн арслан, аварга цолонд хүрсэн... (Тод: “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан /7.1.5/, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга /7.1.6/, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно /7.2/)

Шагж бээр 1931 оны улсын наадамд барилдсан бол улсын Аварга цолтой барилдах байсан нь дээрх баримтаас тодорхой харагдаж байна. Харин Шагж бээр 1930 оноос хойш улсын наадамд барилдаагүй байна (барилдсан гэх мэдээ алга). Улсын наадамд дөрөвхөн удаа барилдахдаа ийнхүү гайхамшигт гэмээр амжилтыг үзүүлсэн эгэлгүй их хүчтэн бөлгөө.

Энэ цагт их бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагжийн Аварга цолыг нөхөн олгох бус, угаас авсан Аварга цолыг тодотгон сэргээж, хойшид Монгол бөхийн түүхнээ “ШАГЖ АВАРГА” хэмээн албан ёсоор нэрлэн явах нь зүйд нийцэх болой.

Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч

Г.Мягмарсүрэн (2011.01.01)

No comments:

Post a Comment