Thursday, February 20, 2014

Завхан аймгийн “Хөдөөгийн хүчтэн” тойргийн барилдаан

Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан 2010 оноос эхлэн “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд 2011 онд гэхэд л Завхан аймгийн 24 сумын 29 сургуулийг бөхийн дэвжээ, бөхийн өмсгөл, гарын авлагаар бүрэн хангасан гээд олон ажлыг дурдаж болох...

Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан эхлүүлсэн эл ажил эдүгээ Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгалаа олж “Аваргыг аймагтаа бэлтгэе” аймгийн хэмжээний спортын нэгдсэн хөтөлбөр, бодлого зорилт болон хэрэгжиж байна.

МҮБХ-ноос Завхан аймгийн ҮБХ-ны бодлого үйл ажиллагааг үнэлж усан Луу жилийн Монгол улсын Шилдэг орон нутгийн салбар холбоо /Их шөвөг уралдаан/-гоор шалгаруулан шагнасан.

Тус холбоо өнгөрөгч оныг Их бөх “Цэргийн” хэмээх ШАГЖ аваргын амжилт, алдар гавьяаг алдаршуулах жил болгон зарласан бөгөөд энэхүү ажлыг хүрээнд:

- Ардын засгийн 4 дэх аварга “Цэргийн” хэмээх Шагжийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх,
- Шагж аваргын Монгол бөхийн түүхнээ үзүүлсэн амжилт, алдрыг олон түмэнд түгээн сурталчилах, таниулан ойлгуулах, онол практикийн хурал зохион байгуулах,
- Их бөхийн хөшөө дурсгалыг Улиастай хот болон төрсөн нутагт нь бүтээн босгох,
- Их бөхийн нэрэмжит “Аваргын адислал” бөхийн баярыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Завхан аймгийн ҮБХ модон Морин жилийг Завхан аймгаас төрөн гарсан “Даншигийн Аваргуудыг” алдаршуулах жил болгон зарлаад байгаа билээ. Энэхүү аяны эхлэл болгож “Хөдөөгийн хүчтэн” тойргийн барилдааныг Завхан аймгийн 5 бүсэд зохион байгуулж эхлээд байна. Барилдааныг “Жем интернейшнл групп”-ын ерөнхийлөгч улсын гарди Ц.Цэрэнпунцаг, “Хомын тал” ХХК-ийн захирал Ч.Алтанхуяг нар ивээн тэтгэж байгаа болно.

Барилдааны хуваарь:
2014.01.18-19: Шилүүстэй суманд “Отгонтэнгэрийн бүс”-ийн барилдаан /Хамрагдах сум: Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут. Сум бүрээс оролцох бөхийн доод хязгаар 5 байна, уг бүсээс 4 бөх шалгарна. Мөн аймаг, сумын цолтой бөхийн барилдаан явагдана./

2014.01.20: “Ялгуусан” хэмээгч модон Морин жилийн сар шинийн сорилго барилдаан /Аймгийн ССАЖГ-ын спортын их танхимд, 14.00 цагаас/ 

2014.02.22-23: Завханмандал суманд “Говийн бүс”-ийн барилдаан /Хамрагдах сум: Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Яруу. Сум бүрээс оролцох бөхийн доод хязгаар 5 байна, уг бүсээс 6 бөх шалгарна./

2014.02.22-23: Тосонцэнгэл суманд “Зүүн бүс”-ийн барилдаан /Хамрагдах сум: Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Идэр. Сум бүрээс оролцох бөхийн доод хязгаар 5 байна, уг бүсээс 6 бөх шалгарна./

2014.02.24-25: Түдэвтэй суманд “Хойд бүс”-ийн барилдаан /Хамрагдах сум: Түдэвтэй, Нөмрөг, Баянхайрхан, Баянтэс, Асгат. Сум бүрээс оролцох бөхийн доод хязгаар 5 байна, уг бүсээс 5 бөх шалгарна./

2014.02.24-25: Сонгино суманд “Хангайн бүс”-ийн барилдаан /Хамрагдах сум: Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргац, Тэс. Сум бүрээс оролцох бөхийн доод хязгаар 5 байна, уг бүсээс 4 бөх шалгарна./

2014.03.22-23: Бүс тус бүрээс шалгарсан бөхчүүдийн Шигшээ барилдаан Улиастай хотод болно.

ЗАВХАН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2 comments:

  1. Говийн болон хангайн бүсийн барилдааныг Аймгийн ҮБХ-ны н.б.д, аймгийн заан Л.Баттөрөөр ахлуулсан баг зохион байгуулна.

    Зүүн болон хойд бүсийн барилдааныг Аймгийн ҮБХ-ны дэд тэргүүн Г.Мягмарсүрэнгээр ахлуулсан баг зохион байгуулна.

    ReplyDelete
  2. Тойргийн барилдаан үзүүштэй сайхан болох төлөвтэй байна. Тухайн бүсэд хамрагдсан сумд бэлтгэлээ сайтар базаасан сурагтай байна.

    ReplyDelete