Saturday, June 29, 2013

Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдааны заавар

Нэг: Зорилго
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу жил бүр зохион байгуулдаг Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгоход оршино.
Хоёр: Барилдааны тов
2013 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаан 7 дугаар сарын 03-ны лхагва гарагт 15 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 
Гурав: Оролцох бөхчүүдийн бүрэлдэхүүн
Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийт 256 бөх барилдах бөгөөд доорхи хүчний байгууллагуудын спорт хороод дараах тооны бөхчүүдийг мэдүүлгээр барилдуулна. Үүнд:
1. "Алдар" спорт хороо 64 бөх
2. "Хүч" спорт хороо 44 бөх
3. "Хилчин" спорт хороо 50 бөх
4. "Аврагч" спорт хороо 24 бөх
5. "Эрч" спорт хороо 20 бөх
6. "Сүлд" спорт хороо 44 бөх
7. "Соёмбо" спорт хороо 10 бөх
Эдгээр спорт хороод дээрх тоонд багтаан барилдах бөхчүүдийн мэдүүлгийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-нд албан ёсоор ирүүлнэ.
Мэдүүлэгт ороогүй бөхийг барилдуулахгүй болохыг анхааруулж байна.
Дөрөв: Барилдааны хэлбэр, шагнал
Барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулна. МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол, чимэг олгоно. Үүнд:
8 давж түрүүлсэн бөхөд "цэргийн арслан"
7 давж үзүүрлэсэн бөхөд "цэргийн заан"
6 давж дөрөвт үлдсэн бөхөд "цэргийн харцага"
5 давж шөвгөрсөн бөхөд "цэргийн начин" цол тус тус олгох ба хуучин цолтой бөх шөвгөрвөл даваанд тохирох чимгийг нэмэн олгоно.
Мөн наадамд 2-оос дээш давсан бөхчүүдэд МҮБХ-ноос тогтоосон жишгийн дагуу давааны мөнгөн шагнал олгоно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

1 comment: