Tuesday, August 02, 2011

НЭГЭН БОДОЛ (Завханы наадам хийгээд цолоо ахиулахуй)...

Үүнийг өгүүлэгч би бээр Улаанбаатар хотноо хэд хоног ажил хөөцөлдөөд буцахдаа /2011.06.11/, а.а Б.Батмөнхтэй нэгэн нислэгээр явахаар таарав. Залуу арслантай нилээдгүйг хөөрөлдөв... Залуу арслан ч шөвгөрөх хүсэл тээж яваагаа нуулгүй хэлэв. Энгийн төлөв, даруу байдал нь барилдааныг нь үзэж, дэмждэг надад ихэд тааламжтай байв. Баянхонгороор дайрсан нислэг 3 цаг гаран үргэлжлээд Донойд газардав...

Маргааш нь аймгийн баяр эхлэх байсан болохоор сумаараа /гэрээрээ/ ч дайрсангүй шууд л аймгийн төв оров. БТСГ-аар орлоо, олон олон хүчтэнүүд ирсэн байв. Бүгд бүртгүүлжээ... Залуу начин Ц.Содномдорж, хүргэн ах а.х О.Гантулгын хамт ирсэн байв. Мөн а.з Б.Ганзориг, а.н Н.Батсуурь, Ц.Чимэддорж нар, заан Б.Соронзонболд тэргүүтэй Алтайхан, үүний дотор а.н Ц.Бямба-Очир, А.Хосбаяр гээд л цолонд зүтгэж буй олон залуучууд байв. Түүнчлэн у.х М.Батжаргал, өсөх идэр начин Г.Эрхэмбаяр, Ж.Отгонбаяр, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, а.а С.Багахүү, Ж.Алтаншагай, с.з Б.Улаалзгана нарын бөхчүүд ч байв.

Өнөө жилийн аймгуудын наадмыг эхлүүлж, олон бөхчүүдийг анхлан цолонд зүтгүүлсэн, Завханы наадам олон түмний таашаалд нийцээгүй ч, нутгийн хэд хэдэн залуус цолонд хүрч, нутгийн бөх түрүүлэв гэх үү дээ... Нөгөө талаасаа гадныхан (жалга довны үзэл гаргасангүй, өөр аймгийн бөхчүүдийг хэлэв)-д ихэд халгаатай наадам болов оо... Гэтэл эндээс нэгэн бодол төрөөд гэх үү дээ, үүнийг өгүүлэхүл:

Богд хайрханы тахилгад оролцсон болон Завханы наадамд зодоглосон бөхчүүд төрийн болоод бусад аймгийн наадамд тунч сайн барилдсан байхын...

1. у.з М.Баяржавхлан /у.г/: Нутгийн наадмаа жанхууруулж, ахыгаа арслан болгосон түүнд наадамчин олон бүгд дургүйцсэн юм даг... Харин заан маань тэрхүү олон түмнийг төрийн наадмаар магнай тэнийлгэн баярлуулав. Түүний арслан цолны даваанд хийсэн барилдаан бол өөрийнх нь л талд шийдэгдэх ёстой байсан даа...

2. у.н Г.Эрхэмбаяр /у.ар/: Аав, ээжийнхээ нутагт ирж барилдав. Түрүүлэх зорилго тээж ирсэн гэж дуулдсан. Гэвч болсонгүй ээ. Элдэв шахалт, гуйлт... Арга буюу дөрвийн нугараанд өгөв... Харин улсын наадмаар тун ч сайхан барилдаад олон жил харсан, дэмжсэн олон түмний хүслийг нэгэн дор биелүүлэв ээ...

3. у.н Ц.Содномдорж /у.х/: Хүргэн ахыгаа цолонд зүтгүүлэх зорилготой ирсэн боловч, бөх нь хоёрын даваанд ирсэн зорилгыг үгүй хийв... Төлөвлөгөө нэгэгт нурсан болохоор, өөр шинэ төлөвлөгөөнд зайлшгүй оролцож, шархаа нөхөв... Харин улсын наадмын дөрвийн даваанд том найраанд орон алдаад л байсан шүү. Ороогүй нь ч онож шинэ цолонд хүрсэн. Цаашаа ч явах боломж дүүрэн байсан... Их харамсалтай барилдаан болсон доо... Өөрийнх нь сонгож барилдаад байсан газар бол талбайн баруун урд зах. Хоёр дахь барьц сонголтыг жаахан төвөөс эхлүүлсэн бол, засуулууд хариуцлагатай байж барилдааныг зогсоосон бол гэх мэтээр...

4. а.а Ш.Жаргалсайхан /у.н/: Их хайрхандаа ихэд сүслэн мөргөсөн буй за. Сүүлийн найдвар гэдгийг ч сайн ойлгож байсан биз дээ... Аймгийн наадамд их ач холбогдол өгөөгүй гэлтэй. Цолонд тэмүүлж ирсэн сайн начинг амлаад удтал үзээд давсан. Дараагийн даваанд нь хоронд өртөлгүй цэвэрхээн өөрийгөө сугалаж чадсан гэх үү дээ... Харин улсын наадмаар олон жил хүлээсэн, өмнөөс нь ч олон хүн хүлээсэн цолоо, даваагаа давж нэгэнт чадав...

5. а.а Б.Батмөнх /у.н/: Чимэг нэмэх, түрүүлэх өрсөлдөөнд түүнийг оруулсангүй, тийм ч боломжийг олгосонгүй. Арга буюу шахаанд ороод, бас багагүй тохиролцоонд хүрч чадав... Аймгийнхаа наадамд түрүүлээд зорилгоо биелүүлэв. Харин улсын наадмаар аз, од гийж, начны босго алхав...

6. а.а Б.Гончигдамба /у.н/: Богд хайрханы тахилганд түрүүлээд, аймагтаа ч түрүүлэх бодол тээсэн нь мэдээж... Доороос хүндхэн барилдааныг хийж явсаар үзүүрт хүрэв. Түүнийг сайн барилдаж байсныг батлах ч энэ жил улсын цолонд хүрнэ гэж шууд хэлэхэд бас л эрт... Тиймээс түүнд хурц чимэг хамгаас чухал байлаа. Харин улсын наадмаар тунаад начин болов. Үнэхээр гайхалтай...

7. а.х О.Ганутлга /а.х.а/: Хоёрын даваанд унаад ихэд харамссан. Яалтай ч билээ, гарцаагүй л цэвэр унасан. Өнгөрсөн жилийн Увсын наадамд түүнийг зогсоох хүн байгаагүй юм гэнэ лээ. Бас л азгүйтсэн болохоос... Ингээд анхны наадамдаа барсангүй ээ, хоёр дахь нь Эрдэнэтийн наадам. Өмнөхийг бодвол сайн үзээд шөвгөрөх даваанд тахим буулгав. Улсын наадмаар муугүй үзэн гурав даваад, нутгийн ахыг гар амар явуулав. Түүний гурав дахь боломжийг ашиглах наадам нь Хөвсгөл. Шөвгөрөх даваанд бас л... Харин сүүлийн сонголт үлдсэн нь чухам хаашаа явах, бас зөв бодох сонголт байлаа. Сонголтыг тэр хоёр зөв хийж чадсан байна. Ингээд Ховдод өөрөө их зөв, хичээж барилдав, шинэхэн харцага ч замыг нь аятайхан засав. Зорилгыг давуулан биелүүлээд хурц арслан цолонд шууд хүрэв ээ...

8. а.н Н.Батсуурь /а.а/: Уг нь тэрээр гуравт ам авна гэж бодож байв. Бүр болохоо байлаа гэхэд л Ганзоригоор тунаанаас гаргуулах ёстой байсан. Гэтэл асуудал эсрэгээрээ эргэв... Дараа нь Сүхбаатарт очив, бүр балай юм болов. Тэндээсээ шууд Эрдэнэт оров. Тэнд уг нь гурав давсан ч бас л болсонгүй... Улсын наадмаар шууд начинд зүтгэв. Их ч боломжийн байдалтай болоод байж байтал, таамаг эвдсэн зүйл тохиож начин Бүрэнбаатар сумын заанд тахим буулгав аа... Нугараа хатуу таарсан ч, боломж уг нь түүний талд эргэсэн ч болсонгүй ээ... Харин түүнд бүр анхны зорилгоо заавал биелүүлэх шаардлага тулгарав. Тэр зорилгоо бүрнээ ухамсарлаж, Дарханд сайн ч үзэв, дэмжлэг ч сайн байв. Юм ёсоороо болов...

9. а.н Ц.Чимэддорж /а.а/: Түүнийг хоёрын даваанд Батсуурьтай нугалаад бөөн будлиан болов оо. Үүнийг “Дамба” нугалаа хэмээдэг. Яаж ч зүтгээд болохгүй юм хойно, ёсоороо болж ямартаа ч хоёр даваад, наадмын хоёр дахь өдрийг хүлээв. Гуравт тунаад, дөрөвт болсонгүй ээ. Улсын наадмаас өмнө цолоо ахиулчих гээд Булган, Хэнтийн наадмуудыг зорьсон чинь бүр хөгийн юм болж гэнэ. Гадны бөх барилдуулахгүй гэдэг гэнэ. Монгол даяарын наадам ийн буруу эргэж эхэлсний тод илрэл энд харагдав аа хөөрхий... Харин аймгийнхаа түүхт ойд сайн барилдаж, Их аварга тэргүүтэн нутгийн ах нар нь сайхан дэмжээд арслан цолонд хүргэв. Уг нь хурцлах боломж ч түүнд байсан. Тэр боломжийг бол нутгийн арслан ах нь шууд л хаасан байх...

10. а.н Ц.Бямба-Очир /а.х/: Бас л түрүүлэх өрсөлдөөнд орж байсан бөхийн нэг. Дээрхи бөхчүүдтэй харьцуулахад хувь нь бага л даа... Гэхдээ цолоо батлах, цолоо ахиулах бол энүүхэнд л байв... Гэвч гурвын даваанд тун ч сайн барилдаад байгаа Лха-Очирт тахим буулгав... Харин Сүхбаатарын наадамд сайн барилдаад, бас сайн дэмжүүлээд харцага цолонд хүрсэн байна лээ...

Зиа, нэг иймэрхүү зүйл бичив ээ... Сонин, өвөрмөц гэж харахгүй хүнд бол ямартаа ч цолоо ахиулах зорилго тээсэн бөхчүүд маань Завханы наадмаас эхлээд үзэж эхэлснийг харж болно. Эцэст нь ямар нэгэн байдлаар өөрсдийн хүслийг биелүүлж, энэ намраас дээгүүр эрэмбэтэй зодоглох, улмаар ирэх жилийн наадмын дөрвийн нугараанд бас ч аз таарч болох боломжийг бүрдүүлсэн байна даа гэж...

2 comments:

  1. улаанаа8/02/2011

    Б.батмөнхийн эрэмбэ ямар байх вэ? өмнө нь хурц арслан болсон болохоор шинэ начингуудын 1-рт байх уу? эсвэл хурц цолоороо бүртгүүлээгүй болохоор өмнөх амжилтын эрэмбээрээ эрэмбэлэгдэх үү? Үүнд хариу өгөөч?

    ReplyDelete
  2. Anonymous8/03/2011

    Б.Батмөнх хурцаараа байлгүшй яахав. Бүртгэл нь хамаагүй, гаргасан амжилт нь тооцогдоно шүү дээ. Шинэ начингуудын хамгийн эхэнд ам авна.

    ReplyDelete