Monday, July 11, 2011

Түүхт их ойн бөхийн барилдаан сайхан болж байна...

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Монгол түмний үндэсний ИХ БАЯР наадам эхэллээ.

Түүхэн тэгш ой олноор давхацсан өнөө жилийн наадам урьд жилүүдийн наадмаас илүү сайхан, онцлог их, тэгш дүүрэн сайхан болох буй за...

Монгол орны өнцөг булан бүрээс төрийнхөө наадамд оролцохоор олон олон хүчтэн, эрхий мэргэн харваачид, онч мэргэн шагайн харваачид, хурдан хүлэг морио сойсон уяачид хүрэлцэн ирсэн нь түүхэн наадмыг тодоор чимж байна.

Төрийнхөө их баяр наадамд 6 удаа түрүүлээд байсан алдарт шарга азарга зодог тайллаа. Алдарт шарга азаргаараа наадамч олноо баярлуулж асан Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон-уран” ХХК-ийн захирал Батсүхийн Наранхүү өнөө жил хурдан хээр азаргаа аман хүзүүдүүлж наадамч олноо дахин баясан цэнгүүллээ...

Бөхийн барилдаан үнэхээр сайхан болох нь зайлшгүй биз ээ...

Түүхэн тэгш ой олноор давхацсан өнөө жилийн наадамд дархан аварга Х.Баянмөнх, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, И.Доржсамбуу, Н.Ганбаатар тэргүүтэй 1024 хүчтэн уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан барилдаж байна.

Увс аймгийн Хяргас сумын уугуул, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Шонхор-Олимп” сургуулийн бөх Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ЗХУ, МУ-ын спортын гавъяат тамирчин, Зууны манлай бөх, Дэлхийн зуун бөхийн од, Мюнхэний ХХ олимпийн мөнгөн медальт, самбо, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, баяр наадмын манлай, Монгол улсын дархан аварга Хорлоогийн БАЯНМӨНХ бээр 68 насандаа төрийнхөө их баяр наадамд зодоглож байна. Ийнхүү төрийнхөө их баяр наадамд арвантаа түрүүлсэн Их аварга зодоглож буй нь цаанаа гүн утга, ерөөлийг агуулж буй бөлгөө... Аварга маань хоёр даваад байна...

Өчигдөр бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөсөн бол, өнөөдөр бөхийн барилдааны гурвын даваа 9 цагаас эхэлнэ. Хоёрын даваа шөнийн 00 цагийн орчимд өндөрлөв.

Бөхийн барилдааны нэгийн даваанд у.н Н.Түмэннаст, Д.Пэрэнлэйдорж нарын улсын цолтонгууд өвдөг шороодов. Харин хоёрын даваанд нилээдгүй олон улсын цолтон учраа бөхчүүддээ тахим буулгав. Онцлох нь улсын залуу начин Д.Лхагвадорж а.н С.Ням-Очирт, у.н Б.Бадамдорж а.н Х.Гантулгад тус тус өвдөг шороодов.

Өнгөрсөн жилийн наадмаар ц.х.а Санжаадамбыг нэгэн наадмыг хүлээлгэх болгож, тэргүүн бөхөд тахим буулгасан аралтай, бяртай начныг өнөө жил харцагаар тогтохгүй барилдана гэж олон түмэн харж байлаа... Гэвч болсонгүй ээ, ирэх жилийн наадмыг л хүлээх... Үнэн хүчийг үзээд унасан бол ч... Хальтиргаа... Харамсал...

Бөхийн барилдааны хоёрын давааг урьд жилүүдийн наадмын нэгийн даваатай адил, өөрөөр хэлбэл олон бөх барилдаж буй учир нэг даваа сул болно гэсэн нь эсрэгээр байв. Хоёрын давааны төгсгөлийн зарим онцлох оноолт /барилдаан/-ыг дурдахул:

1. а.а С.Идэрсүрэн – а.н Н.Батсуурь

2. а.а Б.Сүхбаатар – а.н Ц.Чимэддорж

3. а.а П.Гантөгс а.х О.Гантулга

4. а.а Л.Лха-Очир а.х Н.Батсайхан

5. а.а Н.Адъяабат – а.х Э.Баасандорж

6. а.а Б.Отгонбаатар – а.з Б.Буянмөнх

7. а.а Ш.Шинэбаяр – а.з Б.Бадамсүрэн

8. а.а Х.Цагаанбаатар – а.з И.Батсайхан

9. а.а Ц.Одбаяр – а.а Д.Энхбаяр зэрэг болно.

Өнөө жилийн наадам өнгөтэй сайхан болох нээ... За за, Төв цэнгэлдэх орж бөхөө үзэе даа... Бөх сайхан болно оо...

1 comment:

  1. Өчигдөр оройтож бөх дууссан болохоор, өнөө өглөө Төв цэнгэлдэх явахын өмнө өөрийн бодлоо хуваалцахаар бичив. Та бүхэн сайхан наадаарай.

    ReplyDelete