Friday, July 15, 2011

Шинэ цолтон хийгээд бөхийг шимтэн үзэгчийг хувийн дүгнэлт...

Улсын начин цол хүртсэн:

1. у.н Цэдэнбазарын ОДБАЯР: Хүчээрээ начин болсон бөхдөө. Дөрөвт бага зэрэг яриа байсан байж болох, үгүй ч байж мэднэ. Харцагуудад халгаатай байлаа. Гурван ч харцагыг дараалуулан хаяж начин цолны босго алхсан. Сүүлийн үед яахын аргагүй илт сайжирсан залуу. Уран, хурц, дайчин, зоримог барилдаантай бөх. Хойшид улам сайн барилдана аа. Амжилт... (Жич: Миний бодсоноос өөр сураг байна. Дэмжлэг, татаас орсон гэхийн... Бүр татгалзахааргүй санал тавьсан гэнэ...)

2. у.н Жаргалсайханы Чулуунбат: Хүчээрээ 4 давсан. Тавд нутгийн ахаараа татуулсан. Начнаар тогтохгүй л бөх. Үүнтэй хэн ч маргахгүй биз дээ. Өөрийгөө нэгэнт харуулж чадсан. Хойшид улам сайн барилдаарай гэж хүсэх...

3. у.н Чулуунбатын Цогбаяр: Гуравт Бүрэнтөгсийг хаяад начин болох үүд хаалга нь нээгдсэн. Дөрөвт аз таарч нутгийн ахтайгаа нугарсан. Тавд нутгийн гавъяат ахийн ач ивгээлээр начин цолны босго давсан. Уг нь аралтай, бяртай л залуу. Улам л илүү хичээж цолоо хамгаалж барилдана биз дээ...

4. у.н Батзоригийн БАТМӨНХ: Гурав, дөрөвт нутгийнхантай нугарч, аз таарч хөнгөхөн даваад, тавд татуулсан. 9,10-нд болсон нутгийнхаа наадамд хурцалсан ч уг цолныхоо гавъяаг үзсэнгүй. Энэ жилийн АЦЦБЗБ-ийн хоёр ч барилдаанд түрүүлсэн. Улсын цолтны барилдаанд ч шөвгөрөөд байсан. Цолонд хүрэх залуусын тоонд зүй ёсоор орж байсан бөх. Бас л том амжилтыг үзүүлэх боломжтой, нөөцтэй залуу. Итгэж байна, хүлээж байна даа...

5. у.н Баатарын Амарзаяа: Хүчээрээ дөрөв даваад, тавд татуулсан. Арал, бяртай, ур чадвар нь нилээдгүй өсч буй залуу. Хойшид илүү сайн барилдана биз дээ... Гочоосүрэн заан “Санжаадамбаас ч илүү барилдана” гэж үнэлсэн нь ч бий...

6. у.н Амарын Батмөнх: Сайхан залуу даа... Олон ч жил сайн барилдана аа... 2007 онд Ж.Бат-Эрдэнэ ингэж начин болж байсныг л санагдуулам юм. Гэхдээ түүнээс онцлог нь хүчээрээ дөрөв давсан. Тавд дэмжүүлсэн. Нас залуу байна, наадам олон байна, болоогүй ээ, сайхан барилдана аа...

7. у.н Баатарын СумъяА: Арал, бяр, бие байна аа. Барилдаан бага... Дэмжлэгээр начин боллоо. Шуудхандаа бол, энэ жилийн хамгийн ханш өндөр начин... Дэмжсэн хүмүүсээ баярлуулж, бөхчүүд, бөхийг үзэгчдэд өөрийгөө бататган нотлох буй за. Тийм цаг, боломж бол бий шүү дээ...

8. у.н Батнасангийн ГОНЧИГДАМБА: Гуравд яахын аргагүй нутгийн ахаараа татуулсан. Харин үлдсэнийг нь өөрийнхөө авъяасаар бүтээсэн бөх. Энэ жил илт сайжирсан даа... Завханд барилдаж байх нь, нэг л онцгой байсымаа... Харцага ч болж болох байлаа, сэтгэл жаахан ханав уу даа... Улам их амжилт...

9. у.н Батмөнхийн САНГИСҮРЭН: Гурав, дөрөвт дэмжлэг багагүйг авсан ч, хүчээрээ хүслээ биелүүлсэн бөх. Хүчээрээ цолонд хүрсэн гурвын нэг (Одбаяр, Гончигдамба). Начнаар ер тогтохгүй л бөх. Сүүлийн хоёр жилд илт сайжирсан залуу. Хойшид их сайн барилдах буй за... (Жич: Миний бодсоноос өөр сураг байна. Отгонбаатарт санал тавьж, уг саналыг нь зөвшөөрсөн гэхийн...)

10. у.н Сүхбаатарын БАТСУУРЬ: Нутгийнхан нь энэ жил түүнийг дэмжсэн шиг дэмжлээ. Ах нарын дэмжлэг үнэн хүчийг үзэх даваанд том чөдөр болж хүслийг боймолсон доо... Түүнийг хэн ч үгүйсгэхгүй тийм л хүчтэн... Начин цол бол түүний хувьд улсын цолны эхлэл л гэж бодож буй биз ээ... Тэгвэл л сайн байна даа...

11. у.н Ширбазарын Жаргалсайхан: Нутгийн ах нар нь дэмжиж, татаасаар олон ч жил мөрөөдсөн даваагаа давсан. Залуу харцагад том санал тавьсан нь тодорхой биз дээ... Уг нь бол начнаар тогтохгүй л эрэмбэтэй бөх. Шинэ арсланд харцагын даваанд өвдөг шороодсон. Нэг нь ч хаяж, нөгөө нь ч унаж сурсан хоёрдоо...

12. у.н Маналсүрэнгийн ЭРДЭНЭБАТ: Энхтайванаар дөрөв давж 3 дахь удаагаа начны даваанд тулж ирсэн. Нутгийн ах нар нь дэмжиж 3, 5-д татсан. Начин болчихсон байхад огтоос гайхаад байх зүйлгүй. Начны дүүрэн эрэмбэтэй бөх...

13. у.н Саруултуяагийн БАГАХҮҮ: Пүрэвдагвыг дөрөвт өвдөглүүлсэн нь түүнийг начны эрэмбэтэй болохыг бэлхнээ нотолно. Урьд өмнө хоёр ч удаа начны даваанд гарсан түүнийг олон хүн начин болоосой гэж дэмжиж байсан. Ёсоороо болж нутгийнхныхаа дэмжлэгээр начин цолонд хүрч чадав.

Тод: Гурвын давааны ханш 10 сая, тавын даваанд хамгийн бага нь 50, ихэнх нь 100, 120 сая хүрсэн гэнэ ээ... Худал өгүүлэхээргүй, бурууг ярихааргүй бөхийн хүрээний найз маань тийн хэлэв... Арга ч үгүй юм болов уу. Миний мэдэхээр, аймгийн наадмын гурвын даваа 500-аас 1 сая, начны даваа 3-5 сая, сумын зааны ханш 800-аас 1 сая байхад даа...

Улсын харцага цол хүртсэн:

1. у.х Ганбатын Алтангэрэл: Түүнийг энэ жил начин болно гэж бараг л тааварлаагүй дээ. Аз, од нь гийж 4 даваад, начны даваанд татуулсан. Харин харцагын даваанд арсланг өвдөглүүлсэн нь түүнийг азтай гэхийн зэрэгцээ, басхүү барилдаанч бөх гэдгийг нь нотлох буй за.

2. у.х Цэдэвийн СОДНОМДОРЖ: Хэлэх юмгүй дээ. Тунааны начин, өнөө жил хүчээрээ харцага боллоо. Харцагаар тогтохгүй бөх. Санжаадамбатай хийсэн барилдаанд нилээдгүй будлиан орсон. Бас л тогтож байна лээ, үетэй л дээ... Ирэх жил улам илүү барилдана аа... Дэмждэг шүү...

3. у.х Алтанбаганын ЦАЦАБШИР: Энэ жил үнэхээр жигд сайн байсан даа... Нутгийнхан нь дэмжиж начин цолонд хүргэж байсан бол, өөрөө хүчээрээ цолоо баталлаа. Харин тэгэхэд нь дэмжлэгээр харцага цолонд хүргэв. Зааны даваанд жаахан дутуу барилдсан даа...

4. у.х Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ: Хүчээрээ, өөрийнхөөрөө л үздэг залуусын нэг. Харцага цолонд багтаж ядсан л бөх дөө... Зааны дүүрэн эрэмбэтэй бөх...

Улсын заан цол хүртсэн:

1. у.з Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА: Нутгийнхан нь дэмжсэн шиг дэмжээд л 5 давууллаа. Начны даваанд залуу харцагад татгалзахааргүй санал тавьсан болтойдог... Ер нь бол заанаар тогтохгүй бөх л дөө... Энэ жилдээ бол хүрэх цолондоо хүрлээ, ирэх жил цолоо ахиулна аа. Ганцхан зүйл нь долоогийн даваанд хийсэн барилдаан, булхайтай барилдаан болсон. Сайхан үзэх хэрэгтэй, түмэн олон түүнийг дэмждэг шүү дээ...

2. у.з Дашзэвэгийн БААСАНДОРЖ: Сайн заан. Хүчээрээ заан боллоо. Зургаад тэгж дүүгээрээ татуулах зайлшгүй шаардлага байсан уу гэдэг нь их сонин. Хатуухандаа бол Өсөхбаяр зааны түрүү байсан шүү... Шинэ зааны хувьд өөрөө л хүчээрээ 7 давчих бүрэн боломжтой бөх. Хэт их хаширлаад нэгнийгээ золионд гаргалаа даа энэ хоёр. Боломж олон ирэхгүй л дээ... (Жич: Миний бодсоноос өөр сураг байна. Зааны даваанд санал тавьж, харилцан тохиролцсон гэнэ...)

Улсын гарьд цол хүртсэн:

1. у.г Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ: Нутгийн ах нь түүнийг дэмжсэн шиг дэмжээд начин цолонд хүргэсэн юм даг. Түүнээс хойш улсын наадмын барилдааны амжилт нь уруудаад байсан бөх. Ширвэж бус, шилж амалдаг эртэй бөхчүүдийн нэг. Энэ жил сайхан барилдлаа. Энэ цолыг хамгаалж чадах залуу. Харин долоогийн даваанд жаахан будлиантай. Хатуухандаа бол гүжирдэхэд хайнцаа байсан байх. Түүнээс, цэвэр хаяагүй л юм билээ... Харин гарьд цолны даваагаа гайхалтай сайхан хийсэн дээ. Илүү их амжилт...

2. у.г Махгалын Баяржавхлан: Заан цолтны манлай бөх маань, гарьд цолтны манлай болов. Аралтай, бяртай бөх. Даанч барилдаан муу даа... Гарьдаар зогсохооргүй л залуу анх гарч ирж билээ... Арслангийн даваанд давсан л байна лээ дээ... Шийдвэр л өөр гарсан болохоос... Гэхдээ арсланд хүрэх боломж бас түүнд хадгалагдаж байгаа шүү...

Улсын АРСЛАН цол хүртсэн:

1. у.ар Гунаажавын ЭРХЭМБАЯР: Олон жил цолоо ахиулна гэж олон түмэн дэмжиж харсан даа... Энэ жил тэрхүү хүслийг нь биелүүллээ. Биелүүлэхдээ бүр давуулан биелүүллээ... Сайхан арслан, хойшид сайн ч барилдана даа...

Улсын АВАРГА цол хүртсэн:

1. у.ав Сүхбаатарын МӨНХБАТ: Дайчин, шуурхай барилдаантай бөх. Гурван жил дараалан цол хүртлээ. Ингэхдээ Монгол бөхийн дээд цолонд хүрлээ... Энэ жилийнх шиг барилдахад дахиад олон жил сайн барилдана аа... Залуу Аваргад илүү их амжилт...

2 comments:

  1. Ineedmiin jujig uzeed neg ineene. buhchuudiin nairaag harj neg ineedeg bolj dee. Baljaa avarga 4-d sugarjargald 20-sayiig ogson gesen... Utga alga doo.

    ReplyDelete
  2. Найраа нь хүртэл ХАЙР ХҮРМЭЭР сайхан наадам боллоо доо.

    ReplyDelete