Monday, January 31, 2011

Даян аваргын хишиг “Ирээдүйн бөхийн аварга” шагнал...

Сар шинийн бөх сайхан болно оо...

Сар шинийн бөхийн барилдаанд хэн түрүүлэх бол, хэн сайн барилдах бол, хэн цахиур хагалах бол гээд л хүн бүр өөрсдийн таамгийг дэвшүүлж буй нь тодорхой.

Аварга арслангууд бүгд л барилдах байх, барилдаан үзүүштэй, сонирхолтой, жил жилийнхээ өнгийг харуулсан олон сайхан барилдаанаар дүүрэн байх нь дамжиггүй биз ээ.

Түүнээс гадна Даян аваргын хишиг “Ирээдүйн бөхийн аварга” шагналын эзнээр хэн тодрох нь ихээхэн сохирхол татаж байна. Нэрнээсээ эхлээд ихээхэн утга учир, адистадыг агуулсан уг шагналын тухайд:

Даян аварга зодог тайлсныхаа дараа жил буюу 2007 оны сар шинийн баяраас эхлээд уг шагналыг олгож эхэлсэн билээ. Сайн барилдаж буй залуу бөхөд олгодог хамгийн үнэ цэнэтэй, нэр хүндтэй шагнал гэж би хувьдаа ойлгодог. Даян аваргын хишиг, адистад шингэсэн “Ирээдүйн аварга” хэмээх шагналыг авна гэдэг тийм ч олон хүнд тохиогоод байх хувь тохиол биш...

“Аварга аваргаараа төрдөг”, “Аварга болно гэдэг үнэхээр хэцүү, аварга нэрээ хамгаална гэдэг түүнээс ч хэцүү” гэх зэргээр бид олонтаа ярилцдаг. Чухам Аварга аваргаараа төрж, Аварга аваргаараа амьдарч, Аварга аваргаараа ажиллаж, Аварга аваргаараа сэтгэж, Аварга аваргыг төрүүлэхийн төлөө зүтгэж, тэмүүлж, зорьж яваа нь Аваргууд л байдаг. Тэдний нэг нь Даян аварга Агваансамдангийн Сүхбат яахын аргагүй мөн бөлгөө.


2007 оны сар шинийн баяраар Даян аварга анхныхаа “Ирээдүйн бөхийн аварга” шагналаа өөрийн шавь, өнгөрсөн 2006 оны аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолонд хүрээд байсан Өлзийбатын Даваабаатарт олгов. Шагнал ч эзнээ олов. Энэхүү утга бэлгэдэл шингэсэн шагналыг бөхөд хайртай олон түмэн ч гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авав...

Харин “Ирээдүй бөхийн аварга” маань тэр зуныхаа наадмаар тааруухан амжилтыг үзүүлсэн ч наадмаас хойших олон барилдаанд тун ч амжилттай барилдаж эхэллээ. 2008 оны АХ-ын 87 жилийн ойгоор начин цолыг алгасаж Харцага цолонд хүрэв. Дархан аварга Д.Цэрэнтогтох нэгэнтээ: “Энэ цагт барилдаж буй бөхчүүдээс хамгийн уран барилдаантай нь Даваабаатар...” гэж үнэлсэн нь бий...

Харцага Даваабаатар 2009 оны улсын наадмын дөрвийн даваанд цэргийн хурц арслан А.Бямбажав \у.х\-ыг дархан дүүгүүрдэх мэхээрээ давж, тавын даваанд боссон ч бяртай начин Д.Батболд \у.х\-д тахим буулгав... Харин наадмын дараахан болсон "Ламын гэгээний 370, Хангайн бүсийн даншиг наадам"-аар даагаа нэхэн наадмын түрүү бөхөөр шалгарав...

Гэвч харцагын бөхийн замнал дардан байсангүй, учир нь чөлөөт бөхийн улсын шигшээ багийн сорилго барилдааны үеэр хүнд бэртлийг авч, улмаар жил гаруй хугацаанд бөхийн дэвжээнээ гарсангүй ээ... Сураг ажихад энэ жилийн сар шинийн баяраар барилдах аж. Бөхийн хорхойтон, түүний дэмжигчдийн нар гарч буй нь тодорхой. Уран хурц, дайчин барилдаанаараа үзэгчдийг баясгаж, их амжилтыг үзүүлэх буй заа...

Даваабаатар харцагадаа АМЖИЛТ.


2008 он. Сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны дунд шөвөгт нэг залуу бөх шалгаран үлдэв. Улмаар маргааш нь болсон улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны 2-ын даваанд у.з М.Баяржавхлан, 3-ын даваанд у.з Д.Бумбаярыг тус тус өвдөг шороодуулаад Далай аваргад өвдөг шороодов. Энэ залуу бол Увс аймгийн Тэс сумын харьяат “Олимп” дэвжээний залуу бөх Бадрахын Ганзориг байв. Ийнхүү хоромхон зуур багагүй амжилтыг үзүүлээд амжсан, уран барилдаант залуу бөхөд Даян аварга “Ирээдүйн бөхийн аварга” шагналаа соёрхлоо.

“Ирээдүйн бөхийн аварга” маань тэр зуны аймгийнхаа баяр наадамд залуу бөх П.Бүрэнтөгсөөр 6 даван, тэргүүн байрын төлөөх барилдаанд а.н Т.Сүрэнжавтай барилдан өвдөг шороодож аймгийн заан цолонд хүрсэн юм. Түүнд олон хүн ихээхэн итгэл хүлээлгэж байсан ч... Бэртэл, гэмтлийн улмаас жил гарны хугацаанд барилдсангүй... Жилийн өмнөөс заалны барилдаанд гарч, үзэгчдийг шуугиулж эхлэв... Тэрээр эдүгээ у.з Д.Бумбаярын удирдлага дор “Алдартан” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бие жижиг ч, уран барилдаантай, хийсэн мэхэндээ даацтай бөх юм.

Түүний ямар ч бөхийн хөлийг авах, авсан хойноо хаях эвээ олж буй нь, сэнжигний барьцнаас дунгуйлдаж татаж буй нь ч...

Ганзориг заандаа илүү их АМЖИЛТ.


2009 он. Сар шинийн барилдаанд Даян аварга “Ирээдүйн бөхийн аварга” шагналаа гардуулахаар ирэв. Бөхийн өргөө дүүрэн үзэгч халуун алга ташилтаар Даян аваргаа угтан авлаа...

2006, 2007 оны аймгийнхаа баяр наадамд түрүүлээд байсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан Цэдэвийн Содномдорж Даян аваргын “Ирээдүйн бөхийн аварга” шагналын 3 дахь эзнээр тодров. Даян аварга залуухан, аймгийн хурц арсланд ихээхэн итгэлийг хүлээлгэсэн нь тэр биз ээ...

Хурц арслангийн хувьд 2008 оны улсын наадамд анх удаагаа барилдаж нэг даваад өвдөг шороодсон ч, дараа жил нь энэ алдаагаа засч тунан барилдаад начин цолонд хүрэв. Залуу начин Ц.Содномдоржийг олон хүн сайн барилдана гэж ярьдаг, хардаг, дэмждэг. Сайн ч барилдаж байгаа... Өнгөрсөн зуны баяраар өмнөх жилийн начны даваанд тунасан учраа болох Өсөх-Ирээдүйтэй дахин тунав. Энэ удаад болсонгүй ээ... Ер нь энэ хоёр бөх заалны барилдаанд олон ч барилдаж байсан даа, тахим буулгаж байсан нь тун ховор...

Харин уран барилдаанд начин маань наадмын дараахан болсон “Авто тээврийн 85 жил”, “Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жил, Хотгойдын хурд-2” даншиг наадмуудад тус тус түрүү авав.

Содномдорж начин намраас хойш барилдсангүй ээ... Түүний уран хурц барилдааныг харуулдсаар л...

Илүү их амжилтыг начнаас хүлээж БАЙГАА ШҮҮ...


2010 он. Даян аваргын “Ирээдүйн бөхийн аварга” шагналын 4 дэх эзнээр цэргийн арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба тодров. Тэрээр өнгөрсөн зуныхаа улсын наадмын хоёрын даваанд а.а Б.Суманчулуунд тахим буулгасан ч, Монгол туургатны Үндэсний бөхийн наадамд дахин түрүүлэв. Үүнээс хойш Санжаадамбын олон олон түрүү, уртаас уртаар үргэлжилсэн. Шинэ Үндсэн хуулийн барилдаан, Сар шинийн барилдаануудад анх удаагаа улсын цолгүй бөх түрүүлсэн нь цэргийн арслан Санжаадамба байв. 2010 гарсаар 9 барилдаанд барилдаж, 8-д нь түрүүлэв. Бүх цэргийн наадмаар дахин түрүүлж, хурц арслан чимэг нэмэв.

Улсын наадмаар түүнийг начнаар тогтохгүй барилдана, магадгүй түрүүлэх байх гэж олон хүн итгэл хүлээлгэв, үнэхээр ч тийм л байсан. Харин наадмын дэвжээ түүнд хатуу бололтой... Дөрвийн даваанд у.н Д.Лхагвадоржид өвдөглөв өө...

Гэсэн хэдүй ч хурц арслангийн амжилт үргэлжилсээр, Эрдэнэт хотод болсон “Төвийн бүсийн хурд, даншиг наадам”-д түрүүлэв. Мөн ОХУ-ын Буриад улсад болсон “Монгол туургатны Үндэсний бөхийн наадам-3”-д өмнөх хоёр удаагийн наадамд түрүүлсэн амжилтаа дахин бататгаж Монгол туургатны Үндэсний бөхийн наадмын босоо бөх гэдгээ гурвантаа нотлов.

Улсын цолтой бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдаанд түрүүлэв. Мөн МБӨ-нд анх удаагаа 512 хүчтэн зодоглоход хурц арслан түрүүлэв.

Түүний амжилт, барилдааны түрүү үргэлжилсээр л...


2011 он. Даян аваргын хишиг “Ирээдүйн бөхийн аварга” шагналын эзнээр хэн тодрох бол...?

Бөхийг шимтэн үзэгч, үүнийг өгүүлэн бичигчийн хувийн бодлоор бол... Энэ жил дээрхи нэр хүндтэй шагналыг хүртэх боломжтой 5 бөх байна. Аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, а.а Б.Сангисүрэн, Б.Батмөнх, П.Бүрэнтөгс, а.н Н.Батсуурь нар.

Үүнээс илүү магадлалтай нь Даян аваргын шавь аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс. Түүний хувьд улсын наадмын гурвын даваанд а.а Б.Сангисүрэнд өвдөглөсөн ч... Наадмын дараа болсон Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойн 256 бөхийн барилдаанд түрүүлж аймгийн арслан цолонд хүрэв. Мөн МҮБХ-ны 20 жилийн ойн 512 бөхийн барилдаанд зургаа давав, “Майдар бурхны авшиг түгээх баяр”-т түрүүлэв гээд л амжилт их байна даа...

За, бүгдээр хүлээгээд, харж л байя даа...

Битүүний бөх ч сайхан болно доо...

3 comments:

  1. Anonymous2/01/2011

    saihan bichsen bn shuu. Suhbat ch suneheer augaa buh l doo..

    ReplyDelete
  2. Anonymous2/01/2011

    Бүрэнтөгс авах байх аа. Батсуурь сайн байгаа ч Бүрэнтөгсөд өгөх байх гэж бодож байна даа. Их сайн барилдаж байгаа залуу даа, Харин харцага Даваабаатар барилдахгүй сурагтай, жаахан тиймэрхүү юм. Гэхдээ удахгүй барилдана биз дээ

    ReplyDelete
  3. Anonymous2/01/2011

    сайхан мэдээ байна. Өнөөдрийн бөх ч сайхан болно доо

    ReplyDelete