Thursday, December 23, 2010

Алдархааны отгон АРСЛАН

Хуучны Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сум нь 7,3 мянган км.кв нутаг дэвсгэр бүхий зургаан багтай, говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутаг билээ.

Ардын хувьсгалын жилүүдэд Алдархаан нутгаас улсын алдар цолонд гурван бөх хүрсэн байдаг. Тэдгээрийг дурдахул:

1. Дарамын Дагва: АХ-ын 12, 25 жилийн ойн наадмуудад зодоглосон хүчит 880, 1024 бөхийн цуваа дансанд Монгол улсын начин цолтойгоор барилдсан байдаг. Дагва начин хэдэн онд уг цолонд хүрсэн нь тодорхой бус байдаг билээ.

2. “Нэсэхийн” хэмээх Аюурзанын Арилдий: АХ-ын 19 жилийн ойн хүчит 512 бөхийн барилдаанд улсын начин цолтойгоор барилдаж, зургаа даван шөвгийн наймд шалгарсан байдаг. Одоогийн харцага цолны болзлыг хангасан байна. Арилдий начинг зарим ном, сэтгүүлд заан цолтой байсан тухайд ч тэмдэглэсэн нь бий. Тухайлахул, АХ-ын 40 жилийн ойн нэрэмжит улсын ахмад цолтой бөхчүүдийн барилдаанд улсын заан цолтойгоор, нэгийн давааны хоёрдугаар дүйзэд Архангайн "Эрээн хавиргат" хэмээх Баатарын Төрбат /1938 оны 1024 бөхийн түрүү/ арсланд өвдөг шороодсон байна. (Жич: Энэ барилдааны дүйзийг АХ-ын 70 жилийн ойд зориулан гаргасан Спортын мэдээ сонины хавсралт, Монгол бөх сэтгүүлийн 1989 оны №4-т нийтэлсэн.)

3. Жоржооны ЖИГМЭДДОРЖ: АХ-ын 37, 39 жилийн ойн 512 бөхийн барилдаанд тус бүр тав даван шөвгөрсөн. Улсын өсөх идэр начин.

АХ-ын жилүүдэд Завхан аймгаас төрөн гарсан аймгийн Арслан цолтонгуудыг сумаар нь авч үзвэл Алдархаан сум тэргүүлдэг бөгөөд, аймгийн баяр наадмын хамгийн олон түрүү (24 түрүү)-г мөн сумын хүчтэнүүд хүртсэн байдаг билээ.

Арслан цолтонгуудыг дурдахул:

1. Дэндэвийн СУГАР (1925 оны түрүү бөх)

2. Аюушийн ОЧИРБАТ (1930 оны түрүү бөх)

3. Борхүүгийн СЭРЭЭТЭР (1939, 1941, 1942, 1945, 1947, 1952, 1954, 1959 оны түрүү; 1937, 1940, 1944, 1946, 1953, 1955, 1958 оны үзүүр бөх)

4. С.РЭНЦЭН (1948 оны түрүү бөх)

5. С.АВХИА (1950 оны түрүү бөх)

6. Гүмбэнгийн ГЭНДЭН (1955 онд Говь-Алтай аймагт түрүүлсэн)

7. Гүмбэнгийн ЛААГАНЖАВ (1961, 1973 оны түрүү; 1966, 1972, 1976 оны үзүүр; 1969 онд Говь-Алтай аймагт түрүүлсэн)

8. Балдансүрэнгийн БЯМБАЖАВ (1963 онд Говь-Алтай аймагт түрүүлсэн; 1960, 1965 онд Завхан аймагт үзүүрлэсэн)

9. Дагвасамбуугийн ЛХАГВА (1968 оны түрүү бөх)

10. Ламжавын АРИЛДИЙ (1971, 1972 оны түрүү; 1970, 1982, 1985 оны үзүүр бөх)

11. Тогтохбаярын ДАШЗЭВЭГ (1974, 1975, 1981 оны түрүү; 1980 оны үзүүр бөх)

12. Мангалын ЛУВСАНПУНЦАГ (1977 оны түрүү бөх)

13. Лхагвадоржийн ОЧИРБАЛ (1980 оны түрүү бөх)

14. Дунгарын ЛХАГВАСҮРЭН (1987 оны аймгийн аварга)

15. Гэндэнхүүгийн ОЧИР (1990 оны аймгийн аварга)

16. Гүнчингийн ТҮВШИНБАТ (2001 оны түрүү бөх)

17. Лхагваагийн ЛХА-ОЧИР (2009 оны түрүү; 2008 оны үзүүр бөх)

Алдархаан сумаас төрөн гарсан 17 арслангийн 13 нь Завхан аймгийн баяр наадмын 24 түрүүг хүртсэн. Эдгээр 24 түрүүний 15 түрүүг арслан Б.Сэрээтэр (8 түрүү, 7 үзүүр, мэдэгдэж буйгаар 4 их шөвөг), Г.Лааганжав (2 түрүү, 3 үзүүр, 3 их шөвөг), Т.Дашзэвэг (3 түрүү, 1 үзүүр, 4 их шөвөг), Л.Арилдий (2 түрүү, 3 үзүүр, 5 их шөвөг) нар хүртсэн байна. Мөн аймгийн баяр наадмын 19 үзүүрт Алдархааны хүчтэнүүд хүрчээ.

Алдархаан сумаас төрөн гарсан отгон АРСЛАН бол Лхагваагийн ЛХА-ОЧИР. Тэрээр 1988.12.23-нд Алдархаан суманд төрсөн, 22 настай. Түүний үндэсний бөхийн анхны багш нь Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн, ахлах дасгалжуулагч Сандаг-Очирын Юнрэн юм. Харин самбо, жүдо бөхийн багш нь Ю.Дарамбазар, аймгийн заан Л.Баттөр нар юм. Лха-Очир самбо, жүдо бөхийн өсвөр, залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Мөн сумын заан, дасгалжуулагч Б.Ишванжилын удирдлга дор “Хүчний гурван төрөлт”-ийн УАШТ-ээс хүрэл медалийг хүртэж байсан билээ.

Тэрээр 2007 онд Тосонцэнгэл сумын наадамд түрүүлж сумын заан, Алдархаан сумынхаа наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан. Мөн Завхан аймгийн Идэр сумын харьяат улс орон даяар “урт гарт, хамбын бор” гэх нэрээр мөнхөрсөн улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит баруун бүсийн чуулга барилдаанд амжилттай барилдаж аймгийн начин цолны болзлыг хангасан.

2008 онд а.н Б.Галсайхан /Алдархаан/-аар 6 даван, а.а Ж.Сүхбат /Шилүүстэй/-тай тэргүүн байрын төлөө барилдаж үзүүрлэн аймгийн заан, 2009 онд а.а Д.Батжаргал /Идэр/-аар 8 даван түрүүлж аймгийн АРСЛАН цолонд тус тус хүрсэн. Ийнхүү тэрээр Алдархаан сумаас төрөн гарсан 17 дахь АРСЛАН цолтон бөгөөд аймгийн наадмын 19 дэх үзүүр, 24 дэх түрүүг нутагтаа авчирсан билээ.

Түүний хувьд 2010 онд улсын наадамд анх зодоглосон бөгөөд хоёрын даваанд а.а Ч.Цогбаяр (Ховд/Чандмань)-т өвдөг шороодсон.

Лха-Очирын хувьд сүүлийн үед болсон барилдаануудад тогтмол амжилтай барилдаж байна. Тухайлахул:

МҮБХ-ын 20 жилийн ойн барилдаан /2010.12.04-05/-д у.з Б.Сайнбаяраар 4 давсан, Архангай аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн барилдаан /2010.12.18/-д а.а Н.Ганзоригоор 5 давж дунд шөвөгт, “Баянзүрх хайрхын хишиг барилдаан-4” /2010.12.19/-т а.а А.Алтанхуяг, у.н Г.Эрхэмбаяр, Ш.Тогтохбаяр, у.з Д.Рагчаа нар /3-6/-ыг давж их шөвөгт үлдсэн зэрэг амжилтуудыг үзүүлээд байна. Бие жижиг ч хүнд бярдуулдаггүй, нягт барилдаантай бөх юм. Түүнийг бөхийн хүрээнийхэн нягт Лха хэмээн нэрлэх болжээ...

Эдүгээ Завхан аймгийн Алдархаан сумаас Лха-Очир арслангаас гадна, аймгийн залуу заан Базаргүрийн Бадамсүрэн, аймгийн начин Бямбасүрэнгийн Галсайхан, Пүрэвдоржийн Батсүх, сумын заан Зэсрэндондовын Хангалбаатар нарын зэрэг өсөх ирээдүйтэй залуучууд барилдаж байна.

Арслангийн даллагатай Алдархааны хүчтэнүүддээ их амжилтийг хүсэе.

1 comment:

  1. Anonymous12/23/2010

    Saihan medeelel bn. Manai Aldarhaan ch saihan nutag shuu. Ta uneheer buhiig sain medeh yum aa. Nutgiin ahdaa bayarlalaa. Lhadaa amjilt.

    ReplyDelete