Monday, November 01, 2010

Хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг

Монгол улсын хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд мэндэлсэн.

Ц.Цэрэнпунцаг гарьдын бөхийн анхны багш нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн Сандаг-Очирын Юнрэн арслан юм.

Ц.Цэрэнпунцаг 1993 оны АХ-ын 72 жилийн ойгоор у.з Д.Сүхбаатар, Д.Амгаа нараар 5 давж улсын начин цол, дараа жил нь буюу 1994 онд у.н А.Сүхбат (даян.а), у.н Д.Сумъяабазар (у.ав), у.з Д.Мөнх-Эрдэнэ (у.ар), шинээр заан цолны болзол хангасан Р.Гансүх нараар тус бүр 8 давж “Үлэмж бадрах” чимэгтэй ЗААН цол хүртсэн.

1996 оны АХ-ын 75 жилийн ойгоор у.н Л.Өлзийбаяраар 6 давж “Саруул сайжрах”, 1997 онд шинээр өсөх идэр начин цолны болзол хангасан Г.Элбэг (у.х)-ээр 7 давж “Бат нягт”, 1998 онд у.з А.Сүхбат (даян.а)-аар 7 давж “Хуурнин шуугигч”, 1999 онд у.н Д.Сэржбүдээгээр 6 давж “Хурдан шаламгай” чимгүүдийг тус тус нэмсэн.

2001 оны АХ-ын 80 жилийн ойгоор хүч үзэн барилдсан хүчит 1024 бөхөөс шинээр заан цолны болзол хангасан у.н Ч.Батзоригоор 8 найм даван шөвгөрч "бууршгүй хүчит", 2003 онд шинээр начин цолны болзол хангасан Б.Баянмөнх /Хө,Тосонцэнгэл/-өөр 6 давж "үнэн итгэлт", 2004 онд дар.а Б.Бат-Эрдэнээр 7 давж “Өлзий бадрах” чимэг тус тус нэмэв.

2000 оны АХ-ын 79 жилийн ойгоор Ц.Цэрэнпунцаг гарьдыг түрүүлнэ хэмээн ихээхэн итгэл хүлээлгэж байлаа /у.н Ц.Гэрэлт-Одоор 6 давж "үнэн зориг" чимэг нэмсэн/. Тус наадмын 7-гийн даваанд дар.а Б.Бат-Эдэнэ у.а Д.Мөнх-Эрдэнийг, у.з Ц.Цэрэнпунцаг у.з Б.Гантогтохыг, у.з Г.Өсөхбаяр у.з Б.Ганбатыг амлаж, у.з Д.Сумъяабазар, А.Сүхбат нар тунан барилдсан билээ. Гэвч гарьд маань Б.Гантогтох (у.г)-д өвдөг шороодсон юм. Уг наадмын 8-ын даваанд дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Гантогтохыг амлан барилдалгүй тахимаа өгөн түүнийг тунаанаас гаргаж өгсөн бөгөөд 2 залуу заан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдав. Тэргүүн байрын төлөө заан Б.Гантогтох, А.Сүхбат нар хүч үзэн барилдсан бөгөөд А.Сүхбат 9 даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн түүхтэй.

Бөх сонирхогчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд тухайн цагт ид барилдаж байсан шилдэг 6 заанаас Ц.Цэрэнпунцаг зааныг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж үнэлж байв... Заан цолонд түрүүлж хүрснээр нь ч, барилдааны туршлага, амжилтаараа нь ч тэгж дүгнэхэд хангалттай биз ээ...


2004.06.30-нд улсын заан Цэдэндамбын Цэрэнпунцагт Монгол улсын ерөнхйилөгч Н.Багабандийн зарлигаар Монгол улсын Гарьд цол олгосон билээ.

Тэрээр ид сайн барилдаж байсан 1995 (АНУ-д сурч байсан), 2002 онуудад барилдаагүй юм. 2005 оны АХ-ын 84 жилийн ойгоор барилдан 3-ын даваанд залуу бөх Э.Элбэгбаяр /а.н/-т өвдөг шороодов... Уг барилдаан нь хүндэт харуулын цэрэгт тулан, улмаар гарьд өвдөг шороодсон бөгөөд засуул, хөлийн цэцдийн шийдвэрээр 2 бөхийг дахин барилдуулах шийдвэрийг гаргасан. Гэвч гарьд маань гудигч үгүй элэг бүсээ тайлан тахимаа өгсөн юм. Гарьдын энэ шийдвэрийг хөлийн цэцүүд цэцийн шийдвэр үл хүндэтгэсэн гэж зэмлэж, олон бөх сонирхогч, түүнийг дэмжигчид харамсан үлдсэн наадам саяхан…

Ийнхүү Ардын хувьсгалын ойн жилүүд, Монгол түмний үндэсний их баяр наадамд 2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав давж, нийтдээ 10 удаа шөвгөрсөн бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клубын тамирчин, Монгол улсын уран барилдаант, хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг билээ.

Тэрвээр Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ харгүй, үнэнч шударга, бяр хүчийг үзсэн уран сайхан барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан үнэн хүчит бөх өө...

Бөхийг сонирхон шимтэгч, үзэгч, дэмжигч Би бээр Хүчит гарьдын тухайд өөрийн мэдэхийг товчхон төдийд өгүүлэхэд ийн бөлгөө…

/Жич: Энэхүү товч танилцуулга нь анх 2008-04-17 15:10:35-д jalkhanz.bblog.mn /Ялгуусны харшийн орой/-д нийтлэгдсэн болно. Энд нэмж засварлан бичив./

3 comments:

  1. 1. уншигч (зочин) | 2008-04-17 18:39:42
    үнэхээр сайн бөх шүү. Жинхэнэ ард түмний хайрыг хүлээсэн бөх дөө. Жаахан эрт л барилдахаа больсон доо. Аргагүй юм байхаа даа, одоо бол том бизнесмен шүү дээ!!
    2. doko (зочин) | 2008-04-17 18:49:15
    сайхан блог нээсэн байна шүү миний найз. Бид энэ сайхан нутгаас гарсан гэдгээрээ байнга бахараж явдаг шүү
    Илүү их нутгийнхаа тухай гаргаарай амжилт хүсье!
    3. mtvn (зочин) | 2008-04-18 11:51:09
    amjilt husiye
    4. САЙХАН САНАА | 2008-04-18 12:08:42
    өө их сайхан мэдээлэл байна.. баярлалаа...
    5. jalkhanz | 2008-04-18 13:55:42
    doko-d: өө их баярлалаа хө. Үзэж сонирхож байгаарай. Бас нийт сэтгэгдэл үлдээсэн болон, үзэж сонирхсон зочиддоо баярлалаа...
    6. batkhuyag (зочин) | 2008-05-05 04:32:37
    hi sonin yu bna.bblogiiig chini say luzej sonirhoj bna davgui yum bna.hezee yvah gej bna.
    7. erhtsas | 2008-05-07 18:28:59
    Миний хайртай бөх байгаам ш дээ,учир нь найз залуутай минь үнэхээр их адилхан тэгээд л өөрийн эрхгүй хүндлэж хайрлах болсон. Сайн ч бас сайхан ч хүн.
    9. Noble (зочин) | 2008-09-04 18:14:24
    Uneheer meduushtei chuhal medeelel bna,bayarlalaa! Dahiad iim saihan iireg medeelliig niitelehiig husie.
    10. jalkhanz | 2010-01-07 22:47:02
    Энэхүү нийтлэл нь www.hiimori.mn -ий Гарьд Магнай буланд 2009,12,31нд нийтлэгдсэн болно
    11. jalkhanz | 2010-01-07 23:56:37
    Миний бичсэн Энэхүү нийтлэл нь www.hiimori.mn -ий Гарьд Магнай буланд 2009,12,31нд нийтлэгдсэн болно

    ReplyDelete
  2. Jalkhanz.bblog.mn-d bichigdsen setgedliig uldeew,,,

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Жалханз хутагтын нэрээр үүсгэн байгуулсан энэ сайхан блогийн чинь цаашдын ажилд амжилт хүсье! Миний чин зүрхнээсээ хүндлэн биширч, мэдээ орсон цагаасаа барилдааныг нь үзэн баясаж, Монгол бөхийн гайхамшгийг тэр хүний шулуун шударга, дайчин эрэмгий барилдаанаас үзэж өссөн билээ. Цагаанчулуут нутгийн минь бахархалт нэгэн ах таныхаа амьдрал, ажил төрөлд нь хамгийн сайн сайхныг хүсэж байна.

    ReplyDelete