Showing posts with label Зохист аялгуун. Show all posts
Showing posts with label Зохист аялгуун. Show all posts

Saturday, February 13, 2016

“Болор цом-33” наадмын Тэргүүн байрт шалгарсан шүлэг

Цэвэг-Очирын Эрдэнэбаатар /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/

СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг
Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад
Хулчгар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов
Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов...
Ашгүй минь...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдлэхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах
Таана ханхалсан талдаа тааваараа амьдрахаар
Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-аас алдуурч
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно.

Friday, June 28, 2013

Содномдорж харцагад

Уйлган голын гурван аваргын
Угсааг залгах Содном харцага
Улсын наадам, даншигийн чимэг
Уран гоёмсог мэхний эзэн
Тэвхгэр сайхан цээж юугаан төвхийлгөж
Тэнхээт сайхан гар юугаан сунгаж дэвсээр
Залуу харцага бөхийн өргөөнд гарлаа
Залуухан хүүхнүүд шүүрс алдаад шивнэлдлээ.
Бэлтгэл яаж хийдгийг бие нь гэрчилнэ, бэлхнээ
Бэргэж хэзээ ч барилдаагүй, цол нь гэрчилнэ, илхнээ.
Шуудагны барьц өгч азаа турших хэрэггүй
Шуудхан шахаад аваад явчихна цаа чинь
Шуундаа ч бяртай даа, бяртай харцага
Шулуухан хэлэхэд илүү дээ, илүү Содномдорж
Тойрч барилдаад,зугтана гэж бодоо юу
Тойгдох мэх гэж бас бий Содномд
Давуулбал сэгийтэл өргөөд тавьчихна
Давбал сэвхийтэл гүйгээд явчихна
Заалны барилдаанд харцага сайн л даа
Зааны даваанд л ирэх жил харна даа
Залуу заан Цэдэвийн Содномдорж
Aрслангийн даваанд гарахад
Засуул нь ханарч цэнгэлдэх шуугиад
Aваргын сүртэй харагдана аа.

Хар бүргэд овогт Гэрэлхүүгийн Нармандах
2012 оны 4 дүгээр сар 11

Wednesday, November 02, 2011

Төгөлдөр их Монгол бөх

Төгөлдөр их Монгол бөх

Шүлэг: МУСГЗ Д.Данзан., Ая: Д.Цэрэндондов
Дуучин: Х.Батмэнд

Зодог шуудаг, малгай гутал нь
Ургаж зохиод урлагийн дээж ээ
Жудаг чанар, журам жаяг нь
Ухаан тэлээд эрхмийн дээд ээ
Гараа, дэвээ, шаваа, өрөө нь
Гарьд, шонхор, арслан, барс аа
Даваа, дэвээ, тахим ёс нь
Дайчин баатар дотно нөхөр өө

Түүхэн мянгануудыг өртөөлж туулсан
Төгөлдөр их монгол бөх мөнх настай
Төр түмнийхээ цэнгэлийг манлайлсан
Түвшин саруул бөхчүүд минь энх амгалан
Төгөлдөр их монгол бөх өө
Төгөлдөр их монгол бөх өө

Угсраа, хариу, дархан мэх нь
Ундарч нэмээд уран сүлжээ
Уналаа ч хаялаа ч даруухан зан нь
Учиг тайлаад уян дөлгөөн
Алдар цол гуншин чимэг нь
Алсарч дуурсаад уянга найраг аа
Авхаалж самбаа золбоо хийморь нь
Асаж бадраад босоо заяатай

Түүхэн мянгануудыг өртөөлж туулсан
Төгөлдөр их монгол бөх мөнх настай
Төр түмнийхээ цэнгэлийг манлайлсан
Түвшин саруул бөхчүүд минь энх амгалан
Төгөлдөр их монгол бөх өө
Төгөлдөр их монгол бөх өө
Төгөлдөр их монгол бөхчүүд ээ

Wednesday, July 06, 2011

Хорвоо уужим даа хө

Идэрийн Жаргалсайхан асрын өмнө гарлаа

Их өнгөтэй харагдана гэж наадамч олон шагшина

Энэ жил гарцаагүй начин болно оо гэлцэнэ

Ээ, аягүй бол цаадах чинь начнаар тогтохгүй л болцгооно

Учраа бөхөө тосоод Жагаа минь золгоно

Ухасхийн буцахынх нь тоолонд олны сэтгэл буцална

Тунарсан, манарсан тоос замхарч амжаагүй байхад

Тунасан хоёрын нэг нь тугаа тойрч харагдана

Аймгийн арслан Жаргалсайхан буцаад алхаж үзэгдэнэ

Арай жаахан яарчихлаа гэж хэн нэгэн халаглана

Аз баахан дутлаа гэж энд тэндгүй ярилцана

Зүлэг ногоон дэвжээнээ тавын давааг ханаруулах нь байтугай

Зүүдэн дундаа барилдаад тав давсан нь хэд байдаг юм

Зүүж л амжаагүй болохоос начны энтэй арслангаас

Зүүний магнай жийрхээд амлаагүйг хараагүй нь хэн байгаа юм

Цолны үзүүрээс атгаж үзсэн

Цолтны даваанд дэвж үзсэн

Аймгийн наадмын зүүний магнай

Алсдаа цолоо зүүх манлай

Завханы Жагаа залуухан байна аа

Замын хүзүү урт хорвоо

Наадам дахиад болно оо, Жаргалсайхаан...

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Чулуунбатын Алтантүлхүүр