Showing posts with label "Ба бүрний багш"-ийн сургаал. Show all posts
Showing posts with label "Ба бүрний багш"-ийн сургаал. Show all posts

Tuesday, April 19, 2011

“Аврал одуулах” хэмээхийн учир...

Аврал гурван эрдэнийг тахиваас сайн буян хурах

Амьтны амийг аварваас насны хишиг хурах

Ачит эцэг, эхээ хүндэлвээс амар жаргал хурах

Адаг доордсыг асарваас аугаа хүчин хурах

“Авах гээхийн дөрвөн мөрт- шүлгээс...

Sunday, April 17, 2011

“Чухаг дээд гурав”...

“Гончогсүм” гэдэг нь “Чухаг дээд гурав” хэмээсэн утгатай түвд үг юм. Санскрит хэлээр бол “Трирадна” буюу “Гурван эрдэнэ” гэдэг.

Тэрхүү “Гурван эрдэнэ” буюу “Чухаг дээд гурав” нь бурхан, ном, хувраг эдгээр болно. Санскрит хэлээр “буддха, дхарма, сангха”; түвд хэлээр “санжай, чой, гэндүн” хэмээдэг.

Saturday, April 09, 2011

“Бурханы шашин”...

Монгол бичгийн хэлэнд “шашин”, ярианы хэлэнд “шажин” хэмээгддэг энэхүү үг нь эртний Энэтхэгийн санскрит (самгард) хэлний “шасана” (sasana) гэсэн үгнээс гаралтай. “Шасана” нь “зарлиг айлдал, сургаал номлол, заах сургах” гэсэн утгатай бөгөөд “сонсох, санах, бясалгахын хүчээр гэм бүхнийг тэвчиж эрдэм бүхнийг төгссөн Бурхан, түүний шавь нарын сургаал номлол” хэмээн тодорхойлсон байдаг.

МЭӨ I зууны үед амьдарч байсан Ромын төрийн зүтгэлтэн Цицерон “Бурхадын утга учир” зохиолдоо ромчууд тахил шүтээний ёсоо “шашин” хэмээн нэрлэж байсныг онцлон дурдсан нь буй. Түүнчлэн МЭ I зууны үед христосын ёсон үүсэхдээ ромчуудын энэхүү үгийг бусад сүсэглэлээс ялган хэрэглэх болсон. МЭ IV зууны үед христосын сүм хийдийн эцэг хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн Августин /254-430/ хүнийг ертөнцийн эзэнтэй холбох сургаалын цогцыг шашин мөн хэмээн томъёолсон бөгөөд ийнхүү “шашин” хэмээх утгаар шүтэн бишрэхүйн ёсон европ дахинаа үүссэн дэлгэрсэн.

“Бурхан”...

Эртний Энэтхэгийн санскрит (самгард) хэлний “буддха” хэмээх үг нь өнө эрт үеэс эхлэн Монгол хэлэнд орж, дуудлага сунжирсаар “Бурхан” гэх монгол хэлний үг болтлоо идээшсэн аж...

Монгол хэлний “Бурхан” хэмээх үг нь “сэрсэн, дэлгэрсэн, гэгээрсэн, ухаарсан” зэрэг утгыг илэрхийлдэг. Түвд хэлэнд “санжай” гэх бөгөөд “сан” (sangs) нь “сэрсэн, арилсан” гэх утгыг илэрхийлнэ. Бурхан бээр “мунхгийн харанхуй нойрноос сэрсэн, бие, хэл, сэтгэлийн гэм бүхнийг арилгасан”-ы тул тийн өгүүлжээ. “Жай” (rgyas) нь дэлгэрсэн” хэмээх үг бөгөөд Бурханы алдар нэрд орсон утга нь “мэдэгдэхүүн бүхэнд оюун нь дэлгэрсэн” буюу “эрдэм бүгдэд ухаан нь дэлгэрч төгс гэгээрсэн” учир энэ мэт нэрийдсэн ажгуу. Бурхан хэмээх үгийг бүрэлдүүлж байгаа “сэрсэн”, “дэлгэрсэн” хэмээх хоёр үг шууд утгаараа бол нойрноос сэрэх, түгэж дэлгэрэхийг хэлдэг бөгөөд Бурханы алдар нэрд орсон утга буюу шилжсэн утга нь нарийн утга учиртай буюу. Мунхгийн харанхуй нойрноос сэрж, бие, хэл, сэтгэлийнхээ гэм бүхнийг арилгаж, эш онолын эрдэм бүрд ухаан дэлгэрэн төгс гэгээрсэн бодгалийг Бурхан хэмээдэг болой.

Thursday, April 07, 2011

Дээрхийн Гэгээнтэн Далай Багш

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламтан (Тэнзин Гяцо) болбоос Түвдийн ард түмний төдийгүй дэлхийн олон сая хүмүүний оюун санааны их удирдагч билээ.

Далай багштан бээр билгийн тооллын XVI жарны модон гахай жил буюу 1935 он (7 сарын 6)-д Түвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх жижигхэн тосгонд тариачны гэр бүлд мэндэлсэн бөлгөө...

Түүнийг хоёр настайд нь Түвдийн бурханы шашны уламжлалын дагууд XIII Далай лам /Түвдэнжамц/-ын хойт дүрээр тодруулсан бөгөөд Далай лам нь Энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешвара (Жанрайсаг)-гийн хувилсан дүр мөн хэмээгддэг билээ.

Tuesday, November 09, 2010

Номд суралцагчийн анхааран авахуйн сургааль оршивой

Хэн дор хичээл буй түүн дор эрдэм буй

Хэн дор эрдэм буй түүн дор тус буй

Номын ухаанаа шамдан суралцагч хэн бээрт анхааран авч түүнээ дээдлэн мөрдөхүйн сургааль, замнал байдаг ажгуу. Эл анхааран авахуй нь Богд Зонхава /Лувсандагва/-ын “Гурван төрөлхийтний анхааран авахуйн бодь мөрийн зэрэг хэмээгдэх оршивой” хэмээх алдарт сударт тэмдэглэгдэн үлдсэн буй.

Номын ухаанаа зорчигч хэн бээр анханд “Савтын гурван гэм”-ийг тэвчин, “Зургаан хуран мэдэл”-ийг үүсгэж, “Гурван бэлгэ чанар”-ыг төрүүлж байж сая түүнээ суралцахуйн үүд нээгдэх учиртай аж.

“Савт” хэмээгчээр хүмүүний оюуныг үлгэрлээд, доорхийг тэвчихийг өгүүлжээ. Үүнд:

1. Савын ам доошоо харсан /Үлгэрлэхүл, хэдүй гайхамшигт нугуудыг өгүүлэн үйлдсэн ч тэр нугууд доош харсан савнаа үл орох болой/

2. Ариун бус сав / Үлгэрлэхүл, мөн дээрхийг өгүүлэн үйлдсэн ч бохир савнаа орон ээдэн, гашлахын учир тус эсийг олмой/

3. Ёрөөл нь цоорхой сав / Үлгэрлэхүл, Монголчуудын аман зарлигт өгүүлдэгчлэн үнэт сайхан сургааль, ховор ном нугууд байсан ч баруун чихээр орон зүүнээр гарахын үлгэртэй агаар нэгэн болой/

Номноо шамдан суралцагч бээр дээрхийг буюу “Савтын гурван гэм” хэмээхүйг тэвчин үйлдэхүйн учир ийн буюу.

Номд суралцагч бээр дээрхийг тэвчин үйлдсэн аваас “Зургаан хуран мэдэл”-ийг үүсгэх учиртай. Үүнд:

1. Өөрийгөө өвчтөн мэтийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Миний оюун нь мунхаг болой, ихийг үл мэдэх болой хэмээхүй/

2. Ном өгүүлэгчийг эмч мэтийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Багштан нь амьдралыг тэтгэгч, бүхий л амьдралын эх булаг болой хэмээхүй/

3. Шашин эм мэтийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, эм өвчнийг эдгээхийн адил багш шавийг гэгээрүүлэх увидастай амой хэмээхүй/

4. Шамдан анхааран аваад өвчтөн эдгэрэхийн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Шавь бээр багшдаа итгэн номноо дурлаваас гэгээрэхүй болой/

5. Түүнчлэн ирснийг төрөлхийтний дээд хэмээн үзэхүйн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Шинжлэх ухаанаа шамдан түүний эш онолыг эзэмшсэн багштан бээр бусдаас илүү болой (Жич: энэ нь Бурхан багшийг хэлж буй...)/

6. Номын ёсон өнөд удаан оршихуйн хуран мэдлийг үүсгэх /Зүйрлэхүл, Шамдан суралцсан шинжлэх ухаан нь хэзээд улам улмаар хөгжихүй болой (Жич: энэ нь Бурханы шашныг хэлж буй...)/

Номын ухаанаа суралцагч бээр савтын гурван гэмийг тэвчин, зургаан хуран мэдлийг үүсгэсэн аваас “Гурван бэлгэ чанар”-ыг төрүүлэх учиртай. Үүнд:

1. Тэгш орох /Тодруулахул, Номонд алагчлалгүй сэтгэлээр хандах. Энэ нь хэрэгтэй, тэр нь хэрэггүй хэмээхээс ангижрах сэтгэл болой/

2. Оюун төгөлдөр /Тодруулахул, Юмсын мөн чанарыг ухаарахуй, Авах гээхийн ухаанаар шинжихүй болой/

3. Тусад хэрэглэгч /Тодруулахул, Номонд шамдсан аваас түүнээ дурлахуй болой/

Эл бүхэн нь хэдүй Бурханы сургаальд суралцагчийн анхааран авахуй боловч шинжлэх ухаанаа суралцагч хэн бээрт анхаармаар, суралцмаар, хэрэгжүүлмээр эш онол буйг сонирхон уншигч нугууд бээр дор бүрнээ авах гээхийн ухаанаар шүүн тунгаах буй заа.

Номыг дагавал харанхуй агуйд бамбар асааж

орсон хүнтэй адил буюу. Түнэр харанхуй сарнин

замхарч эргэн тойронд гэрэл гэгээ түгнэ.

/Бурхан багшийн сургаалиас/

/Жич: Энэхүү нийтлэл нь анх 2008-05-10 11:22:33 jalkhanz.bblog.mn /Ялгуусны харшийн орой/-д нийтлэгдсэн болно. Энд нэмж засварлан бичив./