Showing posts with label Бөхийн танилцуулга. Show all posts
Showing posts with label Бөхийн танилцуулга. Show all posts

Monday, March 06, 2023

ИХ БӨХ “ЦЭРГИЙН” ХЭМЭЭХ ШАГЖ АВАРГА

Сайн ноён аймгийн Баатар ван /Бирваарагчаа бэйс/-ийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяаны бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг ахар богино хугацаанд эзэгнэн барилдаж явсан эгэлгүй их хүчтэн...

Тэрээр 1903 /1897 онд төрсөн гэх нь ч бий/ оны туулай жил Өвөр туужуутын өвөлжөөнд Хөх хэмээх Санжмятавын 5 дахь хүү болон мэндэлсэн байна.

Шагж нь 1927 онд найм даван их шөвөгт, 1928, 1929 онд ес даван үзүүрлэж, 1930 онд арав даван түрүүлсэн гэх мэдээ нэлээдгүй түгээмэл байв. Хоёр жил дараалан үзүүрлэхэд нь арслан цол олгоогүй, түрүүлэхэд нь сая арслан цол олгосон гэх нь ч бий. Чухам дээрх ном зохиолуудад түүнийг арслан гэж тодотгон бичсэн ч “Шагж Аварга” хэмээн нутгийн олон нь дууддаг байсан, эртний ном зохиолуудад мөн тэгж бичсэн, Аварга цолны болзлыг бүрнээ биелүүлсэн гэж нэмж тайлбарласан байх...

Бөх судлаач Б.Цогтбаатар “Буур Н.Жамъян аварга завсаргүй 3 жил түрүүлээгүй хэмээх өгүүлэлдээ: С.Шагж 1927, 1929 онд үзүүрлэж, 1928 онд их шөвөгт үлдсэн /энэ бөх 1930 онд арслан цолтой барилдаж түрүүлсэн болохоор арслан уу, аварга уу гэдэг эргэлзээтэй/ хэмээжээ. Үүнийг тодруулахул: 

1927 он: Энэ наадамд улсын заан Мээтэн Аюур 10 давж түрүүлэн арслан, мөн Цэргийн Шагж 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн байна. Үүнийг нотлох баримт нь 1928 оны улсын наадмын 3,4,5-ын давааны дүйзээс үзэхэд харагдана. Тухайлбал: “Бага хурлын дарга таны Шагж арслан, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Аюур арслан” гэж наадмын бөхийн оноо дансанд бичигдэн ам авч барилдсан байна. /Ардын цэрэг сонин. 1928 оны 8-р сарын 24. №20/ ИНГЭХЭЭР 1927 ОНД УЛСЫН АРСЛАН ЦОЛОНД ХҮРСЭН БАЙНА. 

1928 он: Энэ жилийн Улсын ба Цэргийн их наадмыг 7-р сарын 30-аас эхлэн 6 өдөр үйлдэж тараасан... Есийг давж түрүүлсэн бөх Цэцэрлэгмандал аймгийн Чандмань-Өлзийтийн хошууны бөх буур Жамьян. Жич: Наймыг давсан бөх Аюур, долоог давсан бөх ШАГЖ, Банзар нар болой. /Үнэн сонин. 1928 оны 8-р сарын 13. №32/

1929 он: Бөх зургаан зуугаас түрүүлсэн бөх Цэргийн 2-р хорооны Банзар заан /Үнэн сонин. 1929 оны 8-р сар. №41/.

Банзар арслан: 1929 оны улсын наадамд Архангай аймгийн Ихтамир сумын Лундаажанцан арсланг есийн даваанд, ЗАВХАНЫ ШАГЖИЙГ арвын даваанд хаяад түрүүлж байхад Вандан аварга дөрөвт үлдээд нутгаас сайн бөх төрлөө гээд улаан торгон шуудгаа баярласандаа надад өгсөн юм. /Спортын мэдээ. 1977 он. №51/

1930 он: Сүүлийн 4 бөх нь: Цэргийн Банзар арслан, мөн Шагж арслан, мөн Дэндэв, Богд ханы Чимэд нар үлдсэн бөгөөд Шагж Чимэдийг, Банзар Дэндэвийг унагаад хоёулаа үлдсэнд ШАГЖ ТҮРҮҮЛЖ, Банзар үзүүрт оржээ. /Залуучуудын үнэн. 1930 оны 9-р сарын 6. №15/ Ингэхээр 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж АВАРГА цолонд хүрсэн байна.

Ер нь арслан цолтой бөх түрүүлэх аваас Аварга цолонд хүрдэг Монгол бөхийн ёсон /дүрэм/ буй. Жишээлэн өгүүлэхүл:

Ардын засгийн анхны наадамд буюу 1925 онд Босоо Самдан арслан цолтой барилдан 10 давж улсад анх удаа түрүүлэн аварга болсон бол энэ наадмаар 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн Буур Жамьян хойтон жил нь буюу 1926 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга болж байжээ. Түүнчлэн Б.Түвдэндорж арслан цолтойгоор 1941 онд 9 давж түрүүлэн аварга, Ц.Чимэд-Очир арслан цолтойгоор 1946 онд 9 давж үзүүрлэн аварга, Ж.Цэвээнравдан арслан цолтойгоор 1951 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга, Д.Сумъяабазар гарьд цолгойгоор 2006 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн арслан, аварга цолонд хүрсэн... (Тод: “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан /7.1.5/, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга /7.1.6/, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно /7.2/)

Шагж бээр 1931 оны улсын наадамд барилдсан бол улсын Аварга цолтой барилдах байсан нь дээрх баримтаас тодорхой харагдаж байна. Харин Шагж бээр 1930 оноос хойш улсын наадамд барилдаагүй байна (барилдсан гэх мэдээ алга). Улсын наадамд дөрөвхөн удаа барилдахдаа ийнхүү гайхамшигт гэмээр амжилтыг үзүүлсэн эгэлгүй их хүчтэн бөлгөө.

Энэ цагт их бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагжийн Аварга цолыг нөхөн олгох бус, угаас авсан Аварга цолыг тодотгон сэргээж, хойшид Монгол бөхийн түүхнээ “ШАГЖ АВАРГА” хэмээн албан ёсоор нэрлэн явах нь зүйд нийцэх болой.

Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч

Г.Мягмарсүрэн (2011.01.01)

Sunday, December 04, 2011

Монгол улсын гарьд Махгалын БАЯРЖАВХЛАН

ТЕГ-ын "Эрч" СХ-ны бөх, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх, үнэн зоригт, саруул сайжрах гарьд Баяржавхлан нь 1978.06.18-нд Завхан аймгийн Нөмрөг суманд малчин ард Махгалын отгон хүү нь болон мэндэлсэн.

Friday, September 30, 2011

“Ард түмний аварга” улсын шинэ залуу заан Ч.Санжаадамба

Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА нь 1985.12.30-нд төрсөн. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК, “Ажнай корпораци”-ийн бөх.

2006 онд Дорноговь аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин.

2008 онд Бүх цэргийн баяр наадамд түрүүлж цэргийн арслан, 2010 онд дахин түрүүлж хурц арслан чимэг нэмсэн.

2011 оны түүхэн ойн наадамд 7 давж Монгол улсын заан цолонд хүрсэн.

Монгол туургатны үндэсний бөхийн наадамд 3 дараалан түрүүлсэн, тус наадмын аварга.

МУГТ, далай даян аварга А.Сүхбатын “Ирээдүйн бөхийн аварга” шагналт.

Монгол бөхийг дэлхийн дээд амжилт “Гиннесийн ном”-д бүртгүүлэх 6016 бөхийн барилдаанд 13 даван түрүүлж “Ард түмний аварга” хэмээх алдраар овоглогдсон.

Ийнхүү энэ цагт Монгол бөхийн өнгийг тодорхойлж буй хүчтэнүүдийн нэг, “Аварга” хэмээх алдраар шууд биш боловч байнга цоллуулж буй шинэ залуу заанд АВАРГА цол хэр ойр байгаа бол...?

“Ард түмний аварга”, улсын шинэ залуу заан Ч.Санжаадамбын 2010 оноос хойших барилдааны амжилтыг өөрийн архивт буй мэдээнд тулгуурлан дурдахул:

1. “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” аймаг, цэргийн 256 /2010.01.10/ Түрүүлсэн

2. “Шинэ үндсэн хууль батлагдсаны 18 жил” улс, аймгийн 128 /2010.01.13/ Түрүүлсэн

3. “Хэнтий аймгийн ҮБХ байгуулагдсаны 20 жил” улс, аймгийн 128 /Хэнтий аймаг: 2010.01.16/ Түрүүлсэн

4. “Харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх” улс, аймгийн 128 /2010.01.24/ 2 давж, а.а Б.Сангисүрэн /у.н/-д өвдөг шороодсон.

5. “Майдар бурхны авшиг түгээх баяр буюу XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр барс жилийн сар шинийн баяр” аймаг, цэргийн 256 /2010.02.12/ Түрүүлсэн

6. “XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр барс жилийн сар шинийн баяр” улс, аймгийн 256 /2010.02.13/ Түрүүлсэн

7. “Тавантолгой транс компанийн нэрэмжит Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн дурсгалд” аймаг, цэргийн 256 /2010.02.22/ Түрүүлсэн

8. “Бүх цэргийн наадам” аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд 256 /2010.05.23/ Түрүүлсэн

9. “Монгол Улсын нисэх хүчний өдөр, Монгол улсын аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх” улс, аймгийн 128 /2010.05.28/ Түрүүлсэн

10. “Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-3” улс, аймгийн 256 /2010.06.06/ 4 давж, у.н Содномдорж /у.х/-д өвдөг шороодсон.

11. “Их Монгол Улс байгуулсны 804, АХ-ын 89 жил” хүчит 512 /2010.11-12/ 3 давж, у.н Д.Лхагвадоржид өвдөг шороодсон.

12. “Монгол туургатны үндэсний бөхийн III наадам” /Буриад: 2010.07.15-17/ Түрүүлсэн (жич: 2009.04.24-29-нд УБ хотод болсон анхны наадам, 2009.08.04-07-нд Өвөр Монголын Шилийн гол аймагт болсон 2-р наадамд тус тус түрүүлсэн)

13. “Туушин” компаний 20 жил” улс, аймгийн 128 /2010.08.28/ 4 давж, у.н Д.Лхагвадоржид өвдөг шороодсон.

14. “2010-2011 оны намрын улирлын нээлт” улс, аймгийн 128 /2010.09 сар/ Түрүүлсэн

15. “Монгол Ардын Намын XXVI их хурлын” улс, аймгийн 128 /2010.11.06/ 3 давж, у.н Д.Лхагвадоржид өвдөг шороодсон.

16. “Начин цолны хүндэтгэлийн” улс, аймгийн 128 /2011.11.14/ Үзүүрлэсэн, у.х Л.Пүрэвжавт өвдөг шороодсон.

17. “Бүртгэлийн байгууллага үүссэний 70 жил” улс, аймгийн 128 /2011.11.21/ Үзүүрлэсэн, у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/-д өвдөг шороодсон.

18. “БНУ-ыг тунхагласны 86 жил” улс, аймгийн 128 /2011.11.26/ Түрүүлсэн

19. “МҮБХ-ны 20 жил” улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 512 /2011.12.04-05/ Түрүүлсэн

20. “XVII жарны "Илжиг" цагаагчин, төмөр туулай жилийн сар шинийн баяр” улс, аймгийн 256 /2011.02.02/ 5 давж, а.а Ж.Чулуунбат /у.н/-д өвдөг шороодсон.

21. “Казах түмний Наурызын баяр улс, аймгийн 128 /2011.03.18/ Түрүүлсэн

22. “Сонгино хайрханы хишиг барилдаан-4” улс, аймгийн 256 /2011.04.10/ 2 давж, а.а Л.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

23. “Аваргуудын баяр” улс, аймгийн 128 /2011.02.27/ 4 давж, у.х С.Мөнхбат /у.ав/-д өвдөг шороодсон.

24. “Эрдэнэт хотын 35 жил улс, аймгийн 128 /2011.05.28/ Түрүүлсэн

25. “Дэмүүл арслангийн нэрэмжит” улс, аймгийн 128 /2011.05.31/ 5 давж, у.з М.Өсөхбаярт өвдөг шороодсон.

26. “Мөнхийн үсэг” группын 20 жил” улс, аймгийн 128 /2011.06.11/ 4 давж, а.з Т.Баасанхүүд өвдөг шороодсон.

27. “АЦЦБЗБ-ийн 2010-2011 оны хаалт 256 /2011.06.12/ Түрүүлсэн

Дээрхи баримтаас харахад, нийт 27 барилдааны 17-д нь тэргүүн байр булаалдаж 15 удаа түрүү бөхөөр тодорсон байна.

Харин бусад барилдаанд, у.н Д.Лхагвадоржид 3, у.ав С.Мөнхбат (жич: улсын наадмыг оруулаад 2), у.з М.Өсөхбаяр, у.х Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, у.н Б.Сангисүрэн, Ж.Чулуунбат, а.а Л.Цэрэнтогтох , а.з Т.Баасанхүү нарт тус бүр 1 удаа өвдөг шорооджээ.

Wednesday, July 13, 2011

Улсын цол хүртсэн болон цол нэмсэн хүчтэнүүд


Улсын начин цол хүртсэн:
1. Цэдэнбазарын ОДБАЯР: 1987 онд төрсөн. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0167-р анги, Ажнай СХ, “ОБ капитал” группын бөх.

2. Жаргалсайханы Чулуунбат: 1984 онд төрсөн. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, “Ламын гэгээний хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нармон” ХХК-ийн бөх, Чөлөөт бөхийн ОУХМ.

3. Чулуунбатын Цогбаяр: 1985 онд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, ДЦ-ийн 805-р хороо, Сүлд СХ, “Гарьд зам” ХХК-ийн бөх.

4. Батзоригийн БАТМӨНХ: 1985 онд төрсөн. Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 461-р анги, ИНЕГ-ын бөх.

5. Баатарын Амарзаяа: 1987 онд төрсөн. Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Делта констракшн” ХХК-ийн бөх.

6. Амарын Батмөнх: 1989 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, 443-р анги, “Харгант цамхаг” ХХК-ийн бөх.

7. Баатарын СумъяА: 1980 онд төрсөн. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Ажнай СХ, “Таван толгой транс” ХХК-ийн бөх.

8. Батнасангийн ГОНЧИГДАМБА: 1985 онд төрсөн. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх.

9. Батмөнхийн САНГИСҮРЭН: 1986 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Макс” группын бөх.

10. Сүхбаатарын БАТСУУРЬ: 1982 онд төрсөн. Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийгмийн хэв журмыг хамгаалах газар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн бөх.

11. Ширбазарын Жаргалсайхан: 1982 онд төрсөн. Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ, ЧД-ийн ЦХ, “Шинэ-Азиа” группын бөх.

12. Маналсүрэнгийн ЭРДЭНЭБАТ: 1982 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн бөх.

13. Саруултуяагийн БАГАХҮҮ: 1982 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0129-р анги, “Алтайн эрин сан”, “Тайгам Алтай” ХХК-ийн бөх.

Улсын харцага цол хүртсэн:
1. Ганбатын Алтангэрэл: 1983 онд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Төмөр замын цагдаагийн хэлтэс”, “Гарьд зам” ХХК-ийн бөх.

2. Цэдэвийн СОДНОМДОРЖ: 1986 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх.

3. Алтанбаганын ЦАЦАБШИР: 1984 онд төрсөн. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын хүчтэн” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар”-ын бөх.

4. Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ: 1981 онд төрсөн. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 0189-р анги, “Ноёд” группын бөх.

Улсын заан цол хүртсэн:
1. Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА: 1985 онд төрсөн. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК, “Ажнай корпораци”-ийн бөх.
2. Дашзэвэгийн БААСАНДОРЖ: 1979 онд төрсөн. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булган хангай” бөхийн дэвжээ, Хичлин СХ, ХЦ-ийн 0108-р ангийн бөх.

Улсын гарьд цол хүртсэн:
1. Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ: 1986 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0131-р анги, “Алтай констракшн” ХХК-ийн бөх.
2. Махгалын Баяржавхлан: 1978 онд төрсөн. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, ТЕГ-ын Эрч СХ-ны бөх.

Улсын АРСЛАН цол хүртсэн:

1. Гунаажавын ЭРХЭМБАЯР: 1978 онд төрсөн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Ноёд” группын бөх.

Улсын АВАРГА цол хүртсэн:
1. Сүхбаатарын МӨНХБАТ: 1984 онд төрсөн. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Хилийн цэргийн 0311-р анги, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх.